Богд Хааны Ордон Музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах гэж байна.
Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 18-ны өдөр дэлхийн даяар тэмдэглэж ирсэн бөгөөд манай оронд 1998 оноос эхлэн тэмдэглэж заншжээ. Энэхүү өдрийн сэдвийг Олон улсын музейн зөвлөл /International Council of museums - ICOM/ -өөс тодорхойлон чиглүүлдэг онцлогтой ба музейнүүд энэ өдөрт зориулан олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. 2017 оны хувьд “Музей ба ээдрээт түүх: нээлттэй ярилцъя” сэдэвтэй юм.
Богд Хааны Ордон Музей энэ өдрөөр Богд хааны 4 ордны нэг болох Хайстайн Лаврин буюу Улаан ордны тухай ээдрээт түүхийг хөндөх ба олон нийтэд орхигдуулж болшгүй энэ асуудлыг сануулахаар шийджээ.
Аливаа орны хүний хөгжил, ирээдүйн тайван амьдралын баталгаа нь урьд өнгөрсөн болон өнөө цагт ч түүхийн зөрчилтэй, маргаантай зүйлийг ил тод ярьж, шийдэлд хүрэх юм.
Богд хааны Хайстайн Лаврин нь VIII Богд Жавзандамба хутагтын үед XIX зууны эцэс, XX зууны эхэн үед Туул голын сав газар өндгөн сүргийн бэлчээр нутагт байгуулагдсан зуны ордон юм. Эрдмийн далай баян сүм буюу ард олны дунд Хайстай Лаврин, Хайлаастайн ордон гэх зэргээр нэрлэгддэг байсан уг ордон нь Богд Хааныг жанч халтал ихээхэн өргөжин тэлсээр байсан ажээ. Богд хаан 1924 онд жанч халснаар уг ордныг тухайн үеийн Намын дээд сургуулийн харьяанд шилжүүлсэн бөгөөд ихэнх барилгууд нь үгүй болжээ. “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” үзэсгэлэнгээс та бүхэн энэ ордны өнгөрсөн түүх, төрх хийгээд өнөө цагт хэрхэн оршин байгааг харах болно.
Түүх, соёлын дурсгалыг авран хамгаалахыг уриалж буй уг үзэсгэлэнг амтат кофегоор дайлахаар “Арума” ХХК, уран зураг үзэх боломжийг бүрдүүлэхээр “Wine & Canvas” Event, чадварлаг залуу уран бүтээлчдээ оролцуулахаар СУИС, ШУТИС, ИЗОУИС-ийн Уран зургийн тэнхим дэмжин ажиллаж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!