Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Алс Дорнод дахь газар өмчлөл Хятадуудын сонирхлыг татаж байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин алс дорнодын бүс нутагт шилжин амьдрах иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх бодолтой байгааг Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ санаа анх ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч, ерөнхий сайдын орлогч Юрый Трутневээс гарсан гэнэ.

Түүний саналаар Алс дорнодын иргэн бүр, мөн тэнд нүүдэллэн амьдрах хүсэлтэй иргэн бүрт нэг гектар үнэгүй газар олгож хувийн аж ахуй эрхлэх боломжоор хангах гэнэ.

Засгийн газар одоогоор Алс дорнодод 614 сая гектар газар өмчилдөг бөгөөд түүнээсээ тодорхой төлөвлөгөөтэйгээр иргэдэд хуваарилах аж.

В.Путин энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа ба энэ оны эхэнд багтан хэрэгжих болох тухай Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка Москва Таймс сонинд ярьжээ.

Алс Дорнод нь байгалийн баялаг ихтэй ч хөгжил сул, хүн ам маш сийрэг суудаг. Алс Дорнодын Холбооны тойрог гэхэд 6.2 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө 6.3 сая хүн амтай тул энэ нь бараг нэг км хавтгай дөрвөлжин талбайд нэг хүн ноогдох үзүүлэлт.

Гэвч энэ 6.3 сая хүний 75 хувь нь хотуудад амьдардаг.

Гэтэл энэ төлөвлөгөө Хятадын цагаачдын сонирхлыг маш их татаж байгаа тухай China Daily сонинд мэдээлжээ.

Тэнд дурдсанаар Хятад цагаачид газрын эздээс газрыг нь түрээслэн хөдөө аж ахуй эрхэлж Оросын Алс Дорнодыг Хятадын гол ногоон хүнс экспортлогч болгох боломжтой гэжээ.

Харин Оросын хувьд Хятад болон бусад орны цагаачид энэ бүс нутагт ихсэхээс ихээхэн болгоомжилж байна.

Үнэндээ Трутневын төлөвлөгөө нь газрыг эзэнтэй болгож Хятад, Япон, Өмнөд Солонгосын компаниуд газар эзэмшихээс сэргийлж байгаад гол зорилго нь оршиж байна.

2020-2030 он гэхэд Алс Дорнодын бүс дэхь хамгийн том үндэстний бүлэг нь Хятадууд болох таамаглал бий. Өнгөрсөн зун ОХУ-ын хилийн албаны хүний хэлснээр 2013 оны эхнээс 2014 оны дунд хүртэл хугацаанд хилээр нийт 1.5 сая хууль бус Хятад цагаачид нэвтэрчээ.

Ийм айдас байгаа ч Оросууд Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэхэд Хятадуудын оролцоог дэмжихээс өөр аргагүй болоод байгаа юм.

Ялангуяа энэ бүсийн дэд бүтцэд Хятадын хөрөнгө оруулалт чухал.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Трутнев Бээжинд айлчилж Алс Дорнод дахь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар санал солилцож талууд үндсэндээ тохиролцсон байна.

Үүнтэй зэрэгцээд Москва Хятадаас хэт хамааралтай болохоос сэргийлж Өмнөд Солонгос руу хийн хоолой, төмөр зам тавихаар Умард Солонгостой яриа хэлэлцээр хийсээр байгаа юм.

 

Эх сурвалж: TheDiplomat