Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Охидыг битгий уйлуул

О.Ундармаа
2015 оны 5 сарын 23
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.

Төрсөн аавынхаа хүүхдийг тээж төрүүлсэн гэх аймшигт үйлдэл гагцхүү барууны нийгэмд л гардаг балмад явдал биш. Гэмт хэргийн тухай өгүүлэх киногоор л төсөөлөгддөг жигшүүрт хэрэг одоогоос зургаан жилийн өмнө нийслэл хотод гарсан байх юм. 14 насандаа аавынхаа хүүхдийг төрүүлсэн охин хуулийн байгууллагад хандсанаар хэрэг илэрсэн байна. Бүр бага байхаасаа аавынхаа бэлгийн дарамтад байсан охины талаар ээж нь ч мэддэг байж.

Гэхдээ энэ талаар хуулийн байгууллагад хандаж зүрхлээгүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас бага насны гурван охиноо тэжээх чадалгүй, эдийн засгийн хувьд бүрэн нөхрөөсөө хамааралтай учир зовлон шаналалдаа бууж өгч, золиосонд нь охиноо гаргасан аж.

Охиноо хүчирхийлээд зогсохгүй архи уусан үедээ агсан тавьж, эхнэр хүүхдүүдээ зоддог байсан хэрэгтнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж 72 цаг, долоо хоног, гуч хоногоор удаа дараа хорьж, баривчлуулсан боловч эзгүйд нь хоосон хонохын дээр суллагдан гарч ирэх бүртээ ааш авир нь ширүүсч, агсам тавих нь олширч, байдал улам хурцадсан нь бүсгүйн охиныхоо төлөө тэмцэх итгэлийг бөхөөж, хөл гарыг нь тушиж орхисон хэрэг.

Энэ бүхэнд эрдсэн хэрэгтэн улмаар дунд охиндоо бэлгийн дарамт үзүүлж эхэлснээр тухайн үед 16 нас хүрээд байсан том охин нь хуулийн байгууллагад хандаж, хэрэгтэн 12 жил хоригдох ял авсан байдаг. Өнгөрөгч онд цагдаагийн байгууллагад хүчингийн 301 хэрэг бүртгүүлснээс 125-ынх нь хохирогч насанд хүрээгүй буюу 17 хүртэлх насны охид байсан.

Харамсалтай нь бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хэт задгай хувцасласан, орой үдэш сэлгүүцсэн гэх мэт шалтгаар буруутгах хандлага нийтийн дунд, тэр дундаа үнэн мөнийг нь тогтоох ёстой цагдаагийн ажилтнуудад өнөө хэр байгаа учир хохирогчид тэр бүр хуулийн байгууллагад ханддаггүй. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд бэлгийн хүчирхийллийг мөсөн уултай зүйрлэдэг.

Учир нь олон улсын судалгаанаас харахад илэрсэн нэг хэргийн ард дунджаар 10 хүчингийн хэрэг гарсан боловч хохирогч нь хуулийн байгууллагад хандалгүй нуугаад өнгөрсөн байдаг гэнэ. Ялангуяа охидыг хүчирхийлэх гэмт хэргийн сэжигтэн нь ихэнхдээ ураг төрлийн хүн нь байдгаас гэр бүлийн нэр төрөө хамгаалах нэрийдлээр хэргийг нуух, хэрэгтнийг өмөөрөх, асуудлыг тохиролцож шийддэг явдал нь хүчирхийлэлтэй тэмцэж буй нийгмийн ажилтнуудад тохиолддог хамгийн том бэрхшээл.

Хамгийн харамсалтай нь олон жилийн турш бэлгийн дарамтанд байсан охидыг жирэмсний сүүлийн саруудад, заримдаа бүр төрснийх нь дараа л өнөөх хамгаалах ёстой хайртай ээж, эгч, эмээ нар нь анзаардаг. Анзаарсан ч хамгаалахгүй байх, аль эсвэл охиныг буруутган, үзэн ядаж, зодох, гэрээсээ хөөх тохиолдол ч цөөнгүй гардаг гэнэ. Энэ талаар “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Бэлгийн харьцаа бол гэр бүл, хосуудын хамгийн нандин харилцаа.

Тиймээс ч бэлгийн хамтрагчаа өөр нэгэнтэй хуваалцахгүй байх хүсэл, харилцаанд нь гуравдагч хүн гарч ирэх үед харамлах, эсэргүүцэх нь байгалийн зөн юм.

Тиймээс бэлгийн хамтрагч нь охиныг нь хүчинддэг байсныг мэдэх үед эмэгтэйчүүд бүгд сэтгэл санааны цочролд ордог. Харин үүнд ямар хариу үзүүлэх нь мэдлэг боловсролоос хамаардаг.

Хохирлыг зөвхөн эд материал, бие махбодийн эрүүл мэндэд л хамаатуулж ойлгох тохиолдол түгээмэл.

Асуудалд олон ургалч байдлаар ханддаг, боловсролтой эмэгтэйчүүд охиноо хохирогч хэмээн үзэж, эрхийг нь хамгаалахын төлөө тэмцэх хандлагатай байдаг бол мэдлэг, мэдээлэл муу хүмүүс охиноо хохирогч биш харилцаанд нь хөндлөнгөөс орж ирсэн эмэгтэй гэсэн өнцгөөс харах нь түгээмэл” хэмээн тайлбарласан.

Ураг төрлийн хүндээ хүчирхийлүүлсэн охидын дийлэнх нь урт хугацааны туршид бэлгийн дарамтад байдаг. Хэрэгтэн хүссэн үедээ хүчээр бэлгийн харьцаанд орох явдал олон сар жилээр үргэлжилснээр охид хайртай хүнтэйгээ л хийдэг хамгийн нандин харилцааны үнэ цэнийг мэдрэхгүй болж, энэ нь даамжирсаар мөнгө олох хэрэгсэл болгох хүртэл сэтгэл санааг нь бэлтгэж орхидог аж. Хүчирхийллийн эсрэг тэмцэж буй “Гүнж”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-уудын нийгмийн ажилтнууд дуу нэгтэйгээр биеэ үнэлэгчдийн дийлэнх буюу 60-70 хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг хэмээж байсан.

Өнгөцхөн харчихаад л амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн аальгүй нөхдүүд хэмээн дүгнэдэг нийгмийн бүлгийн цаана ийм л үнэн нуугдаж байдаг аж. Бидний мэдлэгээ зузаатгаж, хандлагаа өөрчлөөгүйгээс, нийгмийн эл эмзэг асуудалтай бодлогоор тэмцээгүй, урьдчилан сэргийлээгүйн улмаас хохирсон охид нэг насны амьдралаараа хохирч үлддэгийн баталгаа энэ. Судалгаа хийж, сургамж болох үнэн түүхийг өгүүлсээр атал хохирогч охидын асуудалд хойрго ханддаг байдал хуулийн байгууллагынханд ч бий.

Хохирлыг зөвхөн эд материал, бие махбодийн эрүүл мэндэд л хамаатуулж ойлгох тохиолдол түгээмэл. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид сэтгэлзүйн хувьд хүнд гэмтэж, улмаар энэ байдал нь насан туршийн амьдрал, зан төлөв, сэтгэцэд нөлөөлдөг атал сэтгэлзүйн хохирлын нэхэмжлэлд “Амныхаа зоргоор үнэ хэллээ” хэмээн хайхрамжгүй хандагчид цөөнгүй. Угтаа хүчингийн хэргийн хохирогчдод онцгой сэтгэл заслын эмчилгээг олон жилийн туршид хийх шаардлагатай байдаг.

Стресс тайлах арга заах, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд борооны дараах мөөг шиг олширсон сэтгэлзүйчид тустай байдаг бол хүчингийн хэргийн хохирогчдод энэ чиглэлээр, дадлага туршлага, ур чадвартай сэтгэл заслын эмч нар онцгой үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэнэ. Харин энэ төрлийн мэргэшсэн эмчилгээ хийдэг эмч манай улсад гарын таван хуруунд багтахуйц цөөн.

Түүнчлэн насанд хүрсэн хохирогчдын хэргийг өөрийнх нь хүсэлтээр шүүхийн шатанд очихоос өмнө хааж болох хуультай нь нэг талаасаа ураг төрлийн хүмүүстээ хүчиндүүлсэн залуу охид хохирч үлдэх нөхцөлийг бүрдүүлдэг.

“Өөрийнхнөө” өмөөрсөн аав ээж, ах дүү нарынхаа шахалт дарамтын улмаас хэлдэг “Гомдолгүй”, “Би өширхсөндөө худал мэдүүлэг өгсөн” гэх мэт үгс гэр бүлийнхнийхээ нэр төрийг аварч өөрийгөө золигт гаргаж буйн нэг хэлбэр хэмээн хүчирхийлэлтэй тэмцэгч байгууллагын ажилтнууд тодорхойлсон. Хэдийгээр энэ нь нэг л гэр бүлийн асуудал, нэг л хүний амьдрал мэт боловч мөсөн уул мэт далд бугшин байдаг хэргийн хохирогч, холбогдогч, гэмтэн бүрийг ил гаргавал аймшигтай дүр зураг гарна.

Охиныхоо, дүүгийнхээ нэг насны амьдралыг золиослон байж хамгаалж өмгөөлсөн хэрэгтэн бүрийн ард дунджаар 500 хохирогч байдаг хэмээн олон улсын эрдэмтэд үздэг юм билээ.

Тэгэхээр өнгөрөгч онд цагдаагийн байгууллагад бүртгэн авсан 300 гаруй хэргийн ард 3,000 орчим хэрэг нуугдаж буй, нэг хэрэгтний ард 500 хохирогч байдаг гэж үзвэл 150,000 бүсгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай.

Хүчирхийлэлд өртсөн хүн бүр сэтгэлзүйн хувьд хүнд хэлбэрийн гэмтэлд өртдөг. 

Гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд ахадсан тоо биш гэж үү. Хүчирхийлэлд өртсөн хүн бүр сэтгэлзүйн хувьд хүнд хэлбэрийн гэмтэлд өртдөг. Гэтэл хүүхэд ахуй насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл нь хожим сэдэрч сэтгэлзүйн эмгэг болох эрсдэлтэй, сэтгэцийн эмгэг бол хөдөлмөрийн чадварт хамгийн их нөлөөлдөг өвчин гэдгийг Сэтгэл судлалын үндэсний төвийн эмч Г.Нарантуяа дурдсан байдаг.

300 хэрэгтний цаана нуугдаж буй 150,000 бүсгүй сэтгэл зүйн хувьд гэмтэж, тэр нь ааш араншин, зан үйл, цаашилбал хөдөлмөрлөх чадвар, гэр бүлийнхэнд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэсэн үг. Энэ нь биднийг бэлгийн хүчирхийллийн эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлогын түвшинд авч үзэж, хийж хэрэгжүүлэх цаг хэдийн нь болсныг сануулж байна. Харамсалтай нь бидний хатуу ширүүн бүхнээс хамгаалж өмгөөлөн, нүдний цөцгий мэт хайрлах ёстой охидыг буртаглан зэрэмдэглэчихээд байхад хохирогчдыг буруутган зэмлэх хандлага өнөөгийн нийгэмд амь бөхтэй зууралдсаар л байна.

Бодлого боловсруулах үүрэгтэй хүмүүс нь хүртэл ийм хандлагатай байгаагийн улмаас охидын хүчирхийллийн асуудалд ахиц дэвшил огт гарахгүй байна хэмээн бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэж буй төрийн бус байгууллагын нийгмийн ажилтнууд учирлан тайлбарладаг. Гаднын орнуудын жишгийг харахад бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсролын хөтөлбөрт суулгах замаар шийдсэн байдаг.

Бүр цэцэрлэгийн насны багачуудад л эрүүл мэндийн хичээлээр дамжуулан биеийн эмзэг хэсгүүд гэж юу болох, хаана байдгийг, тэр эмзэг хэсгүүдэд хэн хүрч болох, хэн болохгүйг заадаг. Тэр ч байтугай ээж, эгч, эмээгээс өөр хүн хүрч болохгүй эмзэг хэсгүүдэд өөр нэгэн хүрвэл хэрхэн бусдад сонсогдохуйц хашгирч, бусдаас тусламж гуйхыг ч заадаг. Харин бидний охид яадаг вэ? Тэд биеийн эмзэг хэсгүүд гэж юу болох талаар мэдээлэлгүй. Тиймээс бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтын тухай ярих ч хэрэггүй.

Мэдэхгүйг нь далимдуулан хүчирхийллээ “ах нар” хайраа илэрхийлж, энхрийлж байгаа нэг хэлбэр хэмээн итгүүлж, гэмт хэргээ нууцалж, олон сар жилээр үргэлжлүүлдэг гэнэ. Үүнийг батлах хэргүүд ч цөөнгүй бүртгэгдэж байсан талаар “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь өгүүлсэн. Сургуулийн бага ангийн сурагч охинд аав нь хэчнээн их хайртай болохоо эмзэг хэсгүүдийг нь илж таалан илэрхийлдэг байж. Үүнийг охин найздаа сонирхуулсан нь багшийн чихэнд хүрч, хэргийг илрүүлсэн аж.

Охидыг хожим нь эзэгтэй болно гэсэн том шалтагтайгаар гэрийн ажилд зарж, жижигхэн эзэгтэй болгочихдог байдал ч тэднийг гэмт хэргийн бай болоход нөлөөлдөг талтай гэнэ. Охидын “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрахын өгүүлснээр дунд сургуулиудад хийдэг хэлэлцүүлгийн үеэр ч энэ байдал анзаарагддаг байна. “Охид чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?” гэсэн асуултад ихэвчлэн “Гэрээ цэвэрлэж, дүүгээ харж өнгөрөөдөг” хэмээн хариулдаг.

Харин хөвгүүд элдэв дугуйлан, сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлж өнгөрөөдөг. Тэр хэрээр мэдлэгтэй, чадамжтай болж өөрийгөө хамгаалах чадвар ч давхар эзэмшдэг. Харин охидоо бид “гэртээ хорьж” хамгаалдаг. Үр дүнд нь чадамжгүй, сул дорой, асуудал тулгарахад өөрийгөө хамгаалах чадваргүй товчхондоо гэмт хэргийн золиос болоход бэлэн болгон л бэлтгэдэг байх юм. Зуны дэлгэр цаг хэдийнэ ирж, цэцэрлэг сургуулийн багачуул өвөө эмээ, ах эгчийнх рүүгээ хөдөө эрүүл агаарт “сайхан” амрах цаг дөхөж.

Гэхдээ тэнд охин тань хэний өвөрт унтаж, өдөр нь хэнтэй өнждөг талаар анхаарал хандуулдаг уу? Ийм жижигхэн зүйлээс л том асуудал урган гардагийг эцэг эхчүүд анзаардаггүйгээс охид зуу зуугаараа хохирсоор л байна. 2013 онд хийсэн судалгаагаар хүчингийн 394 гэмт хэрэг бүртгэгдсэний 57-гийнх нь хохирогч 0-7 насны охин байж. Эмгэнэлтэй энэ дүр зураг энэ чигээр үргэлжилсээр байх уу? Нөгөөтэйгүүр бид зөвхөн охидыг биш хөвгүүдийг ч хүмүүжүүлэх ёстой.

Хүчирхийлэгч хөвгүүдийг бид өөрсдөө л бэлтгэдэг. Бэлгийн боловсролын талаар мэдлэггүй, өссөн орчин, гэр бүлийн хүмүүжлээр л асуудалд ханддаг хөвгүүд хүчирхийлэл үйлдэж буйгаа ойлгохгүй байх нь ч бий. Эсвэл бүр балчир наснаас нь “Эр хүн уйлдаггүй юм” хэмээн хатуужуулснаар стресс, бухимдлаа тайлах аргыг нь хааж, улмаар бугласан стресс, сэтгэлийн дарамт нь хүчирхийлэл хэлбэрээр “дэлбэрэх” эрсдэлтэй.

Зураг