Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Өнөөдрийн хурлаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Дэлхийн улс орнуудад иргэний болон гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааныг шүүх, арбитрын журмаар шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар гуравдагч этгээдийн туслалцаатайгаар талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх хэлбэрийг хэрэглэх болжээ. Шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх энэ арга нь манай орон төдийгүй дэлхийн ихэнх улс оронд шинэ тутам хөгжиж байгаа эрх зүйн тогтолцоо юм байна.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалаар гэр бүл салалт, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, иргэний эрх зүйн асуудлыг шийдэж байгаа.
Энэ арга нь маргалдагч талуудад чирэгдэл багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна шүүхийн ачааллыг бууруулах давуу талтай.
Манай иргэд салах шийдвэрийг гаргасан даруйдаа гэрлэлтээ цуцлуулдаггүй. Тусдаа амьдраад удсан хойноо, өөр хүнтэй гэр бүл болох болсон үедээ гэрлэлтээ цуцлуулах гэдэг учир нийт гэр бүлийн эвлэрүүлэн зуучлалын 17.7 хувь эвлэрлийн гэрээгээр дуусч, үлдсэн хувь нь салалтаар дууч байна” хэмээн ярилаа.
Эвлэрүүлэн зуучлалын хууль 2012 онд батлагдсан бөгөөд 2014 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ.
Эвлэрүүлэн зуучлалыг хамгийн олон жил үр дүнтэй хэрэгжүүлж буй улс нь Япон улс бөгөөд ЖАЙКА-аас манай улсын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа ажээ.
ЖАЙКА-ын эвлэрүүлэн зуучлах төслийн зохицуулагч Ока Хидео “Манай улс 2013 онд эвлэрүүлэн зуучлалын 90 жилийн ойг тэмдэглэсэн. Уг арга нь шүүх байгууллагын ачааллыг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.
Монголд энэ арга дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа болохоор дутагдалтай зүйлс харагдаж байгаа. Жишээлбэл, эвлэрүүлэн зуучлагчдын тоо хангалттай биш, орон нутагт ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагчдын туслахын тоо бага байгаа” гэлээ.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой ажээ.
Иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд талуудын хэн нэг нь сэтгэл дундуур үлддэг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан буулт хийж, асуудлыг аль болох өөрсдийн сэтгэлд хүрсэн шийдэлд хүрэх боломжтой.
Өөр нэг зүйл бол эвлэрүүлэн зуучлагч нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нууцыг буюу талуудын хувийн болон албаны нууцыг тэдний зөвшөөрөлгүй бусдад задруулахгүй, нууцыг чанд хадгалах үүрэгтэй зэрэг ач холбогдолтой юм.
Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах, хяналтын шүүхэд гомдол гаргаснаар нэг хэрэг, маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 120 хоног шаардаж байна.
Харин эвлэрүүлэн зуучлал амжилттай ч бай, амжилтгүй ч бай уг ажиллагааг 30 хоногт багтаан явуулж дуусгах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болох аж.