Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын армийн довтолгооноос ямар аргаар хамгаалдаг байсан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэлэлцүүлгийн Quora сайтад ийм асуулт тавигдаж хэд хэдэн хүн хариулт өгснөөс цэргийн түүх судлаач Энди Ли Кайсиригийн өгсөн хариултыг орчуулан хүргэж байна. Тун сонирхолтой.


 

Хэрвээ нүүдэлчдийн эсрэг тэмцэх цэргийн арга техникийг сонирхож байвал тэдний хөрш Хятадаас илүү энэ тухай мэдэх үндэстэн байхгүй.

Хятадын эзэнт гүрнүүд тал нутагт морьтон нүүдэлчидтэй хоёр мянганы турш тулалдаж, ихэнхэд нь ялж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ хугацаанд талын нүүдэлчидтэй тэд хэрхэн тулалддаг байсныг сонирхоё.

 

Нүүдэлчидтэй талд тулалдахад дараах гурван шаттай аргыг хэрэглэж иржээ.

 

Нэгдүгээр алхам: Маш олон тооны бат бэх бүхээгтэй тэрэг хийх

 

Мин улсын цэргийн судар “Шэнчи Пу”-д дүрсэлсэн үхэр буугаар зэвсэглэсэн цэргүүд бүхээгт тэргэнд байгаа нь

 

Хоёрдугаар алхам: Бүхээгт тэргийг холын тусгалтай их буугаар тоноглоно

 

Мөн ижил сударт үзүүлсэн үхэр бууг зөөвөрлөх заавар

 

Гуравдугаар алхам: Бүхээгт тэргээр битүү хүрээ үүсгэж гадагш гал нээнэ

 

Хүрээний дотор талд нумчид байрлаж хэрэгцээтэй үед харваж дэмжлэг үзүүлнэ.

 

Дээрх зурагнууд нь Хятадаас Монголчуудыг хөөсөн Мин улсын үед бүтээгдсэн ч үндсэн арга техник нь үүнээс мянга гаруй жилийн өмнө бий болсон юм.

 

Хятадуудын нүүдэлчидтэй хийж байсан тулаануудын түүхэн цаг үеүд

 

Нэгдүгээр зуунд: Хан улс тухайн үеийн дэлхийн хамгийн том гүрэн болох Хүннүтэй тулалдсан нь

 

Энэ үед хүрэл зэвсгийг гангаар дөнгөж сольж эхэлж байсан тул Хан гүрэн бусад суурин соёлтой хөршүүдтэйгээ тулалдахад давуу талтай байсан ч Хүннүгийн морьт харваачидтай дайтахад зайлшгүй шинэ техник хэрэгтэй байсан юм.

Хан гүрэнд өөрт нь морин цэрэг байсан ч морины нуруун дээр төрж өссөн нүүдэлчидтэй өрсөлдөх аргагүй байлаа.

Ингээд тэд хүнс хангамж тээвэрлэдэг байсан тэрэгнүүдээ нүүдлийн бэхлэлт болгох санаа олжээ. Морин дээрх харваачид хурдан, хөдөлгөөн сайтай боловч явган харваачид илүү хол зайд, илүү оновчтой харваж чадаж байв. Учир нь явган харваачид газар дээр илүү тогтвортой, суурьтай орчинд харвадаг бол морьтнуудад харвахын хажуугаар морио залах гээд олон үйлдэл зэрэг хийдэг байжээ.

Иймээс сайн бэхлэлтийн ард бат суурьтай харваачид сайн тулалдсанаар Хүннүгийн армийг ялж байв.

 

Зураг дээр Хан улсын харваачдын урд тэрэгнүүдээ эгнүүлэн хамгаалалт босгосон байгаа нь. Морьт цэрэг хажуу жигүүрүүдийг хамгаалжээ.

Хан улсын Ву хаан энэ аргад нэлээд мэргэшиж Хүннүг ялснаар найрамдал тогтоож, жил бүр Хүннүчүүд түүнд адуугаар татвар төлдөг болжээ. Мөн энэ ялагдал нь Хүннүчүүд баруун зүгт нүүдэллэж сүүлд Ромыг унагах шалтгаан болсон гэх таамаг бий.

 

Хоёрдугаар зуунаас хойш: Бүхээгт тэргийг морин цэргийн эсрэг тулаанд үргэлжүүлэн ашигласан нь

 

МЭ 417 онд Зүүн Жин улсын 20,000 явган цэрэг Шар мөрний эрэгт тулган хагас сар хэлбэртэй бүхээгт тэргэн бэхлэлт босгож 30,000 Сяньби угсааны нүүдэлчин харваачидтай Умард Вэй улсын хүчийг ялж байв.

 

Зурагт үзүүлснээр араасаа гол гатлан хүнс, зэр зэвсэг зэрэг хангамжаа авч байжээ. Морьтнууд энэ замыг яаж ч тасалж чадахгүй байв.

 

12 дугаар зуунд: Хятад дан морьт цэргийн хүчээр эзлэгдэхгүй байлаа

Энэ үед нүүдэлчид суурин иргэдийн хил хязгаарт үе үе уулгалан довтлохоос илүү том дайн хийж чадахгүй байв. Харин тэд суурин иргэдийн бэхлэлтийг эвдэх арга техникийг өөртөө нэгтгэснээр хүчтэй болсон гэдэг.

Чингис хааныг төрөхөөс өмнөх зуунд Тан улсын суурин дээр нүүдэлчид Баруун Шиа улсыг байгуулж байв. Кидан нүүдэлчид хойд Хятадад Ляо улсыг байгуулав. Энэ үед Сүн улс Зүрчидтэй нийлэн Ляог цохиж газар нутгийг нь хуваан авчээ. Зүрчид нь энэ газар нутаг дээр Жин (1115-1234) улсыг байгуулав. Үүний дараа Жин болон Сүн улсууд хэдэн үеийн турш хоорондоо дайтсан байна. Ийнхүү суларсан улсуудын суурин дээр Чингис хаан хүчирхэгжин гарч иржээ.

 

Үнэндээ Чингис хаан өөрөө Хятадыг бүрэн эзэлж чадаагүй. Тэр эхлээд хагас нүүдэлчин Ши Шиа улсыг эзэлж дараа нь Сүн улстай эвсэж Жинг дарсан. Гэвч энэ эвсэл нь сүүлдээ Сүн улсын мөхлийг авчирсан юм.

 

Харин түүний ач Хубилай хаан талын морьтны хүчийг суурин улсуудын бэхлэлт эвдэх арга техник, усан флотын хүчтэй хослуулснаар олон үндэстнээс бүрдсэн Юань гүрнийг байгуулж 90 орчим жил оршин тогтносон юм.

 

14 дүгээр зуунд: Монголчуудын уналт ба суурин иргэдийн хүчирхэгжилт

 

Монголын Юань гүрэн унасны дараа шинээр байгуулагдсан Мин гүрэн дахин нүүдэлчдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхлэв. Тэд зөөврийн бэхлэлтийг галт зэвсгээр тоноглож, бүр морьт цэрэгтэй тулалдах тусгай бэлтгэгдсэн цэргийн хүчийг бий болгосон нь “морь устгах зэвсэг” гэгдэж байлаа.

 

Тэд Жанмадао нэртэй хоёр метр орчим урт сэлэм эзэмшиж, нуруундаа хавчаахай нум үүрдэг байжээ. Энэ урт сэлмээр морийг цавчиж унагадаг байсан бололтой. Ингэж зэвсэглэсэн Мин гүрний арми нүүдэлчдийг тал нутгийн гүнд хүртэл түрж өнөөдрийн Цагаан хэрмийн нэлээд хэсгийг босгож хилээ тогтоосон байна.

 

 

14 дүгээр зуунаас хойш: Морин цэрэгтэй тулалдах Хятад арга техник баруунд дэлгэрсэн нь

 

Эхэн үедээ Чингис хааны морьтнуудын эсрэг юу ч хийж чадахгүй байсан барууныхан хэдэн зууны дараа Хятадын технологийг авч хэрэглэжээ. Оросын армид бүхээгт тэргэн хамгаалалт бий болж үүний хүчинд тэд өөрийн бие даасан байдлаа хамгаалж эхэлжээ. Эхэндээ нүүдэлчдийн морин цэргийн эсрэг ашиглаж байсан энэ арга сүүлдээ Европын дайн тулаануудад ашиглагдаж эхлэв. Баруун Европын католик шашны түрэлтийн эсрэг тэмцсэн зүүн Европын явган цэргийн хүч (хусситууд) ийм бүхээгт тэргэн бэхлэлтийг Барууны хүнд морин цэргийн эсрэг ашиглаж байжээ.

 

Зураг дээр Хусситууд Германы Тевтон рыцариудын эсрэг хүрээ үүсгэн хамгаалж байгаа нь. Энэ аргыг Евразийн нөгөө захад хоёр мянга гаруй жилийн өмнө зохиосон юм.