Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгийн асуудлаарх 5 талт хэлэлцээрт Монгол улсыг оруулах санал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Өмнөд Солонгос, Хятад, Японы олон улсын харилцааны экспертүүд цуглаж Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах арга замын талаар хэлэлцжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой “зургаан талт хэлэлцээр” олон жилийн турш үргэлжилж байсан ч одоогоор мухардалд ороод байгаа юм. Үүнд Өмнөд ба Хойд Солонгос, Хятад, Япон, Орос, АНУ багтдаг. Уг хэлэлцээр нь 2008 оноос үргэлжлэхээ больж зогсоод байгаа.

Нэгэнт энэ арга зам мухардсан тул Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Гюн-хи өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгосыг оруулаагүй “таван талт хэлэлцээрийн” шинэ формат бий болгохыг уриалсан юм.

Энэ уриалгыг Хятадын тал эхлээд эсэргүүцэж байсан бол сүүлийн үед дэмжих болсон байна. Хойд Солонгосыг дэмжигч өөр нэг оролцогч болох ОХУ мөн эхэн үедээ эсэргүүцэж байсан юм.

Тэгвэл Баасан гарагийн уулзалт дээр Хятадын Циньхуа Их сургуулийн профессор Чу Шулон “таван талт хэлэлцээрийн” форматыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ингэхдээ тэр одоогийн яригдаж байгаа таван улсын дунд түүхэн зөрчил, газар нутгийн маргаан оршиж байгаа нь уг форматыг хэрэгжих, удаан үргэлжлэх боломжийг багасгаж байгааг дурдаад үүнээс сэргийлэхийн тулд нэг оролцогчоор нь Монгол улсыг сонгох санал гаргасан байна.

Чу Шулоны хувилбараар бол таван талт хэлэлцээрт Өмнөд Солонгос, Хятад, Япон, Орос, Монгол оролцох нь илүү үр дүнтэй гэнэ. АНУ-ыг хассан нь Хятад, Америкын талууд Өмнөд Хятадын тэнгист зөрчилтэй байгаатай холбоотой бололтой.

Ингэснээр зөвхөн цөмийн аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй, зүүн хойд Азийн эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хэлэлцдэг бүс нутгийн интеграцийн чухал арга хэмжээ болох ёстой гэжээ.

Судлаачдын уулзалт өчигдөр буюу Бямба гарагт гурван орны оюутнуудын дунд олон улсын хамтын ажиллагааны сэдвийн дор чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулснаар дууссан байна. Арга хэмжээг Солонгосын Олон улс судлалын Ассоциаци (KAIS) зохион байгуулж Өмнөд Солонгос, Хятад, Япон гурван улсын судлаач эрдэмтэд оролцжээ.

 

Эх сурвалж: Korea Times