2017/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,445.66₮
B14
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-14°
|
-20°
19:00
S32
-14°
20:00
S44
-16°
21:00
S16
-16°
22:00
S16
-17°
23:00
S28
-18°
00:00
S44
-18°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-21°
05:00
S32
-22°
06:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн зарлигтай тэнгэрийн бичиг

ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян энэ удаад “Монгол хэмээх нэгэн нэр...” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа билээ. Иймээс ч Монголын медиа корпораци иргэдийг мэдээлэлжүүлэх үүднээс “Монгол хэл бичиг” гэсэн дэд сэдвийн хүрээнд өнгөрсөн 8 жилийн хугацаанд ямар өөрчлөлт, ямар ахиц гарав гэдгийг онцолж байна. Мөн энэ хүрээнд “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” гэсэн дэд сэдвүүдээр цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэх болно.

“Би Монголоороо гоёдог” хэмээсэн үгтэй нэгэн дуу бий. Түүн лүгээ адил сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд маань Монголоороо гоёдог болов. Монголоороо гоёдог гэж дуулах биш Монгол гэсэн бүхнээ эдэлж хэрэглэж, Монгол өв уламжлалаа, хэл, соёлоо өөртөө хадгалж, шингээж гоёдог болов. Үүний хамгийн тод жишээ нь найман настай балчраас эхлээд наян настай өтгөс хүртэл босоо монгол бичгээрээ гоёдог болсон явдал. Монгол бичгээ сурах гэсэн эрмэлзэл, босоо бичгээрээ харилцах гэсэн сонирхол хүн бүхэнд бий болжээ. Монгол бичгийн сургалтын төвүүд олширч, монгол бичгээрээ зөв сайхан бичиж, уншиж сурахаас гадна монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн охид хөвгүүд олширсоор байна.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Бичиг соёлын өдрөөр Сүхбаатарын  талбайд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын  төлөөлөл болсон 30 гаруй сурагч ахархан хугацааны дотор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг шад шадаар нь уран бичлэгээр тэрлэн олны нүд сэтгэлийг баясгаж байсныг санаж байна. Энэ үеэр 1080 сурагч босоо монгол бичгээрээ бийрийн хичээнгүй тигээр бичсэн сургаалын цоморлигоо дөрвөн шогол судар болгон эмхэлснээ Үндэсний төв номын сандаа өргөн барьж байсан билээ.

 

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэн, “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан зэргийг үзсэн хүний нүд баясч, сэтгэл сэргэн, монгол бичгээрээ бахархан омогшдог билээ. Сайхан бичигтнүүдийн тэргүүн байрыг мөн л өсвөр залуу үеийнхэн, өхөөрдөм бяцхан сурагчид эзэлдэг болсон нь нэн бахархалтай.

 

Ийнхүү монгол бичгээ сэргээн хэрэглэх хүсэл эрмэлзэл эрс нэмэгдсэн нь төрийн тэргүүнээс эхлээд төр засгийн байгууллагууд шат шатандаа анхаарч, дэмжсэний үр дүн билээ. Эдүгээгээс долоон жилийнх өмнө 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргаж байхад монгол бичиг ийм өргөн хүрээнд хэрэглээнд нэвтэрнэ гэдэгт эргэлзэх хүн байсан. Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу өнгөрсөн хугацаанд Монгол Улс гадаад харилцааныхаа албан бичиг захидлыг үндэсний монгол бичгээрээ илгээж нэгэнт хэвшсэн. Түүнчлэн төрийн нэрийн өмнөөс албан ёсоор олгодог төрсний болон гэрлэсний гэрчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын үнэмлэх, гэрчилгээ, дипломыг үндэсний бичгээрээ зэрэгцүүлэн бичиж олгох ажил жигдэрсэн билээ. Төрийн тэргүүний дээрх зарлигийн гол заалтууд 2015 онд УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хуульд ч бүрэн дүүрэн тусгалаа олсон. Ийнхүү хөх толботой бяцхан иргэдэд төрөөс хамгийн түрүүнд  олгодог албан гэрэгэ бичиг төрсний гэрчилгээг нь босоо монгол бичгээрээ бичдэг болсон нь сайхан хэрэг. Тэрчлэн дээд боловсрол эзэмшсэн залуус босоо монгол бичгээрээ тэрлэсэн гэрчилгээ, диплом гардан авахдаа давхар давхар баяр хөөр, омогшил төрдөг бизээ. Монгол Улсын гадаадад төлөөлөн очих албан бичигт алтан соёмбын дор тэнгэрийн босоо бичигээр тэрлэн үйлдсэнийг НҮБ-ын үндсэн таван хэлний аль нэгээр зэрэгцүүлэн орчуулж илгээдэг болсон. Энэ бол Монгол гэдэг улс өөрийн хэл, бичиг, соёлтой, тусгаар тогтносон бүрэн эрхт гүрэн гэдгийг улам тодотгон өгүүлж байгаа хэрэг билээ. Ерөнхийлөгчийн ганцхан зарлигийг тойрон ярихад ийм эерэг үр дүн, өөрчлөлтийг дурдаж болох юм. Монгол хэл, бичгээ эрхэмлэн дээдэлж, уламжлан хөгжүүлэх чиглэлээр өнөөгийн төрий тэргүүний гаргасан санал санаачилга энэ мэтчилэн олон бий. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг монгол туургатан дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлсэн юм. Үүний жишээгээр одоо төрийн болон төрийн бус олон байгууллага монгол бичгээр цахим хуудастай болж, үндэсний бичиг үсэг маань цахим орчин, мэдээллийн ертөнцөд хөл нийлүүлэн хөгжих боломж улам өргөжин тэлсээр байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнг таван жил зохион байгуулсан. 2011 онд анх уг үзэсгэлэнг гаргаж байх үед уран бичлэг буюу каллиграфийн урлаг манай мастер уран бүтээлчдийн түвшинд л байсан. Тэгвэл өдгөө энэ хүрээнээс хальж, хүн бүрийн хүртээл, эрдэм болон дэлгэрчээ. Үүний нэг жишээ нь өмнө өгүүлсэн сурагчдын уран бичлэгийн үзүүлбэр билээ. “Тэнгэрийн бичиг” үзэсгэлэн урлаг, уран сайхнаар дамжуулан үндэсний бичгээ сэргээн хөгжүүлж буй сайн жишээ болсон гэдгийг судлаачид, хэлний мэргэжилтнүүд онцолдог. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль бол гадаад хэлний сургалттай гэдгээрээ олонд танигдсан. Гэвч тус сургуулийн сурагчид гадаадын олон хэлийг сурахын зэрэгцээ эх хэлээ гарамгай эзэмших, монгол бичгээрээ сайхан бичих, уран бичлэгийг урлагийн түвшинд эзэмшихэд эн тэнцүү анхаардаг сайхан жишээ байна. Тус сургуулийн сурагчид Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өөрсдийн монгол бичгийн уран бичлэгийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай. Энэ бол монгол бичгийг дэмжих төрийн бодлогын үр дүн билээ.

Хэл, бичиг хоёрыг салгаж ойлгох аргагүй. Уламжлалт босоо монгол бичгээ эрхэмлэн дээдэлж, уламжлан хөгжүүлж, хэрэглээндээ нэвтрүүлэх нь монгол хэлээ хайрлан хамгаалах нэг гол арга зам билээ. Тиймээс монгол хэлний талаар өнөөгийн Ерөнхийлөгч олон санаачилга дэвшүүлж, зарлиг гаргасан. Тухайлбал төрийн тэргүүн 2015 оны 162 дугаар зарлигаараа Монголын эх түүх, хэл, соёлыг судлах, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж байхыг шинжлэх ухааны байгууллагуудад чиглэл болгосон юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгийн Информатикийн салбарын судлаачид монгол үндэстний эрхэмлэн дээдэлж, уламжлан баяжуулсаар ирсэн эх хэлнийхээ үгийн сангаас 60000 гаруй толгой үг, 80000 гаруй холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн олны хүртээл болгоод байна. 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд эрдэмтэн мэргэдийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн энэхүү цахим толийн гар утасны хувилбарыг мөн олон нийтийн хүртээл болгосноор хэрэглээний  хүрээ нь улам тэлсэн.

Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2015 оны долдугаар сарын 08-ны 133 дугаар зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Энэхүү зөвлөл бол эх хэлнийхээ манаач нь юм. Тиймээс уг зөвлөл аймаг бүрт салбар зөвлөлөө байгуулан Монгол хэлний тухай хуулийг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.  Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэдхэн хоногийн өмнө 2016 онд хийсэн ажлынхаа тайланг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан. БСШУС-ын сайдын ахалдаг Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэн, 1984 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулан зохиосон үсгийн дүрмийг үргэлжлүүлэн мөрдөх тогтоол шийдвэрийг гаргаж, үсгийн дүрмийн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд нийтдээ 60 мянга гаруй толгой үгтэй зөв бичгийн журамласан толийг ирэх есдүгээр сард эцэслэн гаргахаар ажиллаж байгаагаа энэ үеэр танилцуулсан. Мөн тус зөвлөл 2016 оны 02 дугаар тогтоолоор “Улсын нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулан ажиллуулж байгаа. Уг комиссыг сэргээн байгуулснаар Монгол Улсад дагаж мөрдөх нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон баталж мөрдүүлэх, нэг мөр болгон жигдлэх ажил цэгцэрч, цаашид нэр томьёо судлал хөгжих боломжтой болох юм. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын сорилгыг баталж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс монгол хэлний шалгалтын сорилгыг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Монгол хэлний хуульд 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар заасан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулж, Монгол бичгийн үндэсний стандарттай болохоор зорьж байгаа юм байна. Мөн гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэний үр хүүхдэд монгол хэл бичгээ эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулжээ. Гадаад хэлний үгийг монгол хэлэнд галиглан буулгах журмыг тодорхой болгох үүднээс “Хятад хэлний үеийн галиглах журам”-ыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, цаашид, бусад хэлний үгийг галиглах журмыг боловсруулах ажлыг хийж эхлэхээр төлөвлөөд байгаагаа Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Монголын минь чин шударгуу эх орончид, бичиг соёлын буурал мэргэд бүгд эх хэл, бичгийнхээ төлөө гэсэн амин халуун сэтгэлтэй, андгай мэт зорилготой явж ирсний тул монгол хэл, монгол бичиг маань эдүгээгийн бидэнд хосгүй үнэт эрдэнэ мэт өвлөгдөн иржээ. Бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугайн тэрлэсэн “Монгол хэл” шүлгийг үе үеийн хүүхэд залуус тарни мэт цээжлэн, эх хэл, бичгээ дээдлэхийн утга учрыг гэрэлт оюундаа тунгаан, гэгээн цээжиндээ бясалгасаар ирсэн ажгуу.

“Мөрөн гол цутгалант ширгэш  үгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамж бээр бадранхан дэлгэрэх” монгол хэл, монгол бичиг минь шинэ зууны эхэнд ийнхүү сэргэж байна. Найман жилийн дараа буюу 2025 онд монголчууд бид хос бичигтэн болно. Тэр цагийг наашлуулахад өнөөгийн төрийн тэргүүний монгол хэл, монгол бичгийн төлөөх санал, санаачилга бүхэн өндөр ач холбогдолтой билээ.

x