Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тим Кук: Хятадын апп хөгжүүлэгчид App Store-оос $7 тэрбумыг олоод байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук энэ өдрүүдэд Бээжин хотод айлчилж байна. 2011 онд гүйцэтгэх захирал болсноосоо хойш тэр найм дахь удаагаа Бээжинд ирээд байгаа юм.

Кукийн энэ удаагийн айлчлалын зорилго Хятадын аппликэшн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнд оролцох гэнэ. Тэр бас Баасан гарагт такси дуудлагын үйлчилгээний Диди Чушин компанид нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар болсон.

Хятадын хэвлэлд ярихдаа Тим Кук “Хятадын апп хөгжүүлэгчид App Store-оос $7 тэрбумыг олоод байна. Гайхалтай нь үүний тал хувийг сүүлийн 12 сард олсон байгаа юм. Маш эрчтэй хөгжиж байгааг харж болно” гэжээ.

Кук Хятадын апп хөгжүүлэгчдийг техникийн ур чадварын хувьд хангалттай чадалтай болсон гээд Apple тэдэнд гадаад зах зээлд гарах тал дээр тусална гэж амласан байна.

Тим Кукийн айлчлал Хятадын зах зээлд Apple-ын тулгарсан зарим хүндрэлүүдтэй давцаж байгаагаараа онцлог юм. Тухайлбал iPhone утасны борлуулалт энд буурч, Apple-ын iTunes, iBooks үйлчилгээнүүдийг засгийн газар саяхан хаагаад байгаа.

Одоогоор Кук албаныхантай уулзаж үйлчилгээнүүд хаагдсан асуудлаар ярилцах эсэх нь тодорхойгүй байна.

Кук өнөө өглөө Бээжингийн Apple дэлгүүрт Диди Чушиний ерөнхийлөгч Лю Чиньтэй хамт тус компанийн дуудлагын таксигаар ирсэн нь олны анхаарлыг татжээ.

Эх сурвалж: China Today, Xinhuanet