Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэгсийн хүрээлэн

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 16
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хавар болж, цэцэг, мод тарих ажил ид өрнөж байна. Бид Замын цагдаагийн газраас холгүйхэн орших "Соёолж" дэлгүүрээр орлоо. Бордоо, мандлын цэцэг, бор шороо сурагласан хүмүүс сагс барин алхана. 

Улаан, ягаан, цагаан өнгө алаглах цэцэгсээс ер бишийн тааламжтай, зөөлөн үнэр халхлах аж. Хижээл насны эмэгтэй нэлээд өндөр ургасан цагаан цахирмааг заан, “Хөөх цахирмаа ийм өндөр ургадаг юм уу. Ямар гоё харагдаж байна аа. Манайд ягаан цахирмаа бий. 

Хонхны баяраар сарнай гэхээс илүү цахирмаа, хайтан сонгодог болсон гэнэ.

Гэхдээ цагаан нь илүү гоё юм байна” хэмээн худалдагчтай ярилцах нь сонсогдов. Тус төвд 100 хол давсан төрөл, зүйлийн цэцэг бий гэж худалдагч эмэгтэй сонирхууллаа.

Хонхны баяраар сарнай гэхээс илүү цахирмаа, хайтан сонгодог болсон гэнэ. Иймд сүүлийн үед хамгийн борлуулалттай цэцэгсийн тоонд эл хоёр цэцэг багтжээ. Цэцэгээс гадна хүмүүс зүлгийн үр, том навчит мод худалдаж авдаг болсныг тус компанийн ажилтнууд хэлж байв.

Кактус л гэхэд төрөл том жижгээсээ хамаараад үнийн хувьд хэлбэлзэлтэй харагдсан. Хүүхдэд ээлтэй гэж үздэг зузаахай гурван ч төрөл байна. Дэлгүүрийн байр нэлээд сэрүүхэн байсан нь хэт халуунд цэцэг ядардаг учраас температурыг нь тохируулаад байгаа аж.


ЦЭЦЭГ ХАЛУУЦАХААРАА БУХИМДДАГ

Бид “Соёолж” компанийн заалны зохион байгуулагч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Зүлгийн үр сурагласан хүн нэлээд харагдлаа. Танайд зүлгийн үр хэдэн төрлийнх байгаа вэ?

-Манайх нарийн, бүдүүн, спорт талбайн гээд гурван төрлийн зүлгийн үр зарж байна. Сүүлийн үед тасалгааны цэцэг их эрэлттэй байгаа. Тэр тусмаа цэцэглэдгийг нь хүмүүс их худалдаж авдаг. Мөн агаар чийгшүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохоор навчит ургамал борлуулалт сайтай байдаг.

-Тасалгаанд байлгахад тохиромжгүй цэцэг гэж байдаг уу?

-Ер нь маш ховор доо. Амьд ургамал бүр хүчилтөрөгч ялгаруулдаг учраас “энэ нь хэрэггүй” гээд хэлчих зүйл байхгүй. Харшилдаг цэцэг ч ховорхон.

-Танайх цэцгүүдээ ихэвчлэн импортоор оруулж ирдэг үү?

-Монголд ургадаггүй мод зарим төрлийн цэцэг гээд импортоор 20 гаруй төрлийнхийг оруулж ирдэг. Гэхдээ бид дийлэнхийг нь хүлэмжиндээ тарьж, ургуулдаг. 

-Монголд ургуулах боломжгүй ямар цэцэг байдаг вэ?

-Саваргана, пайлмаа зэрэг модлог ургамлыг ургуулж, үржүүлэхэд орчин нөхцөл нь таарахгүй бэрхшээлтэй байдаг. Тиймээс бид албан байгууллагын эрэлт хэрэгцээнд тохируулж импортоор оруулж ирдэг.

Амьд ургамал бүр хүчилтөрөгч ялгаруулдаг учраас “энэ нь хэрэггүй” гээд хэлчих зүйл байхгүй. 

Манай орчинд орж ирээд дасан зохицохыг нь сонгодог. Сүүлийн үед гарсан шинэлэг ургамлыг оруулж ирдэггүй.

-Шинэ хэрнээ хүмүүс илүү сонирхон худалдаж авдаг модлог ургамал, цэцэг гэвэл?

-Цэцэгт ургамлаас хайтан, цикломен их эрэлттэй байдаг. Хүн бүрийн сонирхол өөр учраас тэр нь их борлуулалттай гэж хэлэхэд түвэгтэй л дээ. Хүмүүс өнгөнд нь дурлаад авчихдаг, ингэж болохгүй

-Цэцэг, модлог ургамал сонирхдог хүмүүс ямар бордоо хэрэглэх ёстой вэ?

-Ургамал хөрснөөсөө үржил шимээ авдаг. Тиймээс хөрс хатууруулж. дагтаршуулдаггүй бордоо сонгох хэрэгтэй. Хөрс их чанартай байх нь чухал. Цэцгийн сав бол ямар ч байж болно.

Гоё чамин саванд хийлээ гээд сайн ургахгүй гэдгийг л анхаарахад илүүдэхгүй. Хөрс бордоолог, тэжээллэг байвал зүгээр. Савны талбай хязгаарлагдмал учраас бага хөрснөөс үржил шим авна гэдгийг бодолцох хэрэгтэй. 

Цэцэгт болон навчит ургамал тусдаа бордоотой байдаг Цэцэгт ургамлыг бордохгүй байхад ургадаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ заавал бордох хэрэгтэй. Хавраас намар хүртэл цэцгийг 14 хоног тутам бордож байх шаардлагатай.

14 хоногт борддог шингэн бордоо бий. Мөн цацаад орхисны дараа 45 хоногт задардаг нь ч байдаг. Хөрсний үржил шим нь дуусаад ирэхээр л навч нь шарлаад, үхжээд эхэлдэг. 

-Танайд хамгийн сайн чанарын бордоо бий юу?

-ОХУ-д үйлдвэрлэсэн агроплант, Германы осмакод гэж бордоо бий. Мөн урд хөршөөс оруулж ирсэн бордоонууд ч чанараар муу биш.

-Ер нь цэцэг сонгож худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ. Хэдэн сарын өмнө, эсвэл хэдхэн хоногийн өмнө тарьсан гэдгийг нь яаж ялгаж таних вэ?

-Навч нь эрүүл, ургалт нь зөв цэх цэцгийг сонгож авах хэрэгтэй. Өнгө үзэмжийг нь хараад, дээрээ гоё цэцэгтэй л байвал сайхан ургана гэж бодоод байдаг. Тийм биш, ургамлынхаа эрүүл, эсэхийг ш л харж сонгох ёстой.

Навч нь эрүүл, ургалт нь зөв цэх цэцгийг сонгож авах хэрэгтэй.

Хүмүүс өнгөнд нь дурлаад авчихдаг, ингэж болохгүй. Чанартай,  баталгаатай цэцэг авахгүй бол зарим газар хортон шавьжинд идэгдчихсэн бараагаа зарчихдаг шүү дээ.

-Цэцэг бөөстөхөд хэрэглэдэг хор байдаг уу?

-Байлгүй яахав. Цацдаг хорыг зааврынх нь дагуу хэрэглээд сэргээх боломжтой. Орчин нь хэт хуурай, эсвэл хэтэрхий чийглэг байвал хортон шавж  үрждэг. Цэцэг ургах уу, үхэх үү гэдэг эзнийх нь арчилгаанаас шалтгаална.

-Тасалгааны цэцгийг хэдэн хэмийн температурт байлгах нь зохимжтой вэ?

-Цэцэг бүр өөр температур шаарддаг. Зарим нь сүүдэр газар, зарим нь нарлаг гээд. Тэгэхээр тасалгааны хэвийн температур 18-аас 25 градус байх ёстой. 25-аас илүү халуун байвал зохимжгүй. Ямар ч цэцгийн ургалтад нөлөө үзүүлнэ.

-Ургамал бухимдах үед ямар шинж тэмдэг ажиглагддаг вэ?

-Ургамал амьд учраас орчиндоо дасан зохицдог. Тиймээс  шинэ цэцэг худалдаж авсан хүн яаран савыг нь солих хэрэггүй. Манай орчноос өөр газарт очоод дасан зохицоход 7-14 хоног болно. Дассаных нь дараа савыг нь сольж, хөрсөө нэмэх хэрэгтэй. Зузаахай бол орчиндоо амархан дасдаг тул өөр саванд шилжүүлэн суулгахад цаг хугацаа шаардахгүй.

Цэцгийг тухайн орчинд нь хурдан дасгая гэвэл харанхуй, чимээ шуугиангүй өрөөнд гурваас тав хоног байлгана. Ингээд дуу чимээ хүсээд ирэхээр нь гаргавал тухайн орчиндоо амархан дасдаг. Ургамал хэт их усалснаас болоод ч мөн адил. Хэт халуун орчинд стрессдэнэ. Хүнтэй зүйрлэвэл ядарч байна л гэсэн үг. Арчилгаа буруу хийснээс болоод ургамал ядарч, навч нь шарлаж унадаг.

-Манай эрдэмтдийн гаргасан гумины бордоо ямар онцлогтой вэ. Хэр чанартай бол?

-Манай улсын Химийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан гумины бордоог бид борлуулж байгаа. Гумин бол ургамлыг бүх талаас нь тэжээдэг. Гэхдээ ихэвчлэн үндсийг сэргээхэд хэрэглэхэд тохиромжтой. Ургамлын үндсийг өтгөн болгож өгдгөөрөө гумины бордоо давуу талтай гэж ярив.

Иргэд цэцэг, зүлэг тарих сонирхолтой болсон нь сайшаалтай ч мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг мөрдөхгүй бол цэцэгсээ бухимдуулдаг тухай тэрбээр хэлж байв. Тус дэлгүүрийн тасаг бүрт цэцэг арчилж, худалдан авагч нарт зөвлөгөө өгдөг ажилтан байдаг аж. Тухайн цэцгийн онцлог, ургалт, хэрхэн арчлах вэ гээд худалдан авагч нарт олон талын мэдээлэл өгч байлаа.


МИНИЙ ТАРЬСАН ЦЭЦЭГС БАЯР БАЯСГАЛАН БЭЛЭГЛЭДЭГ

Бид зүлгийн үр сураглаж явсан хижээл насны эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр өөрийгөө Хан-Уул дүүргийн иргэн Б.Ичинхорлоо гэж танилцуулав. “Би 1985 оноос эхэлж цэцэг тарьсан. Тухайн үед манайх хувийн байшинд амьдардаг байлаа. Ингээд хэсэг завсарлаад, 1990 оноос өнөөг хүртэл цэцэг тарьж байна. 

Тасалгааны цэцгийг арчлахад дадлага, мэдлэг хэрэгтэй байдаг. Социалист нийгмийн үед сонин, сэтгүүлээс л цэцэг арчлах мэдээлэл авдаг байлаа. Би газарзүйч мэргэжилтэй. Хөдөө хөрс, ургамлын судалгаа их хийдэг учраас тэр сонирхлоо дагаад цэцэг тарьдаг болсон.

Цэцэглэдэггүй, хүүхдэд харшил өгдөггүйг нь сонгож тарьдаг. Гэхдээ аль болох хөдөлмөр, мэдлэг шаардсан цэцгүүдийг сонгодог юм. 
Манайд галаксины 10 гаруй төрлийн цэцэг байна. Энэ цэцэг нэг төрөл нь давтагддаггүйгээрээ онцлогтой. Мөн хайтан, цикломен тарьдаг.

Цэцэг бол яг л хүүхэдтэй ижил.

Өвөл зунаар, жилийн дөрвөн улиралд цэцэглэдэг гээд 60 гаруй төрлийн цэцэгтэй болоод байгаа. Цэцэг бол яг л хүүхэдтэй ижил.

Би өглөө босоод цонхоо онгойлгохдоо тарьсан цэцэгсээсээ баяр баясгаланг мэдэрдэг. Орой унтахдаа харж таашаал авдаг. Өглөө босоод цэцэглэсэн байхыг нь харах үнэхээр сайхан. Миний гар утсаар дүүрэн цэцгийн зураг бий. Тасалгаа арай л багадаад байгаа.

Хүмүүст хандаж хэлэхэд харшил өгдөг цэцгийг байнга бордоод байх зохимжгүй байдаг. Би аль болохоор био бордоо бууц хэрэглэдэг. Гол нь хөрсийг нь сайн арчлах хэрэгтэй. Марганцтай усаар зайлбал хөрс халдваргүйжиж эрүүлждэг” гэж ярилаа.

Түүний тарьсан цэцгийн хамгийн урт настай нь зуун наст. ОХУ, БНХАУ гээд зуун наст улс орныхоо онцлогоос хамаараад өөр өөр өнгө төрхтэй байдаг болжээ. Тэрбээр тарьсан цэцгээрээ бизнес хийдэггүй ч найз нарынхаа төрсөн өдрөөр бэлэглэх дуртай гэнэ.
Цэцэг бол хүүхэд шиг учраас худалдах гэхээр сэтгэл хөндүүрлээд байдаг хэмээсэн.

Түүний сонирхол гэр бүлийнхэнд нь нөлөөлж, хань үр хүүхдүүд нь цэцгийн үр худалдаж авч өгдөг болсон аж. Тэднийх гаднаа мандлын цэцгийн 100 гаруй үрсэлгээ бэлтгээд байгаа гэнэ.

Цэцэрлэгжилтийн эрин үе ирснийг хүмүүсийн хүсэл сонирхол гэрчилж байна. Энэхүү эрэлтийг дагаад цэцгийн бизнес чамгүй ашигтай болжээ. Түүнчлэн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтнүүдэд ч ажлын байр олдохгүй гэхийн зовлон алга. Агаарын бохирдол, их хотын дуу чимээний ядаргааг цэцэг тайлдаг учраас хүмүүс түүнд ийн дурладаг ажээ. 

Ойн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"- ийг улс даяар долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд албан байгууллага, иргэдийг идэвхтэй оролдохыг холбогдох газраас санууллаа. 

Иргэн, аж ахуйн нэгж. байгууллага өөрийн өмчлөлийн болон эзэмшил газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхийн хуулиар баталгаажуулж. ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний нэг га нормативт зардлыг 2-3,5 дахин нэмэгдүүлж, нэмэгдсэн төгрөгийн албан татвараас, техник, тоног төхөөрөмжийг аалийн албан татвараас нөлөөлөөд байна.

Мод тарих аяны хүрээнд улсын хэмжээнд 1,1 сая ширхэг мод, сөөг арьснаас 60 орчим хувь нь буюу 5,6 сая ширхэг мод, сөөг сайн ургажээ.

Ойн тухай хуулийн 31.1-д ”...16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана.” гэсэн заалтын хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэв. 

Мөн хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 ам метр.

Гэтэл та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ дөнгөж 3.2 ам метр буюу дэлхийн дунджаас даруй 7.5 дахин бага байна.

Иймээс цаашид тарьсан мод бүрийг эзэнтэй болгож бүртгэлжүүлэх, усалгаа, арчилгаа, хамгаалалтын зардлыг Ойн тухай хуулийн 31.1-д заасны дагуу бүрдүүлэх замаар ургуулахын төлөө ажиллах ёстойг салбарын яамнаас онцлов.

Зураг