Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Баярсайхан: Монголоо зорьж ирсэн ажил маань зөв учраас үр дүн гарна гэж найдаж байна

Б.Төрбат
2017 оны 3 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

"Монголын үндэсний инженерүүдийн холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Баярсайхантай ярилцлаа. 

-Та гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм билээ. Харин эх, орондоо ирсэн шалтгааныг тань Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд гаргасан уриалгатай холбоотой гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Би гадаадад 12 жил ажиллаж, амьдарсан. Сүүлийн таван жил нь судалгааны ажил хийсэн. Үнэхээр эх орондоо ирэх шалтгаан минь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан уриалгатай холбоотой нь үнэн. 

-Төрийн тэргүүний яг ямар уриалга таныг эх орондоо ирэх шалтгаан болов оо?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд "Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд сурсан зүйл, мэдлэг туршлагаа эх орондоо ирж нэвтрүүл" гэсэн уриалгыг гаргасан. Үүнийг хүн бүр санаж байгаа байх. 

-Тийм ээ, санаж байна. Гэхдээ зөвхөн үүнээс болж л цагийн 12 ам.долларын цалинтай ажлаа хаяад ирсэн хэрэг үү?

-Миний бие ч энэхүү уриалгыг талархан хүлээн авч, зорилгоо болгосон. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүнийхээ уриалгыг зорилгоо болгож, сүүлийн таван жил зөвхөн судалгааны ажилд хамаг л цаг заваа зориуллаа. 

-Таван жил гэдэг их урт хугацаа. Ямар чиглэлээр судалгааны ажил хийсэн юм бэ?

-Би Олон улсын цахилгааны код, дүрэм, стандартыг хэрэгжүүлдэг холбоонд 2001-2013 он хүртэл 12 жил ажилласан. Харин 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан уриалгыг талархан дэмжиж цагийн 42 ам.долларын цалинтай ажлаа зогсоож, судалгааны ажлаа эхлүүлсэн юм.

Улмаар 2013 оноос өнөөг хүртэл Үндэсний галын аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандарт-70, Үндэсний цахилгааны дүрэм Олон улсын цахилгааны дүрмийг Олон улсын стандартчиллын байгууллагын шаардлагад нийцүүлэн Монголын үндэсний дүрэм, стандарт M.NEС болгон нутагшуулах талаар судалсан. Би өөрөө 2000 онд NECA-ын Technical Institute–д National Fire Protection Association 70; National Electrical Code, International Electrical Code буюу Үндэсний галын аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандарт 70; Үндэсний цахилгааны код, Олон улсын цахил гааны код, дүрэм, стандартын чиглэлээр суралцсан.

Харин 2004 онд “Residential Journeyman Wireman”, and IBEW Union Local-134 “Top 25” Professional Electrical Certified буюу "Олон улсын цахилгааны ахан дүүсийн инженер, техникийн/ажилчдын холбоо”-ны 134 дүгээр салбарын “Шилдэг 25” буюу “Олон улсын цахилгааны эрх бүхий мэргэжилтэн” болсон юм. Энэ маань их нөлөөлсөн л дөө. 

Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн цахилгаан хангамжийн системийн тоног төхөөрөмжийг угсрах, ашиглахтай холбоотой барилгын дүрэм, стандартыг шинэчлэх, Америк, Канад улсад хэрэглэгдэж байгаа цахилгаан хангамжийн дүрэм, стандартыг Европын орнуудын туршлага, судалгаанд тулгуурлан өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээрээ буюу цахилгаан эрчим хүчний чиглэлээр нарийн мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн багийг хүртэл байгууллаа. 

-Өөрийн байгуулсан төрийн бус байгууллагаа хэлээд байна уу?

-Тийм ээ. Манай баг 16 хүний бүрэлдэхүүнтэй. Бид одоо бол NFPA 70; NEC IEC-ийг эх хэл дээр орчуулахаар ажиллаж байна.

-Та бүхний ажил хэр урагштай явж байна вэ?

-Энэ бол 2017 оны ном л доо. Үүнийг би саяхан АНУ-аас авч ирсэн. Ганцхан энэ номыг авч ирэхийн тулд тус улсыг зориод ирлээ. Энэ бол 1300 хуудастай ном. Гэхдээ үүнийг гарын авлага гэж ойлгох нь өрөөсгөл юм. Их сургуулийн таван жилд үзэх ёстой хичээлийг эмхэтгэсэн ном. Анх 1897 онд хэвлэгдсэн үндэсний цахилгааны дүрэм, стандарт, онол практик хосолсон олон улсын (барилгын) цахилгааны код нь инженеринг болон хөгжиж ирсэн байдаг. Энэ нь өнөөдөр тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагын шаардлага болон аюулгүй, найдвартай байдлыг хангаж байна. Үүнд эрчим хүчээр хангагдаж байгаа бүхий л барилга, байгууламжийн угсралт, мантааж хамаарагдаж байгаа юм.

Мөн барилгын цахилгааны дүрэм, стандартын кодлол нь хамгийн чухал бөгөөд томоохон систем гэж хэлж болно. Манай мэргэжилтнүүд цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний дүрэм буюу цахилгаан байгууламжийн дүрмийн талаар мэдлэг, чадвартай гүйцэтгэх болсон. Мэдээж үүнд сэтгэлтэй мэргэжилтнүүд болон ЭХЯ, бусад байгууллага, холбоод, хувь хүмүүсийн оролцоо их чухал. 

-Ингэхэд барилга байгууламжийн цахилгаан хангамжийн системийн тоног төхөөрөмжийг угсрах, ашиглахтай холбоотой барилгын дүрэм, стандартыг шинэчлэх нь манай улсад яг ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

-Хэд, хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, хүний амь нас болон үл хөдлөх хөрөнгийг хамгаална. Эрүүл амьдрах, хэрэглэгчдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангана. Инженер техникийн ажилчдын мэдлэг, ур чадвар хөгжингүй орнуудын түвшинд хүрч мэргэжилтэн солилцон ажиллах боломжийг нээнэ. Хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан утасны эдлэх хугацааг уртасгана. Жижиг дунд үйлдвэрүүд хөгжих илүү таатай орчин бүрдэнэ. Барилга дотор салбарласан цахилгаан хэлхээ нь дэх хүчдэлийн алдагдлыг бууруулсан олон улсын туршлага байгаа. Энэ нь 04 кВ-ын трансформатортыг халж муудах, шатахаас хамгаална. Барилга угсралтын үед монтаж хийх явцад цахилгаанаас үүдэлтэй аюулаас хамгаална. Манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ба гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. 

-Уг нь, их сайхан сонсогдож байна. Гэхдээ манайд ийм боломж бий юу?

-Монголоо зорьж ирсэн ажил маань зөв учраас зөв үр дүн гарна гэж найдаж байна. Гол нь энэхүү ажилд маань төрийн байгууллагын дэмжлэг, туслалцааг авах шаардлагатай байна. Бид тэдэнтэй хамтран ажиллах хүсэлтээ байгаа гэх үү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Тэр бол тодорхой шүү дээ?

-Өнөөдөр манай улсын хэрэглэгчийн систем хэдийн хоцрогдсон. Тэрхүү дүрэм нь ч тэр. Анх ОХУ 1968 онд л боловсруулсан шүү дээ. Харин манайд 1978 онд орж ирсэн дүрэм юм. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа шинэчилсэн. Одоо дөрөв дэх удаагаа шинэчилж явна. Мэдээж тэр дүрмийн агуулга нь шугам, сүлжээ талдаа л даа. Өөрөөр хэлбэл, өндөр хүчдэл талдаа гэж ойлгож болно. Тэгэхээр барилга талдаа орж ирэхээр ондоо зүйл болоод явчихаж байгаа юм. Гэтэл дэлхийд барилга болон шугам сүлжээ доторх систем нь хоёр өөр зүйл болж хөгжиж байна. Энэ дундаас хэрэглэгчийн систем асар хурдацтай хөгжиж байна. Гэтэл манайд хамгийн их хоцрогдож, орхигдож байгаа нь хэрэглэгчийн систем юм.

-Шалтгааныг нь судалж үзэв үү?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Эрчим хүчний яам шугам сүлжээгээ хариуцдаг. Барилга, хот байгуулалтын яам бол барилгаа л хариуцдаг. Гэтэл хэрэглэгчийн систем нь Барилга, хот байгуулалтын яамны харьяа. Гэтэл тус яаманд ихэвчлэн барилгын л мэргэжилтнүүд байдаг. Ийм тохиолдолд тэд цахилгааныхаа асуудлыг мэддэггүй. Уг нь, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд л мэдэх асуудал байтал хуульдаа энэхүү системийг Барилга, хот байгуулалтын яам мэддэг. Ийм зүйлээс болж өнөөдөр хэрэглэгчийн систем хамгийн их хоцрогдож байна. Өөрөөр хэлбэл, хоёр яамны голд орхигдоод их удаж байна гэх үү дээ. 

-Уг нь, энэхүү систем Эрчим хүчний яаманд харьяалагдах ёстой юм байна шүү дээ?

-Хуучин бол байсан. Сүүлд Барилга, хот байгуулалтын яаманд харьяалагдах болсон. Угтаа бол хоёр яам хамтарч энэхүү асуудлыг шийдэх ёстой юм. Дээр нь, Засгийн газраас анхаарал тавьж, дэмжих шаардлагатай. Жишээ нь Норм нормативыг сайжруулах сан гэж бий. Эндээс энэ бүх зүйлийг сайжруулах ёстой л доо. Гэтэл нөгөө санд нь мөнгө бага, хийх ажил их байдаг. Мэдээж бага цалингаар хэн их ажил хийх билээ.

-Тэгэхээр одоо яг яах ёстой гэсэн үг вэ?

-Монгол Улсын Засгийн газраас л сайн анхаарах хэрэгтэй. Энэхүү норм, нормативыг сайжруулах нь манай улсын хөгжил, дэвшилтэй шууд хамааралтай. Хэрэглэгчийн систем гэдэг бол улс, эх орны хөгжлийг тодорхойлдог зүйл юм. Тиймээс л энэ асуудалд хамаг анхаарлаа чиглүүлж, ажиллаж ирлээ. Үнэндээ би эх орондоо ирээд зургаан сар болж байна. Энэ хугацаанд мэргэжлийн мэргэшсэн багийг байгуулсан гэж хэлсэн. Дандаа цахилгаанаар мэргэшсэн доктор, профессорууд. Өөрөөр хэлбэл, цахилгаанаар мэргэшсэн шинжлэх ухааны докторуудаар багаа бүрдүүлсэн. Гагцхүү бид төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцааг авах, хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ ажлыг холбогдох байгууллага, холбоод, хувь хүмүүст танилцуулсанд маш их талархан дэмжиж хамтран ажиллах хүсэлтээ гаргаж байгаа.

-Төр, засгийн дэмжлэг хэрэгтэй гэж хэллээ. Миний сонсож, мэдсэнээр бол та холбогдох байгууллагын зохих албан тушаалтнуудад нь 40 гаруй удаа хүсэлт тавьсан гэдэг. Тэд яагаад тодорхой хариу, тайлбар ирүүлэхгүй байна вэ?

-Манайд мөрдөж байгаа цахилгаан байгууламжийн дүрэм болон үндэсний цахилгааны код нь тус тусдаа хоёр ондоо систем юм. Энэ тухай Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв, Эрчим хүчний яаманд хандах бүрдээ тайлбарладаг.

Харамсалтай нь, дээрх байгууллагуудаас биднийг дэмжиж, хамтран ажиллах шийдвэр гарахгүй их удаж байна. Үүнээс гадна 2005 оны цахилгааны кодын ном болон уг номын танилцуулгыг БХТ-ийн мэргэжилтэн судлаад хариу өгнө гэж 2017 оны нэгдүгээр сарын 27-нд аваад хуулийн хугацаанд хариу өгөхгүй байна. Эндээс үзэхэд тогтолцооны шинэчлэл бол салбаруудаас сонгон шалгаруулалтаар төрийн албан тушаалд томилдог болох нь зүйтэй мэт санагдлаа.

Манай улсад хэрэглэж байгаа цахилгааны дүрэм нь олон улс болон дэлхийн стандарчилалын нэгдлийн шаардлага хангахгүй байгаа. Үүнд үйлдвэрлэгчийн стандартад тэнцэхгүй, аюултай, өндөр эрсдэл гаргаж иргэдийг хохироож хэрэглээний шаардлагад тэнцэхгүй болсон. Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд болон холбоодын хийсэн зүйл их байгаа хэдий ч бодит байдалд цахилгаан байгууламжийн дүрэм нь Барилга, хот байгуулалтын яам болон Эрчим хүчний яамны дунд хоцрогдсон гэдгийг дахин сануулах байна.

Эрчим хүчийг боловсруулан түгээх болон дамжуулах сүлжээгээр хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд хэрэглээтэй салшгүй нэг зүйл учраас Эрчим хүчний яаманд хамаарахгүй байх боломжгүй юм. Мөн Барилга, хот байгуулалтын яам ч анхаарч үзэхгүй байх нь иргэдийн тав тухтай амьдрах болон хөгжилд томоохон саад болж байгаагаас гадна ажлын байрны хомсдол үүсгэж, ажилгүйдэл нөлөөлж байна.

-Үнэндээ таны болон танай хамт олны зорилт, зорилго тодорхой харагдаж байна. Гагцхүү үүнийг тань төр, засгаас л дэмжих шаардлагатай байх нь?

-Тийм шүү. Мэдээж бидний зорилго буюу Монголын үндэсний инженерүүдийн холбоо нь хүний эрүүл, найдвартай, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангах юм. Нөгөөтэйгүүр манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шүү дээ.

Тодруулбал, Монголын үндэсний инженерүүдийн холбоо нь Япон, Солонгос, Тайвань, Хятад, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Орос болон Сингапур зэрэг Ази тивийн хөгжингүй орнууд авч нутагшуулсан, Үндэсний галын аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандарт дээр суурилсан Үндэсний цахилгааны дүрэм Олон улсын цахилгааны дүрэм буюу NFPA 70; NEC IEC-ийг эх хэл дээр орчуулж, Олон улсын стандартчиллын байгууллага буюу ISO, Олон улсын цахилгааны теxникийн комисс буюу IEC, Олон улсын цахилгаан холбооны байгууллага буюу ITU энэ гурван байгууллага болон Дэлхийн стандартжуулалтын нэгдлийн шаардлагад нийцүүлэн Герман, Европын цахилгааны стандартын судалгаан дээр суурилж Монгол Улсын үндэсний цахилгааны дүрэм буюу M.NEC-ыг шинээр боловсруулан Монголдоо нутагшуулахад оршино.

Энэ бол аливаа нэг улсын стандартыг шууд хуулах, эрсдэлийг тооцоогүй ойрыг харсан зүйл биш юм. Өмнө нь бид ЗХУ буюу Орос улсаас хуулдаг тогтолцоотой байсан бол одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Монгол Улсын үндэсний цахилгааны дүрэм буюу M.NEC-ыг шинээр боловсруулан нутагшуулах шаардлагатай байна.

Зураг