Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна: Доналд Трампыг сонгогдсоны дараа тайван ч унтаж чадаагүй

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Попын хатан хаан Мадоннаг “Billboard” сэтгүүл энэ оны онцлох хүнээр шалгаруулсан билээ. Тэгвэл тус сэтгүүлийн өнгөрөгч сарын дугаарыг эдүгээ 60 дөхөж буй ч, залуу сайхан төрхөө хадгалсаар яваа дуучин бүсгүй чимж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн байна. Тэрбээр ярилцлагадаа ялгаварлан гадуурхалт хийгээд өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон АНУ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ярилцжээ. Ингээд тус ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Өнөөдөр хаана байв? 

-Нью Йоркт байлаа. Манай Raising Malawi сан Миами дахь Урлагийн базельтай хамтран дуудлага худалдаа зохион байгуулсан юм. 

-Би таниас хөгжмийн ертөнц дэх насаар ялгаварлан гадуурхах үзлийн талаар асуумаар байна. Холливудад гэхэд эмэгтэйчүүд нас ахих тусам гол дүр авах нь ховорддог шүү дээ. Та ч мэдэж байгаа. Поп хөгжмийн ертөнцөд ч гэсэн ахимаг насны эмэгтэйчүүдэд бүр ч том дарамт байдаг байх. Студи руу явахдаа эсвэл Ребел Херт шиг аялал тоглолт хийхдээ ч тэр та наснаасаа санаа зовж байсан тохиолдол бий юу?

 -Санаа зовж байгаагүй. Хэн нэгэн тэр талаар надад ямар нэг зүйл хэлэх хүртэл би насныхаа талаар хэзээ ч бодож байгаагүй. Надад ухаан, туршлага, мэдлэг гээд хамгийн чухал зүйлс бий. Өсвөр насны хүүхдэд тийм зүйл байгаа болов уу. Үгүй л байх. Гэхдээ зүгээр ээ. Би ойлгож байна.

Бид ялгаварлан гадуурхалтаар дүүрэн ертөнцөд амьдардаг шүү дээ. Насаар ялгаварлах үзэл үүний илрэл нь. Гэхдээ, нас зөвхөн эмэгтэйчүүдэд л хамаатай мэт. Леонардо 60 нас хүрэхэд хэн ч түүний нас нэмж буй талаар ярихгүй. Харин би бол өөр. Энэ нийгэмд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ үзэн яддаг юм.

 -Та сонгуулийн үр дүнгийн талаар ямархуу сэтгэгдэлтэй байна даа?

-Хэн нэгэн нас барчихсан мэт сонин мэдрэмж төрсөн. Юу юунаас ч илүү хайрладаг хэн нэгэн намайг орхисон, эсвэл нас барсан мэт уй гашуу бас урвалт хосолсон тийм сэтгэгдэл төрсөн. Өглөө бүр сэрэхдээ өөртөө “Өө хүлээгээрэй, Доналд Трамп Ерөнхийлөгч болсон. Хар дарсан зүүд биш гэж хэлдэг байлаа. Эмэгтэйчүүд биднээс урвачихсан юм шиг санагдсан. Трампын төлөө саналаа өгсөн эмэгтэйчүүдийн хувь итгэмээргүй өндөр байсан.

-Яагаад ингэж бодсон юм бэ? 

-Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ үзэн яддаг. Би ингэж л боддог. Эмэгтэйчүүд байгалиасаа бусад эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Маш харамсалтай. Эрэгтэйчүүд бүхнийг хамгаалдаг бол эмэгтэйчүүд эр хүнийг бас хүүхдүүдээ хамгаалдаг. Эмэгтэйчүүд дотогшоогоо байдаг бол эрчүүд харьцангуй гадагш сэтгэдэг.

Харин зарим хүмүүс аль ч нэр дэвшигч нь таалагдаагүй учраас хоёуланд нь саналаа өгөөгүй. Эсвэл тэд Доналд Трампыг дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгээгүй байх. Тийм хүмүүсийн хувьд машиныхаа жолооны хүрднээс зүгээр л гараа авчихсан. Үр дүн нь машин нь юм мөргөсөн. Ийм л зүйл. 

-Та гайхсан уу?

 -Мэдээж. Аргаа барж, гайхсандаа шоконд орсон. Доналд Трампыг сонгогдсоны дараа тайван ч унтаж чадаагүй. 

-Трампын төлөө хэн саналаа өгсөн талаар та мэдэх үү? 

-Тийм ээ, гол маргаанд нь оролцсон юм чинь.

-Тэд юу гэж байх юм? 

-Тэд амжилттай яваа бизнесмэн эр нэг худалч хүүхнээс илүү улс орныг хөгжүүлж чадна гэж хэлж байсан. Утгагүй. Гэхдээ иргэд Засгийн газарт итгэх итгэлгүй болсон. Бид банкеруудын улсад амьдарч байна шүү дээ. Ганц илрэл нь Доналд Трамп Ерөнхийлөгч болсон явдал. Учир нь мөнгө бүхнийг шийдэж байна. 

-Та өөрийгөө энэ бүгдийг өөрчилж чадна гэж бодож байна уу?

-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Би Трампын ялалтын эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэхээ бодож олохыг хичээж байна. Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийх нь дараа Вашингтон ДС хотод эмэгтэйчүүдийнхээ хамт жагсаал хийх бодол байгаа. Тэр өдөр бороо ороосой гэж хүсч байна. Тэр ялгаварлан гадуурхалтын эсрэг, сул дорой хүмүүсийн төлөөх тэмцэл байх болно. 

-Малави явахдаа, аль эсвэл дэлхийгээр аялахдаа манай Ерөнхийлөгч дэлхийг хэрхэн өөрчлөх талаар бодож үзэх хэрэгтэй байх шүү? 

-Яг одоо бол инээж л байна. Бид бусад засгийн газар, бусад удирдагчдыг ийм удаан шүүмжилж байгаагүй. Ичсэндээ өөрийгөө дүүжлэх нь.

-Малавид хийсэн ажлынхаа явцад ер нь та юу сурсан бэ?

-Дэлхийн бусад оронд юу болж буйг харсан минь миний нүдийг үнэхээр нээсэн. Африкийн бусад орнуудын ТББ, олон улсын байгууллагатай хамтарч, охидыг дунд сургуульд сургах ажилд оролцож байгаа. Африкт охид боловсрол эзэмших шаардлагагүй гэж үздэг. Би Малавид маш олон жил ажиллаж байна.

Тэр улсыг хайрладаг, тиймээс ч надад хүлээсэн үүрэг хариуцлага бий. Хэзээ ч тэднийг орхихгүй. Би хоёр ч хүүхэд өргөж авсан. Одоо тэдэнтэй хамт амьдарч байгаа учраас өөрийгөө их азтай гэж боддог. Ерөнхийдөө хүүхэд өргөж авснаас хойш Малавиг илүү бие даасан улс болгохын төлөө цуцалтгүй ажиллах болсон доо.

Би тэнд өнчин хүүхдүүдийн асрамжийн газар, эмнэлэг, сургууль барьсан. Тэр бүгдийг дурдана гэвэл барагдахгүй л дээ. Бас хүүхдийн мэс заслын эмч Эрик Боргстейныг дэмжиж ажилладаг.

Тэр залуу хүүхдүүдэд амьдрал хайрладаг хүн төрөлхтний тэнгэрийн илч байгаа юм. Тэр цуцашгүй хөдөлмөрч, бас эрэлхэг. Өдөрт маш хүнд нөхцөлд олон ч хагалгааг амжилттай хийдэг. Үнэндээ, би түүнд эмнэлэг барьж өгөхөөс өөр юу ч хийж өгч чаддаггүй. 

-Таны сошиал хуудсыг чинь сонирхож үзлээ. Та ихэнхдээ л Малави эсвэл гэр бүлийнхээ тухай постолдог юм шиг санагдсан? 

-Гэр бүл миний бүх зүйл. Тэднийхээ төлөө дайнд ч явахад бэлэн. Юу ч болж байсан охидынхоо, хөвгүүдийнхээ төлөө тэмцэнэ. Тэдэндээ сайн сайхан ирээдүйг л хүсдэг. Манайх уламжлалт бус айл хэдий ч, оройн хоолны ширээний ард янз бүрийн зүйлсийн талаар хэлэлцүүлэг өрнөнө шүү дээ. 11 настай хүү минь Мальколм Х, Мартин Лютер хаан, Нелсон Мандела, Жэймс Болдвины талаар тун ч хэлэмгий ярина. Харин Мерси төгөлдөр хуур тоглож, Нина Симонегийн тухай ярьдаг гээч. Би тэднээрээ маш их бахархдаг.

-Нийгмийн сүлжээнд хүүхдүүдийнхээ талаар нийтлэхдээ ямар нэг шалгуур тавьдаг уу?

-Өөрсдөөс нь зөвшөөрөл авч, пост хийдэг. Гэхдээ тэд ихэнхдээ над руу зурагнуудаа явуулаад “Энийг битгий постлоорой, би хүсэхгүй байна” гэдэг. Тэд өөрсдийн хувийн аккаунттай. Түүнийг нь ч би зөвшөөрдөг юм. 

Зураг