Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньчуудын нүдний асуудал

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тайвань арлын оршин суугчдын хүүхдүүд өдөрт 30 минутаас бага хугацааг байгалийн гэрэлд өнгөрөөдөг нь тэдний нүдний хараанд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Гол аюул нь холын хараа муудах явдал.

Эцэг эхийн болон засгийн газрын хүчтэй дарамтан дор хэт их цагаар хичээллэх болсноор Тайваний нэгдүгээр ангийнхны 18 хувь, зургадугаар ангийнхны 52 хувь, их сургуулийн оюутнуудын 80 хувь холын хараа муу гэсэн дүгнэлт 2014 оны судалгаагаар гарсан байна. Тайпей хотын Захиргааны Эрүүл мэндийн газрын мэдээлснээр хоёрдугаар ангийнхны холын харааны сулрал хамгийн хурдтай буюу 10 хувиар өссөн байжээ.

Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудад ийм үзэгдэл илэрч байгаа ч Тайваний нүдний харааны асуудал Барууныхныг хол хаяж, бусад Хятад гаралтай орнуудтай харьцуулахад гамшгийн түвшинд хүрсэн байна.

Тайвань дахь хөрөнгө оруулалт буурсны улмаас цалин хангамжийн өсөлт зогсонги байдалд орж, амьдралын өртөг нэмэгдсэн тул Тайваний гэр бүлүүд хүүхдээ Хятад, Хонг Конг, Сингапур зэрэг орнуудад ажиллуулах сонирхол нэмэгдсэж сайн боловсрол олгохын тулд ийнхүү нүдний харааг нь золиосолж байгаа юм.

Эцэг эхийн ажлын ачаалал их тул хүүхдүүд нь өдөржин сургууль дээр хичээллэж, орой нь гүнзгийрүүлсэн сургалтуудад сууж, заримдаа амралтын өдрүүдэд суралцах нь хэвийн үзэгдэл болжээ.

Хэдийгээр эцэг эх нь хамт байх цаг гарлаа ч ихэнхдээ гэртээ, эсвэл дотор байрладаг үйлчилгээний газруудад цагийг өнгөрөөдөг. Үүнд эхчүүдийн наранд борлохоос үхтлээ айдаг нь бас нөлөөлдөг гэнэ.

Жишээ болгон Питер Ванг гэдэг 13 настай хүүгийн амьдралын хэмнэлийг харуулая. Хүүгийн хараа -5 холын харалган гэдэг нь Зүүн Азийн биш хөгжингүй орнуудад хүн амын дөнгөж 5 хувьд байдаг үзүүлэлт.

Питер хүү өглөө дунд сургууль хүртлээ 10 минут алхдаг. Хичээлээ тараад сургуулийн автобусаар гүнзгийрүүлсэн сургалтанд суухаар яваад тэндээ оройн 9:30 хүртэл суралцдаг гэнэ.

Питер хагас, бүтэн сайнд ч хангалттай байгалийн гэрэлд байдаггүй, бүхэл өдрийг өөр сургалтуудад сууж өнгөрөөдөг.

“Хэдийгээр нүдний хараандаа санаа зовж байгаа ч сайн их сургуульд элсэн сайн боловсрол олж авах нь илүү чухал байна” гэж Питер хүү өгүүлж байна.

Яагаад сайн сургуульд суралцан гадаадад ажиллах сонирхолтойг асуухад Питер болон түүний найз нар, Тайваньд шинэ төгсөгчийн цалин 22,000 Тайвань доллараас (690 ам.доллар) эхэлдэг бол Хятадад яг ижил хэмжээний юань авдаг буюу тав дахин илүү гэлээ.

Тэд бас Тайпейн орон сууцны үнэ хэт өндөр, байртай болох боломж сайн сургуульд орж чадаагүй хүмүүст тун хомс гэв.

Сургуулийн танхимд болсон энэ яриаг тус улсын эдийн засгийн тоо баримт баталж байна.

Хөдөлмөрийн Яамны тоо баримтаас харвал сүүлийн 10 жилд Тайванаас жил бүр дунджаар 27,000 дээд мэргэжлийн боловсон хүчин гадагш явжээ.

Мөн Тайваний Барилгажилт, Хот төлөвлөлтийн яамны мэдээгээр Тайпейн дундаж иргэн ямар ч зардал гаргахгүйгээр ажиллахад 15.01 жилийн дараа энгийн байртай болохоор байгаа юм.

Өөрөөр хэлбэл Тайвань нь дундаж байрны үнэ/орлого гэсэн харьцаагаар дэлхийд хамгийн өндөрт орж байна.

Тайваний эх газрын Хятад руу хийсэн хөрөнгө оруулалт 1990-ээд оноос хойш 144.7 тэрбум долларт хүрч, ихэнх үйлдвэрүүдээ эх газар руу нүүлгэжээ.

Харин тэндээс Тайвань руу эргэн ирж байгаа их хэмжээний мөнгөний ихэнх нь Тайпейн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шингэж байгаа юм.

Энэ их зөрүүг давж амьдрахын тулд хүүхдүүдээ дунд сургуульд нь маш их хичээлээр нүдэж, улсын нэр хүндтэй их сургуулийн шалгалтыг давах нь эцэг эхчүүдийн гол зорилго болжээ.

Хэдийгээр Тайваний эрх баригчид саяхнаас сургуулийн хүүхдийн өдөрт гадаа байх цагийг хуульчилж өгсөн ч байдал сайжрах эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь Тайваний эцэг эхчүүд маш завгүй хөдөлмөрлөж байрны моргэйж, хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг олохын төлөө явах хойгуур нь Зүүн Өмнөд Азиас ирсэн хүүхэд асрагчид хүүхдүүдийг гэрт нь хорьж, таблетаар зугаацуулж суугаа нь гарцаагүй.

Тайваний Үндэсний Их сургуулийн Нүд судлалын коллежийн профессор байгаад тэтгэвэртээ гарсан Доктор Люк Лин “Тайваний хувьд сайжралт тун удаан байх болно. Дунд сургуулийн дарамт, дээд сургуулийн элсэлтийн хатуу шалгалт байсаар байхад эцэг эхчүүд болон хүүхэд асрагч нарт хүүхдээ наранд гаргах цаг олдохгүй шүү дээ” гэлээ.

 

Эх сурвалж: The Diplomat