Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Богдын торгон цэргийн дарга Тогтох тайж

МОНСУДАР
2015 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хутагтын торгон цэргийн захирал, нэрд гарсан Тогтохтой уулзлаа. Намайг Бээжинд элчингээр байх үед өөрийг нь баривчлахаар Манжуураас явуулсан Хятад цэргээс дутаан 1911 онд Оросын нутагт очиж нуугдсан энэ Тогтохын талаар Хятадын засгийн газар манайтай хэлэлцэж байсан билээ. 

Тогтох бол Куань чэнцза (Гуанжоу) хотын ойролцоо Горлос хошуунд төрсөн, тайж гаралтай эр байлаа. Туршуулын баг цэргийг толгойлон өөрийн нь өргөөнд тулж очсон япон цэргийн нэг даргыг тэрээр санаандгүй алчихсан аж. 

Япончууд алуурчныг шийтгэх юм уу, өөрсдөд нь өгөхийг шаардаж, Хятадын засгийн газар мань эрийг баривчлуулахаар цэрэг илгээжээ. Гэтэл Тогтох тэднийг үлдэн хөөж,ууланд гарч шивээлэн, оргодол босуул цэргүүдээр бүлэг байгуулж, гол төлөв хятадуудын жин, хөсгийг дээрэмдэх болсон байна. 

Орон нутгийн эрх баригчид түүнийг нэг бус удаа оролдож, цэрэг илгээж байсан ч Тогтох тэдний мөрдлөгөөс амжилттай зайлж чаддаг байснаар үл барам,заримдаа хятад цэргүүд рүү уулгалан довтолж байлаа.

1908 оны эхээр Тогтох тайж [өөрийг нь барихаар очсон] Хятад цэргийн мөрдлөгөөс амь зулбан дутааж явахдаа Амур мөрний хавь газрын харуулын цэргийн захирал, генерал Чичаговт хандан Дорнод Хятадын төмөр замын манай зурвасаар дамжин Халх руу очихыг нь зөвшөөрөхийг гуйжээ. 

1908 оны 8-р сард намайг Харбинаар дамжин Бээжин рүү явж байхад Чичагов энэ эрийн хүсэлтийг надад уламжилсан билээ. Хятадын тухайд эвлэрэн найрамдах бодлого баримталж байсан,Бээжингийн засгийн газартай хамгийн ойр дотно харилцаа тогтоох зааварчилгаа авсны улмаас би татгалзсан хариу өгсөн бөгөөд Тогтох тайжийг хаацайлах нь тийм тохиромжтой бишийг тайлбарласан юм (энэ Монголд нууцаар дэмжлэг үзүүлэх эрхийг би түүнд олгов). 

Үүний дараа Тогтох гол төлөв Манжуурын баруун талын нутаг оронд баатарлаг үйлсээ үргэлжлүүлсээр хятадуудын аргыг барж, цаадуул нь байж ядахдаа Тогтох тайжийн толгойг их хэмжээний мөнгөөр үнэлсэн гэдэг. Чингэхийн ялдамд тусгай баг цэрэг илгээсэн нь Тогтохыг цаг үргэлж мөрдөн мөшгөсөөр 1911 оны эцсээр аргагүйн эрхэнд Өргөө рүү дутаахад түүнийг хүргэсэн аж. Тэндээс холгүй газарт Тогтох Хятад цэргийг бут цохин Оросын хилийг даван орсонд цаадуул нь зочломтгой зан гарган угтжээ. 

 

Хятадын засгийн газар мэдэгдэл хүргүүлж “морьт дээрэмчнийг” өөрсдийн нь гарт өгөхийг хүсэхэд хятадууд янз бүрийн маргаантай асуудлаар ам нээж тохиролцохгүй байгааг би харгалзан Тогтох улс төрийн орогнол хүсэгчийн хувьд эндээ үлдэх ёстой гэсэн хариул төгсөн билээ. Манай энэ хариулт Бээжингийн засгийн газрын дургүйцлийг төрүүлж, биднийг гэрээний заалтуудаа зөрчсөн, Хятад улсын дайсныг орогнуулж байна хэмээн буруутгах болов.

1911 оны 11-р сард Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглахад Тогтох цэргүүдийнхээ хамт [бүлэг дээрэмчидтэйгээ] Монголын нутагт дахин орж ирэн Өргөөд хүрч, шинэ засгийн газрын үнэнч албат байхаа илэрхийлэн хүчин зүтгэе хэмээсэн байна. Хутагт түүнд гүнгийн зэрэг олгон, торгон цэргийнхээ захирагч болгожээ.

Ийнхүү Тогтох зовж зүдэрсэн биеэ амраан, алдар нэр дунд умбах болов. Ихэвчлэн харчин нараас бүрдсэн түүний цэргээс монголчууд айн болгоомжилдог бололтой байлаа. Тогтох гүнгийн зарим цэрэг Ховд хотыг дайран эзлэхэд оролцжээ.

Тогтох бол өндөр нуруутай, туранхай, аятайхан [хараа булаасан], төв сайхан царайтай, догшин ширүүн харцтай эр бөгөөд Монгол эрчүүдийн нэгэн адил гэзэг тавьжээ. Одоо харин гол төлөв хар тамхи татдагийнхаа гайгаар эрүүл мэнд нь ихэд муудаж, илт турж эцсэн байлаа. Цэргүүд нь манай хасаг эрчүүдэд халдаж, элдвээр өдөж сөдөөд байгаа талаар би түүнд үгийн далимд дуулгаад миний цэргүүд монголчуудын өөрсдийн нь хүсэлтийн дагуу тэднийг хятадуудаас хамгаалахын тулд Өргөөд ирсэн болохыг цэргүүддээ тайлбарлахыг түүнд зөвлөн, эс тэгвэл байдал муугаар эргэж болзошгүйг анхааруулав. 

Тогтох зохих арга хэмжээ авна,учир байдлыг цэргүүддээ тайлбарлана гэж амлалаа. Тэрээр бидний хэлэлцээрийн явцыг сонирхож, Өвөр Монголыг нэгтгэхийн төлөө байгаагаа хэллээ. Хятадууд хоёр хүүг нь барьж аваад Мүгдэнгийн гянданд хорьж байгааг Тогтох дурдаад “Мэйю фадза!” гэсэн нь “Яах ч арга алга даа!”гэсэн үг байжээ. Орост байсан тухайгаа ярихдаа тэрээр туйлын сэтгэл ханамжтай болж, Оросын нутгийн эрх баригчдын түүнд хандсан талаар, Хиагт болон Дээд-Үүдэд өөрт нь үзүүлсэн хүндэтгэл хүлээн авалтыг шагшин магтаж байлаа.

Тогтохынд зочлов

Тэрээр Хүрээний дотор, хятад байшинг засаж янзалсан тун сайхан байранд суудаг ажээ. Хагас Хятад, хагас европ маягаар дотор талаа тохижуулсан бөгөөд ханаа хямдхан цаасаар бүрж,хоёр давхар цонх хийн шалаа хивсээр бүрсэн байлаа. Орох хаалганы дэргэд тод өнгийн торгон хүрэм өмсөж, сэлээдий буу зүүсэн сүрлэг цэрэг эрс угтан авав. Залуухан царайлаг халх эхнэрийнхээ хийж өгсөн өрөмтэй цайгаар Тогтох биднийг дайллаа. 

Өргөөнд нь ирсэнд минь талархаж буйгаа илэрхийлээд Баатар цагаан хааны хайр хишгийн талаар яриа эхэлж, өөрийгөө Оросын харьяат (гэхдээ харьяат болоогүй ажээ хэмээгээд, өөрт нь хүртээсэн мөнгөн медалийг ихэд бахархалтайгаар надад үзүүлэв. Бид хоёрыг ярилцаж байх үед Жамба гэгч ирлээ хэмээн илтгэлээ. Тэр бол хятадуудын талд урваад, монголчууддаа олзлогдон эргэж ирсэн Монгол ноён ажээ. Одоо түүнийг урвасны төлөө шүүх юм байна.

Оросууд биднээс тусламж мөнгө гуйх санаатай Удай ван 1 [энэ хүний талаар би өмнө нь дурдсан билээ] наашаа ирж явааг ярилцагч маань дуулгалаа. Тогтох ч гэсэн үгийнхээ далимд монголчуудын цэрэг зэвсэг нэн дорой байгааг, манай цэргүүд өөрийнхөд нь шахалт хавчилт үзүүлж байна хэмээн гомдол мэдүүлэв. Миний сонссоноор Тогтохын цэргүүд л өөрсдөө манайхныг өдөх болсон [өөрөөр хэлбэл, огт эсрэгээрээ],эцэс сүүлдээ мөргөлдөөн болж ч магадгүй байна хэмээн би хариуллаа.

Эх сурвалж: И. Я. Коростовец, Монголд өнгөрүүлсэн 9 сар 
 

 

Энэхүү бүтээлээс XX зууны эхэн үеийн Монголчуудын төрх байдал, амьдралын хэв маяг улс төрийн байр суурь зэргийн талаар тодорхой төсөөлөлтэй болохын зэрэгцээ Их гүрний бодлого, жижиг буурай оронд хэрхэн нөлөөлж эдийн засгийн давуу байдал тогтоож болдгыг харах боломжтой.

“Интерном” номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.