Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын туннелиэс уруудах замд осол гарсан талаар ТЦА-наас мэдээлэл өглөө.
Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын туннелиэс уруудах замд суудлын хоёр машин мөргөлдсөн ослын дуудлага мэдээлэл өнөөдөр/2024.05.01/ өглөө 06:58 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.
Цагдаагийн байгууллагаас хоёр жолоочийг байлцуулж, хэргийн газрын үзлэг хийгдсэн.
Ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдэж, нэг жолооч эрүүл мэндийн байгууллагын хяналтад буюу гадуур үзүүлж байгаа. Хүний амь нас хохирсон, нэг жолооч нь байхгүй болсон гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.
Одоо ТЦА-ны мөрдөн шалгах хэлтэст хуулийн дагуу осол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тодорхойлох боломжгүйг хэллээ.