Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болов.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулсан юм.
Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол боллоо. Ёслолын эхэнд Дорнод аймгийн туг, сумдын тугийг театрын тайзнаа ёслол төгөлдөр залав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийн туганд Сүхбаатарын одонг хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Дорнод аймгийг одоогоос 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Ийнхүү өнөөдрөөс эхлэн тус аймаг Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Доронод аймаг хэмээн нэрлэгдэх боллоо.
Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт:
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгийн иргэдэд хандан талархал илэрхийлж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй мөн уулзалт, ярилцлага хийх юм. Дорнод аймагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид ажиллаж байна.