Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 131 нь одоогоор шалгагдаж байна.
Шүүхээр шийдвэр гаргуулахаар шилжүүлсэн 21 гомдол байгаа бол зөрчил гаргасан этгээд нь насанд хүрээгүй гэсэн 4 гомдол гарчээ.
Нийт гомдлын 85 хувийг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэсэн бол үлдсэн 15 хувийг орон нутагт шийдвэрлэсэн.
Нийт ирсэн гомдлын ихэнх хувийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүд сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болох, хүүхдүүд сурталчилгааны самбарыг урах зэрэг гомдол эзэлсэн.
Сонгуулийн сурталчилгаа удахгүй дуусах гэж байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруу зүйлд уриалахгүй, хуулийн хүрээнд илэрхийлэхийг анхааруулъя" гэлээ.
Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Дагвасүрэн "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа асуудлыг шалгуулахаар албан тоот ирүүлсэн.
Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон.
Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!