Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгө төлөөд цэнхэр нүдтэй болох боломжтой боллоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Калифорнид төвтэй Stroma Medical компани хүний бараан өнгөтэй нүдийг бүр мөсөн цэнхэр өнгөтэй болгох технологи боловсруулж патент авчээ.

Ингэхэд $5,000 төлөхөд хангалттай.

АНУ-аас гадна дэлхийн хэд хэдэн оронд үйлчилгээгээ нээж байгаа гэнэ.

Үнэндээ энэ арга нь хүний нүдэнд ямар нэгэн өнгө нэмэх тухай ойлголт биш.

Цэнхэр нүдтэй хүмүүсийн нүдэнд гэрэл тусахад цэнхэр өнгөний туяа нь голлон буцаж ойдог тул бусад хүмүүст цэнхэр харагддаг байна.

Харин бараан нүдтэй хүмүүсийн хувьд тухайн хүний арьс, үсний өнгийг тодорхойлж байдаг меланинаар нүд нь бас баялаг байгаа гэсэн үг. Тиймээс гэрлийг бараг ойлголгүй шингээдэг учраас бараан харагддаг байна.

Бараан нүднээс цэнхэр нүдтэй болохын тулд нүдний солонгон бүрхэвчинд байгаа меланиныг зайлуулахад л хангалттай.

Stroma Medical-ын тэргүүн Доктор Грегг Хомер CNN-д ярихдаа “Үнэндээ бараан өнгөтэй нүд бүхний цаана цэнхэр нүд байгаа гэсэн үг. Гол ялгаа нь нүдний гадарга дээрх маш нимгэн пигментын давхарга юм. Түүнийг л авчихвал нүд нь туссан гэрлийн богино урттай долгионыг буцааж ойлгодог болно. Энэ нь бидний хардаг цэнхэр өнгө юм” гэжээ.

Лазераар хийх энэ ажиллагаа нь ердөө 20 секунд болдог. Гэхдээ үр дүн гартлаа хэдэн долоо хоног болно. Учир нь идэвхгүй болсон пигментын давхаргыг хүний бие зайлуулахад ийм хугацаа ордог аж.

Эрүүл мэндэд хор хөнөөл байхгүй ч нүд эргэж бүрэн хэвийн горимд ороход хэдэн жил шаардана гэж судлаачид үзэж байна.

Ийм төрлийн үйлчилгээний эрэлт ч нэлээд байх бололтой. Дэлхийн хүн амын дөнгөж 17 хувь нь цэнхэр нүдтэй. Бас улам бүр ийм нүдтэй хүний тоо хумигдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: IFL Science