Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Монгол Улсын төсвийн орлого 213 тэрбум төгрөгөөр тасраад байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг сонсчээ.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр авсан АН-ын бүлгийн завсарлага маргааш буюу тавдугаар сарын 17-нд дуусах ёстой ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Тиймээс АТГ-ын даргын томилгооны асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг МАН-ын бүлгээс хүргүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн Н.Батбаярын нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь уг хуулийн төсөлд зөвхөн өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солихоор тусгажээ.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Н.Батбаяр гишүүний санаачилсан энэ хуулийн төсөлд өр гэдэг үгийг өглөг гэдэг сольё гэжээ. Өр, өглөг гэдэг үгийг Я.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар толь"-д юу гэж тайлбарласныг харлаа. Тухайлбал, өглөг гэдэг бол өгшөө, өр гэсэн үг. Өр гэдэг бол бусдад өгөх өр, өглөг юм гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үг нь ижил утгатай байна. Хэрвээ өр гэдгийг өглөг гэж соливол одоо мөрдөгдөж байгаа 10 хуульд өөрчлөлт орох юм байна. Өр гэдэг үгийг өглөг гэж солих нь Цагаан сарын ул боовыг хэвийн боов гэж нэрлэдэгтэй ялгаагүй юм. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй  гэж үзсэн" гэв. 

Мөн  тэрбээр төсвийн өнөөгийн ерөнхий байдлын талаар танилцууллаа. Түүний мэдээлснээр  Монгол Улсын төсвийн орлого 213 тэрбум төгрөгөөр тасраад байгаа аж. Оны эхнээс хөрөнгө оруулалт 37 хувьтай байгаа төдийгүй зээлийн үйлчилгээний төлбөр тасарчээ.

Өнөөдрийн байдлаар зээлийн үйлчилгээний төлбөрт 58 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлж чадаагүй байгаа аж. 2017, 2018 оноос манай улс Хөгжлийн банкнаас авсан бонд, "Чингис" бондын төлбөрийг хийх ёстой.

Тухайлбал, 2017 онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед өр авлагатай холбоотой асуудлыг дахин ярьж 2017 оноос эхлэн төлөгдөх үндсэн төлбөрүүдийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-тэй холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.