Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болорсайхан: Манай улсад ХҮҮХДИЙН хүчирхийлэл хэвийн үзэгдэл болж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Гүүд Нэйборс олон улсын байгууллагаас өнөөдөр “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

"Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт кап төрлийн буюу мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны наймдугаар сарын 15-наас 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт, хандлага, хэрэглээг тодорхойлоход чиглэсэн байна.

Бүх нийтийн боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Судалгааны үр дүнг үзвэл хоёр зүйлийг анхааралдаа авах шаардлагатай байгааг харж болно. Нэгдүгээрт, манай улсад хүчирхийлэл аль хэдийн шингээд, бэхжихийн зэрэгцээгээр улам түгэж байна.

Урд нь гэр бүлийн орчинд нууцлаг байсан бол олон нийтийн орчинд ч мөн газар авсан, төрийн албан хаагч нь хүртэл хүлээн зөвшөөрдөг амьдралын салшгүй нэг хэсэг мэт хардаг болсон гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхэд хамгааллын чиглэлээр бий болгосон үндэсний тогтолцоо нь ажиллаж чадахгүй байна.

Үүнтэй уялдан орон нутагт ажиллаж байгаа хамтарсан баг нь ч мөн бодитойгоор үйл ажиллагаа явуулахад хүүхдийн эрхийн тухай ойлголт нь бодит хэрэглээ болоогүй, түүнийгээ бодит амьдрал дээр ашигладаг туршлага байхгүй юм байна гэдгийг олж харж байна.

 

Тэгэхээр нэн тэргүүнд төр нь хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байна гэдэг нотолгоог харуулахын зэрэгцээгээр хамгаалахгүй байгааг нь төр, олон нийт хүртэл хэвийн мэт үздэг болжээ гэсэн үг.

Үүнийг анхааралдаа аваач ээ гэдгийг хэлэхийг хүсч байна” хэмээн тайлбарлалаа.

Судалгааны үр дүнгээс
1. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг авч үзвэл судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд, 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний санааг зовоосон тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулж байна.
2. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд (84.7%), сургуулийн орчинд (50.7%), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол, Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6%, сургуулийн орчинд (36.2%), гудамж талбайд (53.8%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулсан байна.
3. Хүүхдүүд айдастай байна. Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3% нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3% нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4% нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэжээ.
4. Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэлт хангалтгүй байна. Судалгаанд хамрагдсан 2 оролцогч тутмын 1 нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж тус тус хариулсан байна.