Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудын тодруулсан БӨХИЙН 5 ОРОН

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 16
iKon.MN

Оросын Русская Семерка онлайн сэтгүүлд нийтлэгдсэн дэлхийн хамгийн том бөхийн уламжлал, соёлтой үндэстнүүдийн тухай Алексей Рудевичийн бичсэн өгүүллийг хүргэж байна.


Ихэнх үндэстэнд өөрийн бөхийн төрөл бий. Гэхдээ энд бид бөх байх нь нийгэмд эзлэх байр суурь болдог үндэстнүүдийн талаар ярих гэж байна.

  • Дагестан
 

Дагестаныг Уулсын орон, Хэлнүүдийн орон (энд олон үндэстэн амьдардаг), бас Бөхчүүдийн орон гэдэг. Бөхчүүд олонтой тул тэдний дунд “бөөгнөрсөн хүмүүс рүү нэг чулуу шидвэл спортын мастер оногдоно, хоёр чулуу шидвэл Европын аварга оногдоно, атга чулуу шидвэл Олимпын аварга оногдоно” гэсэн шог яриа бий.

Гэхдээ энд үнэхээр сайн бөхчүүд олон байдаг. Дагестан дэлхийн улсуудаас хамгийн олон алтан медалиараа буюу 43 медалиар тэргүүлдэг.

Бөх байх нь Дагестанд спорт төдий биш, амьдралын хэв маяг. Өндөр уулын хатуу ширүүн нөхцөлд амьдардаг Дагестан эрчүүд хүч чадалтай, тэвчээртэй, зориг зүрхтэй байхаас өөр аргагүй.

Дагестаны чөлөөтийнхөн өнгөрсөн зууны дундаас нэр алдраа мандуулж эхэлсэн. Тэр үед ЗХУ-ын үнэмлэхүй аваргаар энэ нутгийн Суракат Асиятилов тодорч байлаа. Түүнийг үлгэр жишээ болгосон олон Дагестан хөвгүүд 1960-аад оноос тодрон гарч жинхэнэ бөхийн тэсрэлт болсон юм.

Тэр цагаас хойш Дагестаны бөхчүүдийг дэлхий таньдаг болжээ.

Дагестаны бөхийн тухай ярихад хүчирхэг самбогийн сургуулийг нь дурдахгүй өнгөрөх аргагүй. Энэ төрлийн шилдэг бөх бол Хабиб Нурмагомедов. Өнгөрсөн жил тэр тэмцээнд орохын өмнөх жингийн шалгуур дээр гарахдаа “Хэрвээ самбо амархан байсан бол түүнийг жиү-жицү гэж нэрлэх байлаа” гэсэн бичигтэй цамцтай гарч байжээ. Сонирхолтой нь энэ тэмцээн өөрийн жиү-жицүгийн уламжлалтай Бразилд болж байв.

  • Осетин
 

Осетинчууд Дагестантай бөхөөр байнга өрсөлддөг. Умард Осетины чөлөөтийнхөн XX зууны дунд үеэс тодорч эхэлжээ. 1952 оноос эхлэн зургаан удаа ЗХУ-ын аварга болсных нь дараахан 1958 оны улсын аваргын тэмцээн Владикавказын Спартак стадионд болсон. Тэгэхэд Осетинчууд нутгийн дэвжээн дээрээ долоон алтан медаль авч байлаа. Осетинд бөхийн төрөл итгэмээргүй түгээмэл. Өдөр бүр бөхийн дугуйланд хэдэн зуун мянган жаалууд ирдэг. Дагестантай адил Осетинд домогт бөхчүүд бий. Тэдний нэг Кануков Темирболат (Бола) Дударикоевич. Түүний өндөр 2.28 метр, жин 220 кг орчим байсан гэдэг. Тэр цаг үеийнхээ хамгийн алдартай бөхчүүдийг ялж байжээ. Бола бол маш даруу зантай, ялалтандаа барддаггүй, уламжлалаа хатуу сахиж дэвжээн дээр нүцгэн гардаггүй бөх байсан гэдэг. Дэлхийн дэвжээнд олон ялалт байгуулсныхаа дараа Бола төрөлх тосгондоо буцан ирж амьдарчээ. 1922 онд тэр нас барсан.

Өөр нэг сонирхолтой баримт бол Осетинд Ногир нэртэй тосгон байдаг. Энэ тосгоноос дөрвөн олимпын аварга төрсний нэг нь гурван удаагийн аварга. Ногир тосгон энэ амжилтаараа Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байдаг гэнэ.

Өнөөдрийн байдлаар Осетины дэлхийн аварга, Олимпын аваргын тоо нь 60 гараад байгаа юм.

  • Азербайжан
 

Азербайжан бол эртний бөхийн уламжлалтай орон. Энд хүмүүс барилдах дуртай. Азербайжаны үндэсний бөхийг гюлеш гэдэг. Бидний сайн мэдэх “Бүү ай, би чамтай хамт” кинонд Лев Дуровын бүтээсэн дүр Сан Саныч бэлтгэлийн өмнө “энэ дашрамд хэлэхэд, би танай үндэсний бөх гюлешээс их зүйл сурсан” гэж ярьдгийг санаж байгаа байх. Азербайжаны бөхчүүд дунд олон алдартай чөлөөт болон сонгомол төрлийнхөн бий. Алдарт бөх Ибрагимпаша Дадашов, Махаддин Аллахвердиев (дэлхийн гурван удаагийн аварга) нар дэлхийн дэвжээн дээр амжилттай барилдаж байсан.

Эх орны дайны дараа Азербайжанд грек-ромын барилдаан эрчимтэй хөгжиж эхэлжээ. Анхны дэлхийн аваргыг 1978 онд Мексикт Ариф Нифтуллаев хүртэж байлаа. 1980-1990 оны үед Азербайжан бөх Махаддин Аллахвердиев гурван удаа дэлхийн аварга болж байв. Одоо болтол тэдний ялалтын буухиа үргэлжилсээр, Лондонгийн олимпоос хоёр бөх нь медальтай ирсэн билээ.

  • Иран
 

Иранчуудын дэлхийн аваргаас цуглуулсан медалийн тоо Дагестаныхаас дутахгүй. Үүнийг тэдний эртний бөхийн уламжлалтай холбож ойлгож болно. Ираны хамгийн түгээмэл үндэсний спорт бол вазреше зурхане, бүр 3,000 жилийн тэртээгээс хадгалагдаж ирсэн Персийн тулааны урлаг.

Мэдээж энэ нь Иранчуудын хувьд спорт төдий зүйл биш, харин Ираны жинхэнэ баатруудыг хүмүүжүүлэх систем. Вазреше зурханегээр хичээллэдэг хүнийг пахлеван (перс хэлээр баатар) гэдэг. Бэлтгэл нь дугуй хэлбэртэй, доош ухсан дэвжээнд явагдана. Бөхчүүдийн хүчний бэлтгэлийн гол хэрэгсэл нь хоёр том муна байдаг. Тэдний жин гурваас 180 кг хүртэл янз бүр. Бөхчүүд янз бүрийн бүжгийн мэт хөдөлгөөн хийнэ. Өөрөөр хэлбэл барилдахын өмнө биеэ халааж бүжиглэх мэт хөдөлгөөнийг перс хөгжмийн аянд хийдэг. Бэлтгэлийг Моршед, Миандор гэж нэрлэдэг хоёр хүн удирдана. Моршед бэлтгэлийн эхлэлийг зарлах, залбирал унших зэрэг үүрэгтэй бол Миандор нь бөхчүүдийн бүжгийн хөдөлгөөнийг удирддаг.

Ираны бөхчүүд өнөөдөр дэлхийн хүчтэнгүүдийн тоонд зүй ёсоор тооцогддоно. Лондоны Олимпоос тэд зургаан медальтай ирсний хагас нь алтан медаль байлаа.

  • Монгол
 

Бөх бол Монголчуудын үндэсний спорт. Тэнд хүүхдээс эхлээд хөгшид хүртэл барилддаг. Монголын үндэсний бөх өөрийн өвөрмөц, уламжлалт дүрэмтэй: цагийн хязгааргүй, жингийн ангилал байхгүй. Энэ өвөрмөц байдал нь Монголчуудад бусад төрлийн бөхөөр хичээллэж, амжилт гаргахад нь нөлөөлдөг. Ялангуяа чөлөөт болон сумо бөхийн төрлөөр. Сумогийн 68 дахь их аварга Ёкозуна Асашорюү (Дагвадорж), хоёр дахь их аварга Ёкозуна Хакухо (Даваажаргал), гурав дахь их аварга Ёкозуна Харумафужи (Бямбадорж) нар Монголчууд. Олимпын бөхийн төрлүүдэд ч Монголчууд медаль авах нь элбэг. Оролцох болсон цагаасаа эхлээд дөнгөж хоёр дахь Олимп (1978 оны Мехико) дээрээ чөлөөтийн бөхчүүдийнхээ гавьяагаар Монгол улс нийт медалийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байсан юм. Тэр үед орон нутгийн хэвлэлд “Монголын тамирчид, аугаа Чингис хааны бөхчүүд ээтэн хоншоортой гутлаараа Олимпын стадионы газрыг доргиож явна” хэмээн бичиж байлаа.