Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагийнхан пуужинг нь сөнөөсөн байх хувилбарыг Илон Маск үгүйсгэсэнгүй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг

SpaceX компанийн хөөргөхөөр бэлдэж байсан пуужин гэнэт дэлбэрч их гал гарснаас тээвэрлэхээр бэлдэж байсан ачаа, хөөргөх тавцан зэрэг олон үнэтэй хөрөнгийг сүйрүүлсэн билээ. /Дэлбэрэлтийн тухай мэдээг энэ холбоосоор үзэх боломжтой./

Одоо болтол шалтгааныг нь олж тогтоож чадахгүй байгаа энэ осол нь сансрын түүхэнд тохиолдож байгаагүй ховор сонин үзэгдэл юм.

Дэлбэрэлтийн шалтгааныг олон янзаар тайлбарлах гэж оролдож байгаагийн дотор UFO буюу үл таних нисдэг биет пуужинг дэлбэрэхээс хэдхэн секундын өмнө маш хурдтай нисэж өнгөрсөн гэдэг тайлбар. /Видео дүрсийг энэ холбоосоор үзнэ үү/

Үнэхээр видео дүрсэнд шувуутай адилхан нисдэг биет пуужингийн дэргэдүүр өнгөрч байгаа нь бичигдэж үлдсэн байна.

Тэгвэл энэ талаар өчигдөр Твиттер сүлжээгээр асуусан нэгэн хэрэглэгчийн асуултад SpaceX-ийн CEO Илон Маск сонирхолтой хариулт өгсөн гэнэ. UFO буюу харь гарагийнхан халдсан байх боломжтой эсэхийг асуухад Илон Маск “Бид энэ хувилбарыг бас тооцож байгаа” гэсэн утгатай хариулт өгсөн байна.

Хөдөлгүүр унтраалттай, пуужингийн эх биед ямар ч халалт үүсгэх зүйл байхгүй байхад гал гарсныг ойлгоход хэцүү байгааг Маск тайлбарлажээ. Мөн гал гарахаас хэдхэн секундын өмнө бөглүү тэсрэлтийн чимээ сонсогдсон нь пуужингийнх уу, өөр ямар нэг зүйлийнх үү гэдгийг хэлж мэдэхгүй байгаагаа Маск өгүүлсэн байна.

Илон Маскийн дээрх мэдэгдэл UFO судлаачдын таамаглалд ташуур өгсөн явдал болж цаашид харь гарагийнхны ажиллагаатай холбоотой олон тооны онол, тайлбар гарах замыг нээж өгчээ.

 

Эх сурвалж: Sputniknews