Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Германы цахим хөтөлбөр ба Монгол мөрөөдлийн тухай

Н.Батжаргал
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форумаар Монгол мөрөөдлийн тухай хэлэлцсэн нь улс төрчдийн санаачилга гэхээсээ илүү залуучуудын зүгээс нийгэмд дундаж давхаргын тухай “зөв” төсөөлөл бий болгох сайн алхам боллоо гэхэд хэтийдэхгүй биз.

Мөрөөдлийн өнгө, түвшин, хэлбэр олон янз байх нь философийн асуудал, харин Засгийн газрынхаа байшинд, хөрөнгө оруулагчдын дэргэд, эдийн засгийн форумын үеэр ярьж буй мөрөөдөл нь төлөвлөгөө болгож хувиргахад ойрхон, илүү ажил хэрэгч, философи гэхээсээ илүү ойрын ирээдүйн зураглал, оюун санааны төслийн хэлэлцүүлэг юм.

Бидэнд мөрөөдлөө биелүүлэх мөрөөдөл л байгаа боловч олуулаа нийлж мөрөөдөн бодит байдал болгох туршлага алга. 

Бидэнд мөрөөдлөө биелүүлэх мөрөөдөл л байгаа боловч олуулаа нийлж мөрөөдөн бодит байдал болгох туршлага алга.

Улаанбаатар сая давсан хүнтэй том хот боловч нэгдсэн соёл гэж алга, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө дуугардаг олон нийт алга. Гэхдээ үүний эхлэлийг энэ форумаар тавьчихлаа гэж ихэд өөдрөгөөр харж байна, учир нь төрийн ордонд ингэж олуул цуглан “мөрөөдөцгөөсөн” тохиолдол өмнө нь байгаагүй. 

Харин бид мөрөөдлөө бодит байдал болгохдоо хийсвэр төсөөллөөсөө хурдан салах ёстой. Сайхан амьдрах нь мөрөөдөл боловч яг хэдэн төгрөгийн орлого олж байж сайхан амьдрах гэж буйгаа тооцоо хийх ёстой юм.

Яг хэдэн хүн, яг хэдэн төгрөгийн орлого олж байж энэ нийгэмд дундаж давхарга бий болж, сайхан амьдрах мөрөөдлөө биелүүлэх вэ? Яг хэдэн айл, яг хэдэн хос, яг хэдэн хүн мөрөөдлийнхөө төлөө зүтгэхэд “бэв бэлэн” байгаа юм.

Засгийн газраас яг ямар дэмжлэг хүсч байгаа юм. Нэг нь байртай болохыг хүсч байхад, нөгөө нь өдөр тутмын хэрэгцээ хангах машин хүсч байж болно. Засгийн газрын үүрэг хариуцлага бол хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэх явдал биш. Харин тэдний нийтлэг мөрөөдлийг бодит байдал болгож хувиргахад шаардлагатай шийдвэр гаргах үүрэгтэй.

Хэрвээ Монголчууд бодитой мөрөөдөж чадвал хамгийн эхлээд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр цэгцрэх юм, хэрвээ Монголчууд бодитой мөрөөдөж чадвал улс төрчдөд хууртахаа болих юм, бид төлөвлөж чадах мөрөөдөл төсөөлж зураглавал татвар төлж буй төрөөсөө яг хүссэн дэмжлэгээ шаардах боломжтой болох юм. 

Нийгмийн хөгжлийн ийм үе шатыг аль хэдийн туулаад ирчихсэн, Европ төдийгүй дэлхийн эдийн засаг улс төрийн томоохон гүрнүүдийн нэг ХБНГУ-ын Засгийн газраас 2014 оны Наймдугаар сард татвар төлөгчдийн мөнгөөр биелүүлэх мөрөөдлөө Засгийн газрын зорилт болгон баталжээ.

Гэхдээ тэд философи ярьсангүй, 2018 он гэхэд доод тал нь секундэд 50мб –ын хурд бүхий интернэтийн сүлжээг үндэсний хэмжээнд байгуулах зорилтыг холбогдох төсвийн хамт баталжээ.

Үүгээрээ Герман Улс цахим үйлчилгээ хэрэглэх, энэ зах зээлд дэлхийн тэргүүлэгч гүрэн болох мөрөөдлөө төлөвлөгөө болгон баталсан нь энэ. /DE сэтгүүл, 4/2014/ Мөн түүнтэй зэрэгцэн Герман хүмүүс ирэх 10 жилд интернэт тэдний амьдралд ямар өөрчлөлт авчрах тухай төсөөллийг нь тогтоох зорилгоор судалгаа хийн гаргаж иржээ.

Жишээ болгож дурдвал, нийт судалгаанд оролцогчдын 90% нь компаниудын дата буюу цахим мэдээллийн санг зар сурталчилгааны зорилгоор ашиглах явдал улам нэмэгдэнэ гэж үзжээ. Ийм учраас тэдний татварын мөнгөөр санхүүждэг Засгийн газар нь цахим дэд бүтцийг боловсронгуй болгох, интернэтийн стандарт хурдыг эрчимтэй нэмэгдүүлэх арга хэмжээ авч буй нь тэр.

Мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн чухал зүйл бол бодит судалгаа гэдгийг эндээс харж болно.

Одоо харин эдийн засгийн форумд оролцож мөрөөдөл ярьсан залуучуудаас бодит судалгаа хийсэн эсэх талаар асууж, судалгаа байвал түүнийг нь олон нийтэд эртхэн дэлгэж байсан үр дүнтэй юм.

Нийт Германчуудын 79% нь интернэтэд шууд холбогдсон бөгөөд тэдгээрийн 80% нь өдөр бүр онлайн зорчдог.

2014-2017 оны хооронд хэрэгжих ХБНГУ-ын Цахим хөтөлбөр хэмээх энэхүү баримт бичиг нь интернэтийн хэрэглээ соёлын болон эдийн засаг, боловсрол, цахим худалдаа, дотоод улс төрийн бодлого, Герман хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөө үзүүлж буйг судалж тогтоосон тов тодорхой судалгаанд суурилсан юм.

Мөрөөдлөө нэгтгэсний дараа дахин философидож цаг үрэх хэрэггүй гэсэн юм. Холбооны Засгийн газрын статистикийн албаны судалгаагаар, нийт Германчуудын 79% нь интернэтэд шууд холбогдсон бөгөөд тэдгээрийн 80% нь өдөр бүр онлайн зорчдог аж.

Ихэнх Германчуудын хувьд, интернэт бол аль хэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэрэглээ болсон бөгөөд сая сая хүмүүсийн хувьд өглөө хэн нэгний имейлд хариу өгч, ертөнцийн нөгөө өнцөгт байгаа бас нэгэнтэй тав гурван үг сольж, мэдээ мэдээлэл уншиж, банкны дансаа шалгахаас эхэлж байна.

Түүнчлэн, хэн нэгний оруулсан гоё зургийг Фэйсбүүк дээрээ хуваалцаж, төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, амралтын өдрөөр үзэх үзвэрийн тасалбар худалдан авах, гадаад хэлний сургалтад бүртгүүлэх, эсвэл гэртээ үзэх кино татаж авах гэх мэтчилэн үй олон үйлдлийг амжуулдаг болсон байна. Цахим хувьсал нь ажил төрөл, чөлөөт цаг, боловсрол, эрүүл мэнд, медиа болон интернэт худалдаа зэрэг тэдний амьдралын үндсэн төрх, хэв маягийг бүхэлд нь өөрчилж байна. 

2014 оны байдлаар дэлхий даяар 2, 5 тэрбум хүн интернэт хэрэглэж байсан бөгөөд энэ тоо 2019 он гэхэд 2 дахин өсөх тооцоотой байна. Судалгаанд оролцсон Германчуудын 84% нь хүүхэд багачууд компьютер тоглоом тоглохдоо улам их цаг зарцуулах болно гэж үзсэн бол 71% нь цахим худалдаа жирийн дэлгүүрүүдэд ихээхэн шахалт үзүүлэх болно гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн 66% нь эрдэмтэд интернэт дэх хувь хүний мэдээллийн санг хамгаалах технологийг илүү боловсронгуй болгох болно гэж үзсэн бол 57% нь хүмүүс ирээдүйд сошиал сүлжээ болон интернэт дэх өөрсдийн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах тухай илүү бүтээлчээр суралцах болно гэж үзжээ.

2014 оны Германы номын худалдааны Энх тайвны шагнал хүртсэн, Германы интернэт пионерүүдийн нэг Жэрон Ланиер “Цахим амьдралын хэв маяг нь бидний соёл болон улс төрийн бодлогод шуугиант өөрчлөлтүүдийг авчирсан юм, магадгүй хүн бүр энэ тухай мэдэхгүй байж болно, гэхдээ энэ шуугиан нь интернэтийн сүүдэртэй, бараан талыг ч мөн хамт авч ирсэн” хэмээн өгүүлж байна.

Холбооны Засгийн газрын гадаад хэргийн сайд Фрэнк Волтер Штайнмейр 2014 оны Зургаадугаар сард Берлинд болсон Атлантын орнуудын цахим харилцааны талаарх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Интернэт дэх мэдээллийн санд маш их хүч чадал, эрх мэдэл бий, харин энэ нь хуульд захирагдах ёстой” хэмээн өгүүлснээс харахад Герман Улс олон улсын цахим харилцааны бодлогод хүчтэй анхаарч, чөлөөтэй, нээлттэй аюулгүй цахим орчинг бүрдүүлэх талаар олон улсын хамтрагч нартайгаа харилцан ярилцахыг зорьж байгаа нь илэрхий байна. 

Цахим хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь иргэн бүрт цахим хөгжлийн боломж олгох явдал юм. Үүний тулд дараах долоон үндсэн салбарт эрчимтэй өөрчлөлт гарна гэж тэд тооцжээ. Үүнд:

Цахим дэд бүтэц 

Герман Улс цахим үйлчилгээ хэрэглэх, энэ зах зээлд нэвтрэх талаар дэлхийд тэргүүлэгч орон болохыг эрмэлзэж байна.

Холбооны Засгийн газраас үр ашигтай технологи бүхий үндэсний хэмжээний өргөн зурвасын дэд бүтцийг байгуулж, 2018 он гэхэд интернэтийн хурдыг доод тал нь секундэд 50мб болгох 

Цахим эдийн засаг ба Цахим ажлын байр

Цахим өсөлтөөр Европын тэргүүлэх орон болох, амжилттай яваа гарааны бизнесүүдийн шинэ санал, санаачилгыг дэмжих гол хөдөлгөгч хүч болох 

Засаг захиргааны бүтээлч шинэчлэл

Холбооны Засгийн газраас засаг захиргааны цахим өөрчлөлтийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэхүү шинэчлэлийг 2020 оны Цахим Засаг хөтөлбөрт уялдуулан зохицуулах

Нийгэмд цахим хүрээлэн орчныг бий болгох

Холбооны Засгийн газраас хүн амын аль болох өргөн хэмжээний төлөөллийг оролцуулж, цахимжиж буй дэлхий ертөнцөд хэрхэн хамтран ажиллаж, амьдрах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийг эрмэлзэж байна

Боловсрол, судалгаа, шинжлэх ухаан, соёл болон медиа

Томоохон хэмжээний хүчин чармайлт болгож боловсрол, судалгаа, дэд бүтцэд гэсэн гол чухал салбаруудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, цахимжих үйл явцын үр дүнд бий болсон оролцоо, хөгжлийн шинэ боломжуудыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар оновчтой бодлого боловсруулах

Нийгэм эдийн засагт аюулгүй байдал, хамгаалалт, итгэл бий болгох

Системийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн хамгаалалт нь Цахим хөтөлбөрийн бүх түвшинд хамаарах гол түлхүүр зорилт байх болно

Цахим хөтөлбөрийн Европын болон Олон улсын хамрах хүрээ

ХБНГУ-ын Засгийн газраас интернэтийг нийгмийн оролцоо, олон ургальч үзэл, шинэ санаачилгад зориулсан чөлөөт, аюулгүй, нээлттэй орчин болгохыг хүсээд зогсохгүй мөн ажлын байр бий болгох, өсөлт хөгжлийн хөдөлгөгч хүч болгон хөгжүүлж, хамгаалахыг хүсч байна.

Мөн Европын болон олон улсын байгууллагуудын Цахим хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаар шийдвэрлэжээ.


Нарийн тооцоотой, асуудалд яг таг ханддаг Германчуудын магадгүй, богино хугацааны гэж хэлж болох мөрөөдөл төсөөллийг Засгийн газрынх нь зүгээс төлөвлөгөө болгож хувиргасан нь энэ. Ганцаараа мөрөөдвөл тэр мөрөөдөл хэвээрээ л байх болно, олуулаа мөрөөдвөл сая бодит байдал болж хувирна гэх Жон Ленноны хэлсэн үг байдаг.

2014 оны Аравдугаар сард Хамбургт болсон Олон улсын Мэдээллийн технологийн VIII дахь уулзалтын үеэр дэлхийн судалгаа, бизнес, улс төр эдийн засгийн өндөр түвшний 800 гаруй төлөөлөгчид цугларч “Цахим шилжилтийн үед шинийг санаачлан, хараат бусаар, хамтран ажиллаж, амьдрах нь” уриан дор хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Олон улсын цахим бодлогын шинжээч, Элчин сайд, доктор Норберт Риедэл “DE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ардчилал эрх чөлөөг шаарддаг, эрх чөлөө нь төрийн хяналтгүй орон зайг шаарддаг. Бид интернэт орчинд хүний эрхийг хамгаалах асуудлыг дэмжиж байгаа. Интернэт дэх хүний эрх нь бодит амьдрал дээрхтэй яг адилхан нөхцөл байдлыг шаарддаг” хэмээн өгүүлж байна. 

Иймэрхүү харьцуулалт, судалгааны материалыг үй олноор үзэж болно. Улс төр, соёл, нийгмийн амьдрал дахь оролцоо, мэдээлэл харилцаа гэх мэт өдөр тутмын амьдралын хэв маяг интернэтээс улам бүр хамааралтай болж буй өнөө цаг үед өндөр хөгжилтэй Европын орны нэг жишээ иймэрхүү. Харин бид, Монгол мөрөөдлөө “мөрөөдөж биелүүлэх үү”, “төлөвлөж биелүүлэх үү” гэдгээ түргэхэн шиг эргэж бодох цаг болж.

Өгүүллийг Н.Батжаргал

TW: @batjargaln

Зураг
13 | 18 | 18 цаг