Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ий үйлдвэрлэгч Foxconn АНУ-д шилжих талаар хэлэлцэж эхэлснээ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Хятад дахь Apple-ийн дэлгүүр

Softbank группын ерөнхийлөгч Масаёши Сон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзсаны дараа Тайваний Foxconn компани үйлдвэрлэлээ Нэгдсэн Улсад шилжүүлэх талаар эхний уулзалтыг эхэлснээ мэдээллээ.

Foxconn бол Apple компанийн бүтээгдэхүүнүүдийн гол үйлдвэрлэгч бөгөөд ихэнх үйлдвэр нь Хятадын эх газарт байрладаг. Өчигдөр Softbank группын үүсгэн байгуулсан сан АНУ-д $50 тэрбумын хөрөнгө оруулж, 50,000 ажлын байр гаргахаар болсон тухай Трамп өөрөө хэлсэн юм.

Тиймээс Foxconn-ий Америкт шилжих төлөвлөгөө нь Softbank-ийн хөрөнгө оруулалттай холбоотой гэдэг нь тодорхой боллоо. Foxconn-ий мэдэгдэлд “Хэдийгээр хөрөнгө оруулалтын цар хүрээ тодорхой болоогүй байгаа ч бид манай удирдлагууд болон Америкийн талын холбогдох хүмүүсийн хооронд явагдаж байгаа хэлэлцээрийн үр дүнг тухайн үед нь зарлах болно” гэжээ.

Дональд Трамп нь Apple компанийг үйлдвэрлэлээ Нэгдсэн Улсад шилжүүлэхийг удаа дараа уриалж байсан юм. Хэрвээ үйлдвэрлэлийг Хятадаас АНУ-д шилжүүлбэл зардал заавал өснө гэж шинжээчид үзэж байгаа. Гэхдээ Трамп энэ тохиолдолд томоохон татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ бас Apple-д амлаж байсан юм.

 

Эх сурвалж: Bloomberg