Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулга: Ерөнхийдөө орчин үеийн “Учиртай гурван толгой” гэж хэлж болно

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2016 оны 12 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

“Өвлийн тууж” адал явдалт уран сайхны кино маргааш нээлтээ хийхээр болжээ. Киноны гол дүрийг Э.Мөнхтөр, Б.Хулан, Б.Батмэнд нар бүтээсэн байна. Киноны зохиолыг Төрийн шагналт зохиолч Б.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Киноны найруулагч, мөн зураглаачаар ажилласан Б.Тулгатай шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Өвлийн тууж” кино маргааш нээлтээ хийнэ. Шинэхэн уран бүтээлийнхээ онцлог болон өгүүлэмжийн талаар сонирхуулаач?

-Киноны үйл явдлыг яриад хэрэггүй байх. Гэхдээ цуврал аллага, алуурчны тухай гарна. Ерөнхийдөө орчин үеийн “Учиртай гурван толгой” гэж хэлж болно. “Учиртай гурван толгой” дуурьд тухайн үеийн нийгмийн байдал, хайр сэтгэлийн талаар өгүүлсэн байдаг шүү дээ. Манай киноны тухайд нийгмийн хар бараан талыг илүүтэй гаргасан. Мэдээж, сайхан сэтгэлийн тухай ч өгүүлнэ. Орчин үеийн нийгмийн байдлыг харуулсан Учиртай гурван толгой гэж хэлбэл онох байх.

-Та нэг ярилцлагадаа өөр түүх өгүүлнэ гэсэн байсан. Өөр гэдэг нь юу байх бол?

-Гурван дүрээр дамжуулан маш олон зүйлийг зангидаж, нийгмийн байдлыг харуулна. Өөр талаас, өөр өнцгөөс зоригтой, шийдэмгийгээр илэрхийлэхийг зорилоо. Маш өвөрмөц түүх байх болно.

-Кино зохиолыг эхнэр тань бичсэн гэсэн үү?

-Тийм ээ. Эхнэрийг маань Б.Буяндэлгэр гэдэг. Удам дагасан зохиолч бүсгүй бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамбын ач охин гэдгээр нь хүмүүс илүүтэй таних байх. Бид байнга хамтарч ажилладаг юм. Өмнө нь “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл”, “Анги’' олон ангит киноны зохиол дээр ажиллаж байсан. АНУ-д олон жил суралцсан мэргэжлийн зохиолч байгаа юм.

Америкт олон жил мэргэжлээрээ суралцаж, дэлхийн чиг хандлагын дагуу зохиол бүтээл туурвиж ирсэн учраас эхэндээ эхнэрийн маань зохиолууд манай хөрсөнд бууж өгдөггүй байлаа. Түүнийг Монголын нийгэмд нийцүүлэхийн тулд тодорхой хугацаа зарцуулж, ерөнхийдөө 2014 онд энэ киноны зохиол бэлэн болсон юм.

Тухайн үеийн оргил бүтээл нь гэж хэлж болно. Тэгээд хоёр жил орчим дарсны эцэст гаргаж ирсэн зохиол байгаа юм. Киноны тухайд өнгөрөгч нэгдүгээр сард хийгдсэн. Бүтэн дуугаралттай хуучны арга барилаар бүтээсэн.

-Дүрийн сонголт нэлээд өвөрмөц харагдаад байгаа. Киноны нэг дүрийг жүжигчин Б.Батмэндэд зориулж бичсэн гэж дуулсан юм байна. Энэ талаар?

-Б.Батмэнд ахтай “Өнөөдөр” кинонд хамтарч ажилласан. Түүнээс хойш л дахин уран бүтээлд хамтарч ажиллах бодолтой байсан юм. Тийм ч учраас энэ кинонд урилгаар тоглуулсан. Харин Төрөөд шууд л санал болгосон хэрэг. Эхэндээ эргэлзсэн байдалтай хүлээн авсан ч, тэр эргэлзээ нь энэ уран бүтээлээр тайлагдсан байх.

Төрөө ихэвчлэн ханхүүгийн дүрд тоглодог. Бас “Монголын хүсэмжит 10 залуу”-гийн жагсаалтын нэлээд урдуур эрэмбэлэгддэг юм билээ. Б.Хулангийн тухайд ч гэсэн хошин урлагийн жүжигчин, тэр дундаа үргэлж л сайхан бүсгүйн дүрд тоглодог. Энэ киноны дүрд тохирох эсэхэд эргэлзэх хүмүүс олон байлаа.

Харин найз маань тэр эргэлзээг энэ бүтээлээрээ тайлж өгсөн. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, жинхэнэ дэлгэцийн уран бүтээлчидтэй хамтарч ажилласан гэдгээрээ миний хувьд бахархаж байгаа. Тэд маань миний хүсч байснаас 100, бүр 150 дахин сэтгэлд хүртэл дүрээ амилуулж чадсан. Б.Эрдэнэчимэг эгчийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Нэлээд олон жилийн турш уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст “Өвлийн тууж”-аар эргэн ирж байгаа. Жүжигчин, хөтлөгч Батзаяа, Эмоци продакшны жүжигчин Цоогий нар ч гэсэн шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзах болно.

-“Өвлийн тууж” киног аймшгийн төрөл жанрынх гэж ойлгож байгаа. Зөв болов уу?

-Ерөнхийдөө цэвэр мелодрам гэж хэлж болно. Мелодрамыг трэйлер, трагедаар егөөдөж болно. Трэйлер, трагед, мелодрамын аль алиныг нь багтаасан үнэхээр сайн уран бүтээл болж чадсан гэдэгт итгэлтэй байгаа.

-Та киногоо ашгийн гэхээсээ илүү олон улсын фестивальд сойх зорилгоор хийсэн гэж сонссон юм байна?

-Монголын кино урлаг улам бүр л хөгжиж байна. Киночид ч гэсэн хамтдаа хөгжиж, дэвжиж байгаа. Гэхдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцож, дэлхийн уран бүтээлчидтэй зэрэгцэн өрсөлдөж байж л өөрсдийгөө ямар төвшинд байгааг мэдэх боломжтой болно шүү дээ. Миний сонирхож буй төрлөөр явагддаг олон улсын кино наадмуудад уран бүтээлээ сойх бодолтой байгаа.

-Аливаа киног хийхдээ тухайн уран бүтээлч тодорхой хэмжээний эрсдэлийг дааж явдаг юм шиг санагддаг. Таны хувьд санхүүгийн тухайд ч юм уу хүндрэл гарав уу?

-Кино урлагийн салбарт хийж буй зүйлээ чанартай хийх тусам үнэлэгддэг зарчим үйлчилж байдаг. Мэдээж, чанартай бүтээл хийхийн тулд их мөнгө хэрэгтэй. Тодорхой хэмжээний зардал орсон нь үнэн. Киног хийхийн тулд бүтэн жил бэлдсэн учраас тэр хугацаанд тодорхой хэмжээний санхүүжилт босгосон. Дийлэнхийг нь LANZ фильм өөрсдийн хөрөнгөөр шийдсэн юм. Мөн ивээн тэтгэгч байгууллагууд бий.

Зураг