Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөв тасардгаараа тасарч, татвар төлөгчид мэрийдгээрээ мэрийсээр ….

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 5 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр улсын нэгдсэн төсвийн орлого 663.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. 

Төсвийн орлогын 88.5 хувийг татвар, 11.5 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна гэх ийм мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт цацагдав. Үүнтэй хамт бас нэг сайнгүй мэдээ дуулдсан нь Нийслэлийн төсөв орлогоосоо давж, зургаан тэрбум төгрөгөөр тасарсан явдал. 

Улаанбаатар хот 2016 онд 693.6 тэрбум төгрөгийн орлого олно. Үүний 125.4 тэрбум төгрөгийг эхний гурван сард олж, хотын бүтээн байгуулалт, төрийн албан хаагчдыг цалинжуулах зэрэг асуудлыг санхүүжүүлнэ гэсэн тооцоог НИТХ 2015 онд гаргаж байсан боловч өнөөдөр улсын болон нийслэлийн төсвүүд тасраад байгаа юм.

Энэ бол оны эхний дөрвөн сарын тоон мэдээ. 

Төсвийн орлогын 88.5 хувийг татвар, 11.5 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн

Он дуусахад цаана нь найман сар дутуу байгаа. Жилийн эцэст улсын болон нийслэлийн төсөв ахиад хэдэн төгрөгөөр тасрах бол гэдгийг хэлэхэд эрт байна.

Эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа үед төсөв тасрах нь асуудал биш байж болно. Гэхдээ Засгийн газар үрэлгэн зангаа татчихвал хямралыг зогсоодоггүй юм гэхэд даамжруулахгүй л байх. Энэ удаа улсын төсвийг сульдуулах Засгийн газрын үргүй зардлыг тоймлон хүргэе.

Сонгуулийн жил болоод ч тэр үү энэ онд Засгийн газар ч, Нийслэлийн захиргаа ч мөнгийг баруун солгойгүй цацаж гэж байна. Тухайлбал, “Сайн хашаа” хөтөлбөр боловсруулж нийслэлийн гэр хорооллынхонд дээд тал нь арван сая төгрөгийн, нийт 200 тэрбум төгрөгийн зээл олгох гэж байгаа юм. 

Хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотын гэр хорооллын хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэх ба энд оршин суугчдад жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой.

Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол Засгийн газар төсвөөр дамжуулан, нийслэлийн захиргаа хамтарч, 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцах гэнэ билээ. Үүн дээр “Сайн оюутан” хөтөлбөрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Сонгуулийн насны иргэдийн багагүй хувийг оюутнууд эзэлдэг оюутнуудад зориулсан энэ хөтөлбөр тавдугаар сарын 2-ноос хэрэгжих ба үүнд Засгийн газар мөн л нэлээдгүй хөрөнгө төлөвлөөд байгаа юм. 

Нийслэлийн тухайд Улаанбаатар хотын захиргаа энэ онд таван тэрбум төгрөгийг нэг наст ургамалд зарцуулах гэж байгаа. Угтаа бол удирдлагууд нь хотын цэцэрлэгжүүлэлтэд анхаарлаа хандуулах нэрээр нэг наст ургамал авах нэрийн дор “мөнгө тонших” аргаасаа нэг удаа татгалзчихсан бол нийслэлийн төсөв алдагдалгүй шахам гарах байжээ. 

Хотын удирдлагуудын энэ онд хийх бас нэг үрэлгэн зардал бол Нийслэлийн даншиг наадам.

Хотын удирдлагуудын энэ онд хийх бас нэг үрэлгэн зардал бол Нийслэлийн даншиг наадам.

Энэ наадам ирэх наймдугаар сард болох хэдий ч өнөөдөр төсөв нь батлагдчихсан, ажлууд нь хийгдээд явж байгаа. Найр наадам хийгээд байдаггүй Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд даншиг наадамтай болж бөх, морь, сур харвааны шагналыг улсын наадамтай адилтгах хэмжээнд өгдөг болсон. 

Дээр нь наадмын талбай руу явах унаа хөсөг, наадамчдын тав тухтай орчин, кино хийх, альбом гаргах зэрэг есөн шидийн зардалд Нийслэл өнгөрсөн онд 650 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Ирэх зун болох даншиг наадмын зардал үүнээс давж гарна уу гэхээс дутаж буухгүй нь тодорхой. Үүн дээр зөвхөн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2015 гадаад томилолтын зардал 90 саяд хүрсэн. 

Нийслэлийн удирдлагуудын гадаад томилолтын зардал 500 саяар тоологдож байгаа, Улаанбаатар хот сурталчилгаандаа 2015 онд 125 саяыг, энэ онд үүнээс ихийг төсөвлөсөн гээд үргүй зардлын жагсаалт хэдэн тэрбумаар тоологдоно. Энэ бүх тансаглалын төгсгөлд мөнөөх төсөв тасардгаараа тасарч, татвар төлөгчид мачийдгаараа мачийсаар байх уу. Эрх мэдэлтнүүд энэ асуултад юу гэж хариулах бол?

 

Зураг