Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хил даван чимээгүйхэн одох хайлуур жоншоо өөд нь татъя

Ч.Чулуунцэцэг
2016 оны 3 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Эдийн засгийн хямрал үргэлжилсээр. Жилийн өмнө “Атар” талхыг дөрөв хуваан худалдаж авдаг байсан иргэдийн амьдрал дордсоор  эдүгээ найм хуваагаад ч түүнийхээ үнийг дийлэхээ больж  байх шиг байна. 

Харин эрхэм эрх баригчдын тархинд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, тойрог олох тухай бодол эргэлдэж, юун эдийн засгийн хямрал, ард түмний амьдрал манатай яваа бололтой. 

Ийм цаг үе дор та бид амьдарсаар. Монголын төр хямралыг давж гарах бодлогын баримт бичиг ч үгүй л дөрвөн жилийг барж байна. Эрдэмтэн мэргэд нь ч таг чиг. Тэгэхээр Монгол хүн хожмын өдрийн юунд нь найдах болж байна вэ. Алт хэмээн гараа өргөх нэгэн байх л юм биз.

Жилд 20 тонн алт олборлож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал засаг, төрийн хэмжээнд яригдаж, ажил хэрэг болгохын төлөө чардайж байгаа нь үнэн.

Монголын төр хямралыг давж гарах бодлогын баримт бичиг ч үгүй л дөрвөн жилийг барж байна. 

Гэвч энэ нь хэр оновчтой шийдвэр, авралын  гарц болохыг дүгнэхэд эрт. Ямартай ч дэлхийн зах зээл дэх унц алтны ханш өссөөр өнөөдрийн байдлаар 1,239 ам. доллар болжээ.

Маргааш эл үзүүлэлт хэвээр үргэлжлэх үү, ханш нь буурч, тонн байцааны үнэтэй дүйх үү гэдгийг  хэн ч хэлж эс чадна. Гагцхүү бурхан мэдэх хэрэг. Манайхан нэг хэсэг нүүрсэндээ онцгой ач холбогдол өгч, тэнгэрт суудал зассан юм шиг аархаж байгаад яалаа. Эдүгээ нүүрс олборлодог  аж ахуйн нэгжүүд дараалан хаалгаа барин дампуурч, талбай дээрхээ үнс болгон салхинд  хийсгэчихгүйн тулд тонн байцааны  үнээр ч болов өгөхийн төлөө  харийнхны хөлд сөгдөх дээрээ тулж   байгаа нь нууц биш. 

Тиймээс учирч болзошгүй эрсдлийг ямагт давхар бодож явах ёстой болов уу. Энэ бүхнийг улиглахын учир Монгол Улс эдийн засгийн хувьд баттай орших, байх нөхцөлд сайнаар нөлөөлөх бас нэг баялаг нь жонш.

Үнэ ханшийн хувьд алттай дүйцэхүйц өндөр биш ч нүүрс шиг шалдаа буучихаагүй байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 75 хувийн агуулгатай  бүхэллэг жонш тонн нь 130-185 ам.доллар, флотацийн баяжмал 195 ам.доллар байгааг өөд татчихвал хэсэг хугацаанд ч болов эдийн засгаа сэв хийлгээд авах боломж байж мэднэ. 

Тэгээд ч Монгол Улс 2016 оны байдлаар 104.116 сая тонн хайлуур жоншны хүдрийн нөөцтэй гэж бүртгэгджээ. Нөөцийн хэмжээг өшөө ч  өсгөх боломжтой хэмээн уул уурхайн салбарынхан үздэг юм билээ.

Тэгэхээр энэ бүхэн  дэлхийн жоншны зах зээлийг Монгол атгах нөхцөл нь болж, үнэ ханшийг  тогтоодог байж яагаад болохгүй гэж. Ингэж мандаж явсан үе бидний түүхэнд бий. Социалист нийгмийн үед манай улс  дэлхийн жоншны зах зээлийг тодорхойлолцож, Бор- Өндөр, Бэрхийн уурхайгаас жилд сая 200 мянган тонн баяжмал олборлон ЗХУ руу экспортолдог байсан гэдэг. 

Тухайн үеийн зах зээлийн хэрэгцээ шаардлага эдүгээ нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Өнөөдөр жоншийг дэлхийн хэмжээнд өндөр үнэт бүхий экспортын бүтээгдэхүүн гэж үзээд зогсохгүй аж үйлдвэрийн салбарын нэн чухал түүхий эд, стратегийн баялаг гэх болсон байна. Учир нь жонш нь ган, хөнгөнцагаан хайлуулах үйлдвэр, шил, линз, паалан, пластик, газрын тосны боловсруулалтын гол түүхий эд аж.

 Тиймээс Монгол Улс жоншоо экспортын бараа бүтээгдэхүүн гэж харахаас илүүтэй бусдын адил стратегийн чухал түүхий эд хэмээн үзэж, жоншны салбарыг тодорхой бодлого, системтэйгээр хөгжүүлэх цаг болжээ. 

Монгол Улс 2016 оны байдлаар 104.116 сая тонн хайлуур жоншны хүдрийн нөөцтэй гэж бүртгэгджээ. 

Ингэж чадаагүй, бодлогогүйн  гороор Монгол Улс өнөөдөр жилд 280,3 мянгахан тонн жонш олборлон түүнийгээ БНХАУ, ОХУ, Киргизистан, Украйн, БНСУ зэрэг улсуудад  гаргаж байгаа нь дэндүү харамсалтай үзүүлэлт биш гэж үү.

Тэр хэрээр экспортын хэмжээ буурч, улс орноороо эдийн засгийн хямралын өмнө өвдөг сөгдөж мэдэхээр байдалд очиж мэднэ. Нөгөөтэйгүүр, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ богино хугацаанд ингэж буурч байгаад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлийн эхнийх нь мэдээж, түүхий эдийн гол нийлүүлэгч  гэж хэлж болох Бор-Өндөр, Бэрхийн уурхайн үйл ажиллагаа зарим талаар зогссон явдал.   

Хоёр дахь нь жоншны зарим жижиг орд, илэрцүүдэд иргэд хувиараа олборлолт явуулаад зогсохгүй стандартын шаардлага хан­гаа­гүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зарим тохиолдолд Монголоос экспортолж байгаа жоншны бүтээгдэхүүний үнээс доогуур ханшаар борлуулдаг  байдал. Чойр, Бор- Өндөр, Бэрх орчимд орон нутгийн мянга гаруй иргэн гар аргаар жонш олборлон хятад ченжүүдэд газар дээр нь тонныг нь 20 ам.доллараар худалдаалсаар миний мэдэхийн арав шахам жилийн нүүр үзэж буй.

Энэ мэтэд шүүмжлэлтэй хандан асуудлыг  мушгих аваас Монгол Улс жонш экспортолдгоо мартаж орхио юу даа гэж хэлж болохоор. Харин асуудлыг зөвтгөн, өөрсдийгөө өмгөөлөх гэвэл дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй гангын үйлдвэрлэлийн  хэмжээ эрс багассан байдал экспортод  нөлөөлсөн гэж тайлбарлаж болно. Ийм төвшинд яваа атлаа л Монгол Улс экспортынхоо хэмжээгээр БНХАУ, Мексикийн дараа бичигддэг хэвээр.   

Ашигт малтмалын газраас гаргадаг статистик мэдээллээс иш татахад, 2016 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт ашиглалтын 1,508 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 10.6 хувь нь жоншны тусгай зөвшөөрөл эзэлж буй юм байна.

Тодруулж хэлбэл, 126 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах эрхтэй ч дөнгөж  30 нь л идэвхитэй ажилладаг аж. Иймэрхүү явуургүй үйл ажиллагаанаас  болоод стратегийн  нэн чухал баялаг  урд хилээр чимээгүйхэн гадагшаа  одоод байна уу даа.  

Учир иймээс төр, засаг 2014 оноос хойш нухсан “Жонш хөтөлбөр”-өө бэлэн болгож, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх, аж үйлдвэрийн салбарын гол түүхий эд болох жоншоо хэмээн өөд татаж, гадагшаа түүхийгээр нь хямд өртгөөр гаргах бус боловсруулах үйлдвэр байгуулж, стратегийн түүхий эдийн хэмжээнд авч үзэх цаг болжээ. Мөн эдүгээ асуудал үүсгээд байгаа баяжуулах үйлдвэрүүдийг  орд газартай болгох, жоншны экспортод төр зарим зохицуулалтыг хийж өгмөөр байгаа юм.   

Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Зууннастаас тодруулахад ”Манай улс хайлуур жоншны үйлдвэрлэлийг тодорхой хугацаанд тогтвортой явуулах нөөцөөр хангагдсан хэдий ч өндөр агуулгатай хүдэр бүхий томоохон орд газруудын тоо багассан.  Өөрөөр хэлбэл,  хайлуур жоншны олборлох үйлдвэрүүдийн үйлдвэрлэлээ явуулж байгаа ордуудын хүдрийн агуулга энэ төрлийн бүтээгдэхүүнээр тэргүүлдэг орнуудын хайлуур жоншны хүдрийн агуулгаас бараг хоёр дахин ядуу агуулгатай болж, уул-геологийн нөхцөл  нь жилээс жилд хүндэрч эхэлсэн. 

Мөн тогтоогдоод байгаа жоншны нөөцийг зах зээлийн шаардлагад нийцүүлэн эдийн засгийн үнэлгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Тэрчлэн нөөц нь бүрэн тогтоогдоогүй ордуудад геологи хайгуулын ажил явуулж өндөр агуулгатай хүдрийн бүсүүдийг нарийвчлан судалж ашиглалтад бэлтгэх нь чухал юм.   

Уул уурхайн яамнаас “Жонш хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох яамдаас санал авахаар бэлтгэж байна.  

Түүнчлэн  Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах, төр, хувийн хэвшлийнхнээр  хайлуур жоншны сэдэвчилсэн судалгааг  хийлгэх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажил­лах, тодорхой хөтөлбөр боловс­руулан ажиллаж байгаа ба Зас­гийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэр­гүүн ээлжинд экспортын хэм­жээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уур­хайг хөгжүүлэхэд идэвх санаа­чил­гатай ажиллах, жоншны металлургийн болон флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловс­руулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам , Хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна” гэсэн юм.  

Юутай ч салбарын яам нь чадлынхаа хэрээр зүтгэж байгаа нь сайн хэрэг. Асуудлыг хурдавчлахгүй бол Монгол Улс хямралыг сөрөх бус дагаад урсч мэдэхээр байгааг хаа хаана аа бодмоор байна.

Зураг