Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

БРАЗИЛ РУУ 90 хүртэлх хоногоор ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол, Бүгд Найрамдах Бразил Улсын иргэд 90 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болж байгаа талаар ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөрөөс тодрууллаа.

-Монгол, Бразил хоёр улс харилцан визгүй зорчих шийдвэр хэзээ гарсан бэ, Хэзээнээс визгүй зорчиж эхлэх вэ?

-Манай хоёр улс өмнө нь 2007 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорттай иргэд харилцан визгүй зорчдог байсан. Энэ жилээс хэлэлцээрийнхээ түвшинг дээшлүүлж бүх иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг есдүгээр сарын 21-нд байгууллаа. 

Богино хугацааны визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол, Бразил хоёр орны иргэд аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих эрхтэй болж байгаа.

-Хэлэлцээрт үргэлжлэх хугацаа гэж байгаа юу?

-Үргэлжлэх хугацаа гэж байхгүй. Хоёр талын нэг нь хэлэлцээрийг цуцлах хүсэлт гаргавал цуцална. 

- Олимпын үеэр манай иргэд  Рио де Жанейро хот руу визгүй зорчих нь ээ?

- Тийм ээ.  Рио де Жанейро хот руу зөвхөн тамирчид бус хөгжөөн дэмжигчид, тамирчдын ар гэрийнхэн зорчих байх. Энэ үед богино хугацаанд харилцан визгүй зорчих болсон нь иргэдийн хувьд их олзуурхууштай зүйл боллоо.

Түүнчлэн  Бразил Улс нь Өмнөд Америк тивийн газар нутгийн 43.7 хувийг эзэлдэг учраас Бразилаар дамжин өөр улс руу зорчих тохиолдол их байдаг.  Тиймээс иргэд визгүй шууд Бразил руу зорчдог болсноор  чирэгдэл багасаж байгаа юм.

- 90 хүртэлх хоногийн хугацаатай виз ээ дахин сунгах боломжтой юу?

- Шаардлагатай тохиолдолд 90 хүртэл хоног визээ сунгуулах боломжтой. Иргэд Бразилаар дамжин өнгөрөх, аялж зугаалах, бизнесийн зорилгоор 90 хүртэл хоногоор визгүй зорчих бөгөөд энэ хугацаагаа сунгах шаардлагатай бол холбогдох албаны хүмүүст хандаж дахин 90 хүртэл хоногоор сунгах боломжтой. Гэхдээ хугацаагаа сунгах зорилго нь бизнес болон аяллынх байх ёстой. Сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажиллах, оршин суух зэрэг нь өөр ангиллын визтэй гэдгийг иргэддээ анхааруулж хэлье.

- Ер нь манай хоёр улсын хооронд иргэд хэр их зорчдог юм бэ?

- Өнгөрсөн жилийн байдлаар манай улсаас Бразил руу 124 иргэн албан болон хувийн ажлаар зорчсон байдаг. Манай дөрвөн иргэн Бразилд суралцаж байгаа.

Харин Бразилаас Монгол руу 485 иргэн зорчсон бөгөөд 408 нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн. Богино хугацаанд харилцан визгүй зорчдог болсноор Бразилаас манайх руу ирэх жуулчдын тоо өсөх байх гэж тооцоолж байгаа.