Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Орчин үеийн боксын түүхэн дэх хамгийн будлиантай шүүлтүүд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ер нь боксын спорт будлиантай шүүлтээрээ алдартай. Ялангуяа Олимпийн наадмын үеэр энэ нь тодоор илэрдэг.

Бид ийм луйврын шүүлтийн хоёр тохиолдлыг тайлбарлан хүргэж байна.

 

Рой Жонсын ялагдал – 1988 оны Сөүлийн олимп

19 настай Америк боксчин Рой Жонс 1988 оны Сөүлийн олимпийн наадамд алтан медалийн төлөө шалгарч үлдсэн юм.

Түүний өрсөлдөгч нь зохион байгуулагч улсын тамирчин Парк Си Хун байлаа. Паркийн шигшээ тоглолтонд хүрэх зам амар байсангүй. Тэр өмнөх тоглолтондоо Италийн гурван удаагийн аварга Винчензо Нардиеллог 3:2-ын харьцаагаар буулгаж авсан ч Итали аварга эсэргүүцэл үзүүлж рингнээс хөөгдөж байжээ.

Харин Ройтой хийсэн тулаанд Парк ялагдаж явсан хэдий ч мөн л ялсанд тооцуулж дэвжээний шүүгчээр гараа өргүүлсэн юм. Тэдний тоглолтын статистикаас харвал Рой 86 амжилттай цохилт хийсэн бол Паркийнх дөнгөж 32 байлаа.

Мөн тэр хоёр ч удаа хүнд цохилтонд орж шүүгчээр тоолуулж байсан юм.

Мөнгөн медаль зүүсэн Рой “тэд миний хүзүүнд мөнгөн медаль зүүж өгсөн ч би түүнийг нь даруй авч хаясан. Энэ медаль дахиж хэзээ ч миний хүзүүнд байх ёсгүй” гэж хэлж байжээ.

Энэ шүүлтийн шалтгаан хэдэн жилийн дараа илэрсэн юм. AIBA-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Карл Хайнц Вухр нь зүүн Германы тусгай албаны мэдээлэгч байжээ. ЗХУ нуран унасны дараа олон нийтэд ил болсон тагнуулын бичиг баримтнаас AIBA-гийн тэргүүн уг тэмцээнийг Солонгосууд хэрхэн луйвардаж байгаа тухай бичиж үлдээсэн нь ил болсон юм. Тухайн үед Олимпийн наадмыг зохион байгуулагч Өмнөд Солонгосын боксын холбооныхон өөрийн тамирчныг алтан медальд хүргэхийн тулд бүх шүүгч нарт мөнгө санал болгожээ. Таван шүүгчээс гурав нь буюу Марокко, Уганда, Уругвайн шүүгч нар авлигын мөнгийг хүлээн авч Өмнөд Солонгосын тамирчинд ялалтыг өгсөн байна.

Үүний дараа ч Рой Жонс алтан медалиа аваагүй юм. 1997 онд ОУОХ хэргийг шалгаж үзээд “Сөүлд болсон тэмцээний шүүлтэд авлига нөлөөлсөн гэх баталгаа алга” гэсэн дүгнэлт гаргажээ. Дээрх тэмцээнийг шүүсэн шүүгч нарыг зохион байгуулагчид дайлж цайлсан баримт олдсон хэдий ч ийм дүгнэлт гарсан юм.

 

Сатоши Шимизүгийн ялагдал – 2012 оны Лондоны Олимп

Өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулах нь Олимпийн боксын тэмцээнд маш ховор тохиолдол юм. Тэгвэл Лондоны Олимпийн наадмын боксын тэмцээнд Японы Сатоши Шимизү өрсөлдөгч Азербайжаны Магомед Абдулхамидовыг таван удаа хүнд цохилтонд оруулжээ.

Гэвч шүүгч нар газарт хамгийн удаан хэвтсэн тамирчинд ялалтыг өгчихсөн юм.

Японы тал даруй эсэргүүцлээ илэрхийлж, үзэгчид ч шуугилдаж эхлэв. Үүнээс хэдэн сарын өмнө BBC суваг Азербайжаны тал AIBA-д олон сая доллар төлснийхөө төлөө Лондоны Олимпоос хоёр алтан медаль авахаар болсныг дэлгэж байв. Тэд $9 саяыг шилжүүлсэн банкны баримт, энэ мөнгө хэрхэн Швейцарийн банкаар дамжин AIBA-д хүрсэн нотолгоог үзүүлсэн юм.

Зарим эх сурвалжууд үүнийг Азербайжаны засгийн газрын сайдын халааснаас гарсан ба зөвхөн медалиар солилцох тохироотойг мэдээлжээ.

Уг мэдээллийг Азербайжаны тал даруй няцаасан бол AIBA уг мөнгийг цэвэр хөрөнгө оруулалтын зориулалттай гэж тайлбарлаж байв.

Харин энэ удаа хэрэг явдал сайнаар төгсөж Шимизүд ялалтыг өгсөн байна. AIBA-гийн мэдэгдэлд:

Тэмцээний бичлэгийг дахин үзсэний дараа гаргасан шийдвэр:

  • Гурав дахь үед Азербайжаны боксчин зургаан удаа газарт унасан байна. Дүрэм ёсоор энэ тохиолдолд рингний шүүгч доод тал нь гурван удаа тоолох ёстой. Ингэсэн тохиолдолд AIBA-гийн техникийн дүрмээр шүүгч тэмцээнийг зогсоох ёстой.
  • Тиймээс Японы талын эсэргүүцлийг хүлээн авч тэмцээний үр дүнг буцааж байна гэжээ.

Мөн тэмцээнийг зогсоогоогүй Туркменистаны рингний шүүгчид шийтгэл оноохоор болсон байна.

Шимизү тэмцээнээ цааш үргэлжлүүлж, Абдулхамидов нутаг буцав. Рингний шүүгч шийтгүүлсэн байж магадгүй. Харин бусад шүүгч нарт ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ явдал AIBA-гийн нэгэн онигоо болоод өнгөрчээ.

Эх сурвалж: The Guardian, IBTimes