Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн идээ

ikon.mn
2016 оны 5 сарын 18
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

2050 он гэхэд 2.5 тэрбумаар нэмэгдэх дэлхийн хүн амыг яаж тэжээх вэ гэсэн асуултад шинжлэх ухааны зүгээс замаг, шавж, лабораторийн аргаар ургуулсан махаар тэжээнэ гэсэн хариултыг өгч байна. Гэвч бас нэг Хятад, Энэтхэгийн дайны улсыг тэжээх хүнс бий бил үү? Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/ хоол хүнсний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ.

Мөн төр засгийн зүгээс хүнсний үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, хаягдал гаргахаас зайлсхий гэдэг ч хэчнээн хэмнээд хэмнээд нэг тэрбум хүн хэдийнээ туйлын өлсгөлөнд нэрвэгдчихээд байгаа шүү дээ. Үүнээс гадна, нээж ололгүй үлдээсэн онгон дагшин газар ч бараг үгүй боллоо.

Ихэнх улс оронд цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалаад газар тариалан эрхлэлт улам л бэрх болж байна. Далай тэнгисийн загасны нөөц шавхагдаж, дэлхийн ихэнх хэсэгт ундны усны хомсдол нүүрлэж эхлэв.

Далай тэнгисийн загасны нөөц шавхагдаж, дэлхийн ихэнх хэсэгт ундны усны хомсдол нүүрлэж эхлэв.

Тавин жилийн өмнө дэлхийн хүн ам одоогийнхоос хоёр дахин бага байх үед заналт өлсгөлөнгийн эсрэг эрлийз үр, химийн бордооны ашиглалтыг нэмэгдүүлэх “ногоон хувьсгал”-аар хариу барьсан. Амжилт олсон уу гэвэл олсон. Гэхдээ экологийн хувьд маш өндөр үнэ төлсөн.

Энэ үед одоогийнхоос хоёр дахин их хүнс үйлдвэрлэж байсан ч голын болон газар доорх усны гурав дахин их нөөцийг ашигласан билээ. Хүнс, газар тариалан, усны технологичид өнөө хэр нь өвс ч ургадаггүй, тариалан эрхлэхэд бэрх газруудад тариа, ногоо тарих шинэ арга замыг эрж хайх хэрэгтэй болох нь. Магад газар, усны нөөцийг хэрхэн ашиглах талаар дахин бодож тунгаах цаг болсон бололтой. Ингээд шинэ цагийн фермерүүд, тэдний гайхалтай санаа, шинээр ургуулах хүнсний эринийг тольдоцгооё.

ЗАМАГ

Хүн төрөлхтөнд зориулан илүү их хүнс тариалах томоохон талбайг яаж бий болгох вэ? Амархан шүү дээ. Замагны ферм байгуулъя. Замаг бол далайн ус, бохир усанд төдийгүй хүнсний үр тариаг хялбархан үхүүлж болох газарт ч түргэн ургах чадвартай нэг эст энгийн организм юм.

Агаарын болон ачаа тээврийн томоохон компаниуд замагны түлшийг ихэд сонирхож эхэлсэн ба ухаалаг, цэвэр технологийн хөрөнгө оруулалтыг хийж байна.

Шагнал нь ч том. Эрдэмтдийн хэлж буйгаар 0.5 га талбайд эрдэнэ шиш гэх мэтийн үр тарианаас 350 галлон этанол био түлш гарган авдагтай харьцуулахад хамгийн тааламжтай нөхцөлд арилжааны замагны аж ахуй 0.5 га талбайгаас 5,000-10,000 галлон /1 галлон=3.8 литр/ замагны тос гарган авах боломжтой аж.

Үүнээс гадна замгаар амьтан хооллож, ургамал бордож ч болно. Америкийн бүх этанол био түлшний үйлдвэрлэлийг замагны түлшээр орлуулахад 810 мянган га элсэн цөл хэрэгтэй. Тэгээд ч Аризона мужийн их сургуулийн профессор Марк Эдуардсын өгүүлснээр энэ нь хүний хоол хүнсний хэрэгцээний үр тариаг 16 сая га талбайд тариалах боломжийг олгохын сацуу жилд хэдэн тэрбум галлон ус хэмнэх юм байна.

Хэдийгээр замаг нь хүнсний сүлжээнд хамгийн доогуур жагсдаг ч Хятад, Япон зэрэг оронд замгийг далайн байцаа маягаар, түүнчлэн бордоо, хөрс ангижруулагч, амьтны тэжээл болгож өргөн хэрэглэдэг. Хэмжээний хувьд маш томоос эхлээд микроскопоор л харагдахуйц өчүүхэн жижиг гэхчлэн янз бүр байдаг замаг нь агаар дахь нүүрстөрөгчийг цэвэрлэнэ.

Мөн замагнаас өөх тос, чихэр гарган авч болохоос гадна бяцхан сам хорхойноос аварга том халим хүртэлх бүхий л амьтад их бага хэмжээгээр замаг иддэг байна. Эдуардсын хэлж буйгаар замаг нь амьдрал тэтгэгч суурь төдийгүй бидний ирээдүй ч байж болох аж.

ХИЙМЭЛ MAX

Харахад, хазахад, амтлахад мах шиг л мах хэдий ч амьтай голтой амьтнаас огтхон ч аваагүй, гагцхүү том гэгч тогоонд ургуулсан хиймэл буюу “үржүүлгийн” мах.

Үржил шимт газрын дөрөвний нэгийг малын бэлчээр, мөн 25 хувийг нь малын идэш тэжээл тариалах талбай эзэлж байгаа юм. Америкт л гэхэд үр тарианы 70 хувийг малын хоол тэжээлд зарцуулдаг.

Америкт л гэхэд үр тарианы 70 хувийг малын хоол тэжээлд зарцуулдаг.

Барууныхны хооллох зуршил өдгөө Хятад болон бусад шинэ эдийн засаг руу чиглэж буй, улмаар ой модыг ихээр огтолж малын бэлчээр болон тэжээл тариалах талбай бий болгож байгаа зэрэг олон асуудлаас үүдэн мах орлуулах бүтээгдэхүүний эрэл хайгуул нэн чухал болж буйг эрдэмтэд өгүүлж байна.

Голланд, британийн эрдэмтэд хамтран лабораторийн аргаар үүдэл эсээс идэж болохуйц эд ургуулах замаар хиймэл мах гарган авах судалгааг хийж байгаа билээ. Ирэх жил хиймэл махаар хийх анхны гамбургер ямар ч амтгүй байх бололтой. Махны өнгө, амтыг цус, өөх тос тодорхойлдог тул үүдэл эсийн цус, өөх тосыг тодорхойлно гэдэг цаг, мөнгө шаардсан төвөгтэй ажил.

Хэдий тийм боловч байгаль орчинд ээлтэй талаас нь харвал, хиймэл мах ургуулахад ус, цахилгаан, газар шороо харьцангуй бага зарцуулдгаараа давуу талтай. Гэвч амьтдыг махны зориулалтаар фермд олноор үржүүлэхдээ өсгөгч гормон, антибиотик ашигладаг зэрэг нь хэдийнээ асуудал үүсгээд байгаа бөгөөд хиймэл махтай холбоотойгоор ийм асуудал ч мөн үүсч болзошгүй юм.

ШИНЭ СОРТ

Жикан Лигийн талаар сонсоогүй хүн цөөн биз ээ. Ургамал үржүүлэгч энэ хятад эрийг зууны онцлох хүн болох эсэхийг чухам цаг хугацаа л шүүн дэнслэх байх.

Тэрбээр өнгөрсөн жил Филиппинд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Олон улсын будаа судлалыг хүрээлэнтэй хамтран 12 жил ажилласны дүнд зуд турхан, үер усны аюул, давстай ус, шавж, өвчинд тэсвэртэй, ургац арвинтай “супер ногоон будаа” хэмээх сортыг гарган авчээ.

Жикан Ли ген хувиргах технологи ашиглалгүйгээр дэлхийн 16 орны хэдэн зуун судлаач, тариаланчтай хамтран ургамал үржүүлгийн уламжлалт аргаар будааны 250 гаруй төрөл зүйлийг гарган авсан байна.

Азийн будааны ургацын өгөөжийг нэмэгдүүлж, нэмээд 100 сая хүнийг ч өлхөн хооллочих уг супер будаа ойрын жилд худалдаанд гарах аж. Ген хувиргах технологи ашигласан ч бай, үгүй ч бай, ургамлын үржүүлэг нь бусад бүх үр тарианы ургац өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Сүүлийн хориод жилийн хугацаанд судалгааны ихэнх мөнгийг ген хувиргах технологид зориулжээ. Гэтэл энд дэлхийн агро химийн салбар нэмэлт аминдэм, энзим, эрүүл өөхөн хүчлээр баяжуулсан, ган гачигт тэсвэртэй эрдэнэ шиш, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шинэ үр тариаг гарган ирж байна. Хэдийгээр хүнд зориулсан вакцин ялгаруулдаг гадил жимс, түргэн бойждог загас, өвчлөлд тэсвэртэй үхэр бий болгохоор зорьж байгаа ч дэлхийн хүн амыг бүхлээр нь тэжээнэ гэдэг юу л бол.

Өнгөрсөн жил манай гарагийн үржил шимт газар нутгийн 10 хувь буюу Герман, Франц, Их Британийг нийлүүлсэнтэй ижил хэмжээний 142 сая га талбайд генийн хувиралд оруулсан үр тариа тариалсан боловч эдгээр нь гол төлөв эрдэнэ шиш, тослог үрийн pane, шар буурцаг байсан тул малын тэжээлд зориулагджээ.

Ногоон цөл

Дэлхийн ихэнх хэсэг дэргэдээ далай бүхий ангамал хуурай цөл байдаг. Далайн давстай усыг ашиглан Чили, Калифорни,
Перу, Дундад Азийн далайн эргийн ойр орчмын цөл газрыг ургамалжуулах технологи бий болох болов уу?

Британийн зохион бүтээгч Чарли Пэтон хүнс ногоо тариалж, эрчим хүч ялгаруулах “далайн усны хүлэмж”-ийн санааг бодож олжээ. Тун энгийн. Байгалийн ус эргэх явцдаа нарны илчинд бүлээсч ууршин улмаар хөрж үүл болоод газар дэлхийд бороо болон буудаг. Пэтоны загвар их ч үгүй, бага ч үгүй, яг л ийм.

Халуун цөлийн агаар ууршин хүлэмжинд ормогц эхлээд хөрж, дараа нь далайн усаар чийгшинэ. Уг чийглэг агаар нь хүлэмж дэх ургамлыг чийгээр хангаад ууршуулагчаар дамжина. Далайн хүйтэн ус бүхий хэд хэдэн хоолойгоор дамжсаны дараа цэвэр ус ялгаруулж хураана.

Хүлэмж нь ургамлыг услахад шаардагдах уснаас тав дахин их цэвэр ус ялгаруулах тул цэвэр усны зарим хэсгийг байгальд тавьж, бусад ургамлыг услах боломжтой.

Халуун цөлийн агаар ууршин хүлэмжинд ормогц эхлээд хөрж, дараа нь далайн усаар чийгшинэ. 

Далайн усны ногоон байгууламж үр дүнтэй болохоо харуулсан бөгөөд энэ онд Норвегийн Засгийн газрын тусламжаар туршилтын томоохон цар хүрээтэй төслийг Иорданы Акабад хэрэгжүүлэх юм.

Сахарын ой төсөл нь 2015 оныг хүртэл хэрэгжих ба хүнсний болон био түлшний зориулалттай үр тариаг янз бүрийн технологийг хослуулан тарих аж.

Энэ нь бараг л боломжгүй гэгддэг газарт хүнсний үр тариа тарих олон зуун технологийн ердөө л ганц нь. Нэн энгийн бөгөөд ирээдүйтэй төлөвлөгөөний нэг нь удаан хугацаанд яригдсаар ирсэн Африкийн агуу ногоон хана юм.

Уг шугаман ой нь 15 км өргөнтэй, 7,775 км урттай бөгөөд Африкийн баруун хэсгийн Сенегалаас зүүн хэсгийн Жибути хүртэлх 11 улсыг дайран гарч, Сахарын цөлийн урагш чиглэсэн нүүдлийг зогсоох, хөрсний элэгдлийг бууруулж салхины хурдыг сааруулах, хурын ус шороонд шингэхэд нь дөхөм болох, жимс, хүнсний ногоо, бусад үр тариа ургах цаг уурын бичил орчин нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

ШАВЖ

Царцаа, голио, аалз, хэдгэнэ, шоргоолж, өт, хорхой зэрэг нь зөвхөн европ, америкийн зоогийн газрын цэсэнд л байдаг гэвэл эндүүрэл. Африк, Латин Америк, Азийн орнуудад эдгээр шавжны 1,400 гаруй төрөл зүйлийг хүнсэндээ хэрэглэдэг.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, дэлхий даяар газар хомсодсон энэ цагт Их Британид шавжны ферм байгуулагдсан нь чухам л нүдээ олсон шийдэл аж.

Хорхой шавж уургаар баян, өөх тос, холестеролгүйгээс гадна кальци, төмөр ихээр агуулдаг. 

Хорхой шавж уургаар баян, өөх тос, холестеролгүйгээс гадна кальци, төмөр ихээр агуулдаг. Тэгээд ч шавж үржүүлгийн аж ахуйд тийм ч том зай талбай хэрэггүй.

Байгаль орчин талаасаа ч уламжлалт фермийг бут цохихоор. Шавж нь ургамлын биомассыг хурдацтай өсч буй мал амьтнаас ч илүүтэйгээр идэж болохуйц мах болгон хувиргахаас гадна хүлэмжийн хий бага ялгаруулна. Тэднийг ердөө л хаягдал зүйлсээр, тухайлбал цаас, замаг, үйлдвэрийн хаягдлаар хооллоход л хангалттай.

“Бичил аж ахуйн” давуу тал их. Тиймдээ ч НҮБ болон Европын холбоо шавж үржүүлгийн аж ахуйг улам өргөтгөх боломж бий эсэхийг сонирхож байна. Данийн Засгийн газар л гэхэд шавжны аж ахуй хэрхэн байгуулах талаар судалж буй. Гэхдээ барууны сэжигч хямсгар зангаасаа болоод шавжинд байдаг уургийг ялган авч болох эсэхийг судлаачдадаа даалгасан гэнэ.

Европын холбоо шавжийг хүнсэнд хэрэглэх явдлыг урамшуулах зорилгоор гишүүн орнууддаа 3 сая ам.доллар өгч, шавжийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгох боломж бий эсэхийг судлахыг судлаач эрдэмтдэд даалгажээ.

Бэлтгэсэн: Н.Хулан

Зураг