Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 10: iPhone утаснуудад нэвтэрч байгаа ТАВАН ТОМ өөрчлөлт

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 12
IKON.MN

Маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдөр дэлхий даяар iPhone, iPad хэрэглэж байгаа хүн бүрийн төхөөрөмжийн үйлдлийн систем iOS-ийг 10 дахь хувилбарт шилжүүлэх ажиллагаа эхэлнэ. iOS 10 нь Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукийн ажлаа авснаас хойш iOS системд хийгдэж байгаа хамгийн том өөрчлөлт юм. iPhone 5 ба түүнээс хойшх бүх iPhone, iPad mini 2 ба түүнээс хойшх бүх iPad төхөөрөмжүүдэд iOS 10 нь суух боломжтой.

Системээ шинэчилсний дараа хамгийн түрүүнд хэрэглэгчдэд мэдрэгдэх таван гол өөрчлөлтийг танилцуулж байна.

 

Дэлгэц нь цоожтой байгаа утсаа нээхийн тулд SLIDE to UNLOCK (хөндлөн чирэх) үйлдэл хийхээ бүрмөсөн больсон

 

Үүний оронд дэлгэц нь унтраалттай байгаа утсаа авч өргөх үед дэлгэц өөрөө идэвхжих ба үүний дараа хурууны хээгээ уншуулж, эсвэл Home товчоо дарж нууц кодоо оруулан утсыг нээнэ.

Өргөхөд утасны дэлгэц идэвхжих (асах) явцыг “Raise to Wake” гэж нэрлэж байна.

 

Цоожтой утасны дэлгэцэн дээр олон үйлдэл хийх (Widgets) боломжтой болсон

 

Урьд нь “Notification” буюу цоожтой дэлгэцэнд гардаг мэдээлэл нь ерөнхий мэдэгдэл, гарчиг төдий зүйлсийг өгдөг байсан бол iOS 10-аас эхлэн энэ нь илүү баялаг мэдээлэлтэй болж байна.

Widget-ийг цоожтой дэлгэцний зүүн захаас чирч гаргаж ирдэг бол нээлттэй байгаа утасны эхлэх хуудасны зүүн гар талд (хуучин зөвхөн баруун тийшээ дэлгэц гүйдэг байсан бол зүүн тийш нэг хуудас гүйдэг болно) байрлах юм.

Үүнд цаг агаарын мэдээг харах, мэдээ унших, цагалбарт (calendar) төлөвлөгдсөн байгаа ажлуудаа харах, ойр дотны хүмүүс рүүгээ (Favorites) залгах зэрэг өргөн боломжтой. Мөн цоожтой дэлгэцний цаанаас юуг харах, ашиглах хүсэлтэй байгаагаа “Add Widget” тохиргоогоор орон өөрчилж сонгож болно.

 

Мессэжний томоохон өөрчлөлт

 

Зөвхөн текст бичихээс хэтэрдэггүй байсан Message функц улам баялаг болж хөдөлгөөнт зураг (GIF) илгээх, линк буюу холбоосны дотоод агуулгыг товч харах (preview), фото, видео дээр гараар тэмдэглэгээ хийж явуулах, хөдөлгөөнт дүрс гараар зурж илгээх, гар бичмэлээ илгээх зэрэг чадвартай болжээ.

 

Хэрэглэдэггүй Apple-ийн аппликэшнүүдийг устгаж болно

 

Анх удаагаа шинэ iPhone утсанд үйлдвэрээсээ сууж ирдэг Apple-ийн аппликэшнүүдийг (Stock, Health, Reminders гэх мэт) өөрийн хүслээр устгах боломжтой болж байна. Өмнө нь эдгээр аппликэшнүүдэд устгах үйлдэл үйлчилдэггүй байсан юм.

 

Цоожтой дэлгэцнээс камер руугаа хялбар шилждэг болсон

 

Үүний тулд цоожтой дэлгэцнийхээ баруун гар талаас зүүн гар тал руугаа чирж камерыг гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл Widget-ийн эсрэг талд Камер байгаа гэсэн үг. Өмнө нь дэлгэцний баруун доод буланд байх Камерны дүрсийг дээш чирснээр камераа нээдэг байсан.

Үүнтэй харьцуулахад шинэ арга нь камерыг нээх үйлдлийг илүү хялбар болгож байгаа юм.

 

Эх сурвалж: Techinsider