Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чулуунбаатар: Хур тунадас нэмэгдүүлэх ГЕНЕРАТОР 38 газарт БЭЛДСЭН

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ой хээрийн түймэр, ан агнуурын асуудлаар БОНХАЖ-ны холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

БОНХАЖ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатар "Манай хээрийн бүс нутаг болох Хэнтий, Сүхбаатар аймгуудаар түймрийн улирал жил бүр ирдэг.

2016 онд улсын хэмжээнд 4 аймгийн 9 суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарсан. 2014 оны 04 дүгээр сарын байдалтай харьцуулахад түймэр гарсан тоо нь 4.4 дахин бага байгаа юм.

Энэ жилийн хувьд түймрийн улирал хожуу эхэлж байгаа, мөн түймэр гарсан тоо нь бага байна. Энэ нь бид урьдчилсан бэлтгэлийг сайтар хийх шаардлагатай гэсэн үг юм.

Улсын хэмжээнд цаг агаар дулаарч зүүн болон тавийн аймгуудад цас хайлж хуурайшилт нэмэгдэж байгаа нь ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөлийг бүрдүүлж байна.

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрен, Сэлэнгэ аймгийн бүх сумд, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнод аймгийн Дашбалбар зэрэг газрууд түймрийн аюулын гуравдугаар зэрэг буюу аюултай зэрэглэлд ороод байна.

Тус байдалтай холбогдуулан БОНХАЖЯ-с дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай БОНХАЖ-ын сайдын 2016 оны А/80 тоот тушаал гарч, түймрийн эрсдэл бүхий 16 аймгийн ЗДТГ болон БОАЖГ, нийслэлийн ЗДТГ, БОНХАЖГ, УТХГ-ын хамгаалалтын захиргаадад тус тус хүргүүлсэн.
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүрийг ажиллуулж эхэллээ. 
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж өгөх зэргээр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон.
  • Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгийн 35 экспедиц, 38 газрын генераторуудыг байнгын бэлэн байдалд байлгаж, шаардлагатай тохиолдолд ажиллуулахад бэлэн байна.
  • Ус, цаг уур орчны мэдээлэл судалгааны хүрээлэнгээс сансрын хиймэл дагуулын зургаар 7 удаагийн түймрийг илрүүлж, цаг уурын нөхцөлөөр өдөр тутмын түймрийн аюултай хуурайшилтын зэргийг тогтоож ОБЕГ болон бусад холбогдох газруудад үйлчилж эхэллээ.

Цаашид анхаарах зүйлс:

Сүүлийн үед орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бугын эвэр, чив, сүүл авна гэсэн зараар иргэдийн ой, хээрт зорчих хөдөлгөөн олширсон. Энэ нь түймэр гарах магадлалыг ихэсгэж байна гэдгийг анхааруулж хэлмээр байна. 

Хориотой бүсэд нэвтрэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү зарыг тараах зэргийг зогсооно уу гэж хүсмээр байна.

  • Тухайн аймаг, орон нутгийн цаг уурын нөхцөлөөр тогтоосон түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулахыг албаны хүмүүст үүрэг болгосон. Иргэд, албан байгууллага ч гэсэн анхаарч ажиллахыг хүсч байна. 
  • Иргэд аялал зугаалга, амралт, сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангах, амь нас, эд хөрөнгөө ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

БОНХАЖ-ны Ан амьтан хариуцсан мэргэжилтэн А.Баясгалан "Ой хээрийн түймэр гарах аюултай үед /гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 15 хүртэл/ бугын эвэр, чив, сүүлийг олох гэж ой руу явах хүмүүс их болдог.

Гэвч сайдын гаргасан 2014 оны А/64 тушаалаар ой хээрийн түймэр гарах аюултай үед ой руу явах, улмаар бугын эвэр, чив, сүүлийг худалдан авах, худалдах зэргийг хориглосон байдаг. Түүнчлэн ан агнуур, загас барихыг хориглосон хугацаа гэж байдаг. Иргэд хуультайгаа сайн танилцаарай гэж хэлмээр байна.

Тиймээс хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг анхааруулж байна. 

Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд ан агнуур хийсэн, ховор амьтныг тээвэрлэсэн бол хуулийн дагуу эрүүгийн харицулага тооцдог" гэв.