Уншиж байна ...

Д.Амарбаясгалан: Аялал жуулчлалын салбарт ажиллах хүн эрс цөөрсөн учраас гадаадаас ажиллах хүч авах боломжийг нээсэн

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан.

Өнгөрсөн оноос аялал жуулчлалын салбарын сэргэлт бодитоор бий болсон. Тодруулбал жилд 600-700 сая ам.долларын орлогыг энэ салбар эдийн засагт төвлөрүүлдэг байсан бол 1.2 тэрбум ам.доллар болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

2024 онд Монголд зочлох гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог аялал жуулчлалын салбарынхан гаргаж байгаа. Тиймээс аялал жуулчлалын салбарын сэргэлтийг дэмжих үүднээс Засгийн газар хоёр төрлийн арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна.

Аялал жуулчлалын салбар ажиллах хүчний хомсдолд орчихжээ. Цалин хангамж муугаас үүдэн аялал жуулчлалын салбарт ажиллах хүмүүс эрс цөөрсөн учраас гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах боломжийг нээж өгсөн.

Ямар нэгэн квотгүйгээр ажилчдыг татан төвлөрүүлэх боломж нээлттэй болсон" гэлээ. 

Мөн "Гадаад, дотоодын жуулчдад тулгардаг нэг хүндрэлтэй асуудал нь амралтын төвлөрсөн цэгийн үйлчилгээ. Ийм үйлчилгээ орон нутагт дутмаг байгаа тухай гомдол их бий. Ялангуяа орон нутгийн зам дагасан үйлчилгээ сул.

Тэгвэл Засгийн газар, холбогдох яамдаас зам дагасан хөгжил, дэд бүтцийг бодитой бий болгох зорилготойгоор тогтоолын төслийг баталлаа. 

Уг тогтоолын төсөл батлагдсанаар зам дагасан аялал жуулчлалын зориулалттай амралтын нэг цэгийн үйлчилгээний газрыг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр аялал жуулчлалын салбарынханд олгох боломжийг нээх юм. Ингэснээр аялал жуулчлалын салбар дотоодынхоо эдийн засагт үзүүлэх нөлөө бодитой нэмэгдэнэ" хэмээв.