Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк мэдээллийг “цензурдах” системтэй болж, Хятадын зах зээлд орохоор бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани өөрийн сүлжээндээ газарзүйн байрлалаас хамаарч мэдээлэлд “цензур” тогтоодог систем боловсруулж байгаа нь Хятадын зах зээлд нэвтрэх бэлтгэлтэй нь холбоотой хэмээн Нью-Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ.

Энэ тухай Фэйсбүүкт одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан ажилтнууд нэрээ нууцлах нөхцөлтэйгээр ярьсан байна. Сүүлд Фэйсбүүк сүлжээ “худлаа” мэдээллийг ихээр тарааснаас болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн хэмээх хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа. Марк Зукерберг өөрөө Мандарин хэл эрчимтэй үзэж, Хятадын удирдагчидтай ойрхон уулзаж байгаа нь үүнийг баталж байгаа гэнэ.

Хятадын эрх баригчид 2009 онд Фэйсбүүк сүлжээг тус улсад ажиллахыг хаасан юм. Шалтгаан нь дэглэмийн эсрэг дуу хоолойд хяналт тавьж чадахгүй байхаас болгоомжилсных байв.

Тус компани одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын засгийн газраас ирсэн хүсэлтийн дагуу зарим мэдээллийг устгах, харагдуулахгүй болгох үүрэг хүлээдэг. Тэгвэл дээр өгүүлсэн систем нь засгийн газрын хүсэлтийг биелэхийг хүлээж суулгүйгээр мэдээллийг хаах зориулалттай ажээ.

Өөрөөр хэлбэл “цензурдах” систем нь Хятадын компанийн мэдэлд байх юм байна.

Энэ талаар Фэйсбүүк компаниас тодруулахад “бид удаан хугацааны туршид Хятадын зах зээлийг сонирхож, судалж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Хятадад ямар бодлогоор ажиллах тухай ямар нэг шийдвэр гаргаагүй байна” гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Эх сурвалж: Japan Times