Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дагвадорж: Мод тарина гэдэг нэг төрлийн бизнес боловч хувь хүн төдийгүй улсад хэрэгтэй ажил

Э.Пагма
2015 оны 1 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний нэрлэж заншсанаар Баруунхараагаас хүргэж байна. Дэд бүтэц хөгжсөн энэ суманд хөдөлмөрч ард түмэн олон. Тэр дундаа тариа ногоо, өрхийн аж ахуй эрхлэгч маш их. Тийм ч учраас тус сумын иргэн П.Дагвадоржийг энэхүү булангийнхаа хүндэт зочноор урьж байна. Эдүгээ 70 нас дөхөж яваа ч ануухнаараа тэрбээр жимс, жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо тарихаас гадна зөгийний аж ахуйг Монголд дэлгэрүүлсэн хүн гэж хэлэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Таны хувьд жимс жимсгэнэ, хүнсний но­гоо тарихаас гадна зөгийний аж ахуй эрхэлдэг. Хэзээнээс энэхүү аж ахуйг эр­хэлж эхлэв. Чухам яагаад энэ сал­бар­тай холбогдов гэдгээс ярилц­лагаа эх­лэх үү? 

-Хүн бүрийн хүүхэд нас мөрөөдлийн дунд өнгөрдөг болов уу. Би ч түүний нэгэн адил хүүхэд байхдаа их мөрөөдөмтгий байлаа. Жолооч болохыг хүснэ, гоё чихэр идэх юмсан гэж бодно, гоё тоглоом тоглохыг хүс­нэ.

Хүн бүрийн хүүхэд нас мөрөөдлийн дунд өнгөрдөг болов уу.

Ийм л орчинд би хүн болж өс­сөн. Намайг долдугаар ангиа төгсдөг жил Баян­хонгор аймгийн барилгын техни­кумд хуваарилсан. Гэтэл тухайн үед хоёр ху­ваарь нэмэгдэж ирсний нэг нь Сэлэнгэ айм­гийн Шаамар суманд жимс тарих ху­ваарь байсан. 

Хүүхэд болохоор алим ид­нэ гэдэг маш сайхан санагдаад тэр ху­ваарийг авсан. Ингээд л Шаамарт ирж, цэцэрлэгчин болж суурьшин Сэлэнгэ аймгийн хүн болсон доо. Жимс тарихад Шаа­мар хамгийн тохиромжтой бүс нутаг. Улаанбаатар хотод 1950 оны эхээр Сон­гинод алим тарьж эхэлсэн ч цаг агаар таа­рахгүй учраас Шаамарт жимс тарьж эхэл­сэн. Харин зөгийний аж ахуй эрхлээд 50 орчим жил болж байна. 

-Мэдээж нэг хэсэг энэ салбар хөгжиж байсан ч 1990-ээд оны эхэн үед унал­тад орж, хүн бүр л өөр салбар руу ур­важ байсан шүү дээ. Харин та тухайн үед салбартаа үнэнч үлдэж чаджээ? 

-Миний хувьд Архангай аймгийн уугуул хүн. Шаамараас Баруунхараад ирээд 30 орчим жил болж байна. Хүний нэгэн адил ажиллаж амьдрах гэж л явна. Зах зээ­лийн нийгэмд шилжиж, тухайн үед сан­гийн аж ахуй задарч иргэд ажлын байр­гүй боллоо.

Зарим нь наймаа хийж, ца­гаан ногоон хувьсгал гэж 1990-ээд оны үед юм юм л болж байлаа. Хүн бүр л өөр өөрийн замналаар явсан. Өөрөөр хэлбэл, но­гоочин хүн наймаа хийж, тракторчин нь ногоочин гэх мэт хүн бүр л дор бүрнээ өөрт таарсан ажлаа хийж байсан. 

Хүнд бэрхийг бүгдээрээ адил туулж ирсэн шүү дээ. Миний хувьд 1987 онд Баруунхараад ирж, энэ аж ахуйгаа эхлүүлсэн дээ. Ингэж явсаар 2000 онтой золгосон. Зах зээлийн шилжилт эхлээд хэцүү байсан ч яваандаа хүн орчиндоо дасдаг болсон уу, цаг ч гайгүй болсон уу тэгсхийгээд намжсан. Ингээд азаар 2005 онд НҮБ-ын Даян дэлхийн байгаль орчны сангаас нэг төсөл хэрэгжүүлэхэд нь хамрагдсан даа. 

-Тэгэхээр 2005 оноос таны энэ аж ахуй бүр цэцэглэх эхлэл нь тавигдсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн НҮБ-ын Хөгж­лийн хөтөлбөрийн Даян дэлхийн бай­галь орчны сангийн Жижиг төслийн хө­төл­бөрийн санхүүжилтээр “Хараагийн хи­шиг” төслийг 2005-2006 онд миний бие удир­дан хэрэгжүүлж ажилласан.

Миний хувьд идэр залуугаасаа л уул ус, газар шо­роогоо дээдлэн шүтэж явсны ачаар энэ төсөлд хамрагдан жимс, цэцэрлэгийн талбай байгуулах мөрөөдөл маань биелсэн юм. Ганц надад биш олон хүнд ямар нэгэн зүй­лийг хийж, бүтээх санаа байдаг ч саад бэрх­шээл олон тохиолдож мухардалд орох байдал байдаг шүү дээ. 

Тэгвэл энэ төс­лийн ач буянаар санхүү, оюуны хөрөнгө оруу­лалт авч сумандаа анх удаа 1.9 га бүхий жимс, цэцэрлэгийн талбайтай болсон. Энэ төс­лийн хүрээнд 1.9 га газарт торон хашаа татаж, уурхайн худаг хоёрыг, 6x30 метрийн  хэм­жээтэй хүлэмж барьж байгуулсны зэ­рэгцээ 600 ширхэг улиасны суулгацаар хам­­гаалалтын зурвас хийсэн.

Мөн 1000 шир­­хэг чацаргана, 700 ширхэг үхрийн нүд­­ний суулгацыг цэцэрлэгтээ суулгаж, дав­­жаа алим, агч, үрэл, бөөрөлзгөнө, мо­нос зэрэг 20 гаруй төрлийн мод бут цөөн тоогоор тарьж, төрөл бүрийн модны үрээр үрсэлгээ хийж, бага зэрэг хүнсний но­гоо тарьж байгаа нь одоо сайн ургасан. 

Сүүлийн хоёр жилд 250-400 кг чацаргана, үхэр нүд хурааж авснаа төслийн зорилго биелсэн гэж үздэг юм.

Бид ажлынхаа үр дүнг сумынхаа иргэдэд байнга мэдээлж, сургалт семинарыг үе шаттай зохион бай­гуулс­наар хэдэн жилийн өмнө манай су­мын хэмжээнд нэг өрх хашаандаа ганцхан үх­рийн нүдний буттай байсан бол одоо 70 га­руй өрх хашаандаа их, бага хэмжээгээр жимс, жимсгэнэ тарьж жимсээ хурааж эхэл­­жээ. 

-Ургамлыг амьд гэж хэлдэг шүү дээ. Тийм ч учраас Монголчууд эрт үеэс л ургаж байгаа ногоо, өвсөн дээр ха­маагүй гишгэж болохгүй гэдэг бай­сан. Тэг­вэл таны хувьд тарьж байгаа жимс, ногоо, бут сөөгтэйгөө ярина биз? 

-Ургамал гэдэг чинь амьтай зүйл шүү дээ. Тиймээс амьтай зүйлтэй амьтай мэт харьцахгүй бол болохгүй. Зарим айлд “Эхнэр маань л цэцэг тарьдаг юм” гэж хэлж байгаа ч нөхөр нь тамхины үнсээ цэ­цэг­ний сав руу хийж харагддаг.

250-400 кг чацаргана, үхэр нүд хурааж авснаа төслийн зорилго биелсэн гэж үздэг юм. 

Тэгэхээр тэнд ямар энерги  үүсэх вэ. Цэцэг, жимс, ургамал амьд гэдэг дээр нэг жишээ хэлмээр байна. Ингэвэл хүмүүс илүү ойлгож магадгүй. 1980 оны үед Америкт хүн амины хэрэг гарсан байгаа юм. 

Гэтэл тухайн хэрэг гардаг өрөөнд нэг цэцэг байж, тэр хэрэгтнийг илрүүлсэн байдаг. Гэх­дээ тэр хэрэг ерөөсөө илрэхгүй удаж. Гэ­тэл хэргийг мөрдөж байсан хүн маш сайн сэтгэж, тухайн айлаар орж гардаг бай­сан хүмүүсийг бүгдийг нь нөгөө цэцгийн ха­жуугаар өнгөрүүлсэн байгаа юм.

Зүгээр л жирийн айлаар хүн оруулж байгаа  мэт дүртэйгээр хүмүүсийг өрөөгөөр нь оруулж. Гэтэл нөгөө гэмт хэрэг үйлдсэн хүн цэцэгний хажуугаар өнгөртөл цэцэг дэл­бээгээ хумиж байсан гэдэг. Тэгээд тэр хэ­рэг илэрсэн байгаа юм. Тийм учраас би дээр хэлсэнчлэн амьтай зүйлтэй амьтай л харил­цаж байх учиртай. 

Хүмүүс анх цэцэг, мод тарихдаа залхаж, залхуурч, нэг нүх ухах гэж аахилаад хэцүү төвөгтэйгээр нь дуудаад байвал тэр мод ургахгүй. Тиймээс эхнээс л мод минь сайн ургаарай, цэцэг минь сайхан дэлгэрээрэй гэх мэтээр харилцвал улам л сайхан ургана. Япончууд улиангарыг судалсан байгаа юм. Хүнд шин­гэсэн муу энергийг энэ улиангар өөртөө авч цэвэршүүлдэг нь батлагдсан байдаг. Энэ бүхнийг бид мэдэж байж ашиг шим хүр­тэхээс гадна үүнийгээ дагаад сэтгэл са­наа сайхан байна шүү дээ.

-Цэцэг, ногоо тарина гэдэг амар­гүй ажил. Энэ их ажлыг ну­галах ажиллах хүч мэдээж хэ­рэгтэй. Таны хувьд хэдэн хүүхэдтэй вэ. Таны мэргэжлийг хэд нь өвлөөд байна вэ?

-Зургаан хүүхэдтэй. Тэднээс нэг нь л яг миний энэ ажлыг гар­­даж, үргэлжлүүлж байна. Бу­­сад хүүхдүүдийн хувьд бүгд энэ төр­лийн ажлыг хийж чад­на. Зөгийн бал хураах, жимс жимс­гэнэ, ногоо хураахад бүгд л оролцоно.

Бас нэг охин маань ажил­ладаг, гэхдээ өвлийн улиралд тэд маань хот руу орчихдог. Ха­рин миний хувьд талбайгаа сахиж үлд­дэг дээ. 

-Мэдээж өвлийн улирал бол­лоо гээд зүгээр суухгүй шүү дээ. Одоо талбайдаа ямар ажил хийж байна вэ? 

-Энэ жил урт намар болсон уч­раас 20 орчим машин бууц татлаа. Үүнээс гадна модоо туулайнаас хам­гаална. Ингэхгүй бол тэд арай гэж ургуулж байгаа бут сөөгийг минь үндсээр нь таслаж идэх юм. Тийм болохоор модныхоо заримд нь цаасан хайрцгаар хамгаалалт хийнэ. Мөн тойруулаад тор тат­на. 

Ингэж ойр зуурын ажил хий­сээр гурван сартай золгож, үр­сэлгээний ажил эхэлнэ дээ. Ха­рин хоёрдугаар сарын сүүлчээр модоо тайрна гээд зүгээр суухгүй шүү дээ. Зоргоор нь арзайтал ургуул болохгүй. За­рим нь хэтэрхий өндөр ургахаас гадна хортон шавжинд идүүлэхээс эхлээд засах юм бий шүү дээ. 

-Танай гэр бүлийнхэн зундаа тариалсан зүйлээ эдийн зас­гийн эргэлтэд хэр оруулж байна вэ. Мэдээж энэ бүхэн танай өр­хийн амьжиргаа. Цаашлаад улс орны хөгжилд ч нэмэр болж бай­гаа шүү дээ? 

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол нэг төрлийн бизнес, хувь хүнд тө­дий­гүй улсад ч хэрэгтэй ажил.  Эх­лээд ногоо маань ургах нь бага, талб­ай их байлаа. Харин одоо бол өөр.

Жилд хоёр тонн хүрэхтэй үгүй­тэй жимс хураана. Энэ маань ма­най орлого болно. Дээрээс нь жилд 250-300 орчим литр зөгийн бал авна. Энэ жилийн хувьд нэг кг зө­гийн балыг 25 мянган төгрөгөөр зарж байна. Үүнээс гадна хөгшин бид хоёр тэтгэвэр авна. Ингээд л бид­ний амин зуулгаа залгуулдаг зүйл болж байгаа юм. 

-Таны хувьд аль эрт үеэс зө­гийн аж ахуй эрхэлсэн хүн. Одоо­гоор хэчнээн бүл зөгийтэй бол­сон бэ? 

-Мал өссөнөөрөө бол Монголд багтахгүй болж байх шиг. Малын хэрэглээ хорогдлоос шалтгаалаад 50 орчим сая байх шиг байна. Ха­рин миний хувьд анх өмч хувьчлал боло­ход 135 бүл зөгийтэй байсан.

Тэгээд амьдралын эрхээр энэ тоо цөөрч энэ жил 20 орчим бүл зө­гий­тэй болж. Зөгийндөө хэр хүрч ажиллахаас шалтгаалан зөгийний тоо нь цөөрөх зүйл гарна. Өмнө нь ганцхан зөгийний аж ахуйгаа эрхэлдэг байсан бол сүүлийн үед жимс жимсгэнэ ногоо цагаа гээд сатаарах зүйл их гарснаас үүдэн зөгийний бүлээ цөөлсөн. 

-Танай талбай Баруунхараа­даа төдийгүй улсдаа дээгүүрт ор­дог юм байна. Ийм болохоор танай­хаас туршлага судлах, зөвлөгөө заавар авах хүн олон биз?

-Хүн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Тийм учраас би өөрийн эрхэлж буй аж ахуйн чиглэлээр Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан, Ор­хоноор явсан. Ингэж явахад хүн бүхнээс авах зүйл бий шүү дээ. Үүнээс гадна замаар явсан улс ма­найхаар орж, заавар зөвлөгөө авч, сонирхох зүйл их шүү дээ. 

Мөн манайхаас үржүүлгийн мод, суул­гац авна. Энэ мэтээр дэм дэмэндээ нэг нэгэндээ туслаж явна. Энд нэг зүйлийг хэлэхэд манай энд ногооны аж ахуй жаахан муу болсон гэж хэлж болно. Сүүлийн үеийн хү­мүүс ногоо тарихаас жаахан зал­хаж байх шиг. Энэ нь нэг та­лаар хүмүүс залхуу болсонтой хол­боотой байж магадгүй. Нөгөө тал­даа борлуулалттай холбоотой. Дээ­рээс нь үнэлэмж үнэлгээ гэх зүйл алга. Ногоо тариад үнэлгээ маш муу учраас энэ байдал ч үүсээд байгаа мэт. 

-Таныг Даян дэлхийн байгаль орчны сангийн хүрээнд ойн санг хамгаалах, нөхөн сэргээх аж­лыг хийсэн гэж сонссон юм бай­на?

-Манай сумын анхны ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа “Ха­раа­гийн хишиг” нөхөрлөл най­ман өр­хийн 16 гишүүнтэй байгуулагд­сан.

Голын бургастай 20 га газрыг нө­хөн сэргээх менежментийн тө­лөв­лөгөө гарган сумын ИТХ-аар батлуулж 2009 онд Даян дэл­хийн байгаль орчныг сангийн хө­төл­бөрт хамрагдан 13.5 га газ­рыг хашиж хамгаалан 1000 шир­хэг чацаргана, үхрийн нүдний бут, нөхөн сэргээлтэд бургас, улиас тарьж ойн санг баяжуулж, ур­гам­лын төрөл зүйл байгалийн жа­маар нөхөн ургах нөхцлийг бий болгосон. 

Ингэснээр энд ус­ны амьтан байршиж үржих таа­тай нөхцөл бүрдээд байгаа. Бид мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн хийж байгаа ажлынхаа алдаанаас су­рал­цаж зөвийг нь авч дээр нь энэ төслийн сургалтад гурван удаа хамрагдсанаар өрхийн үйлдвэр­лэл, жимс цэцэрлэгийн талбайд ажил­лах чадвартай боллоо.

Цаашдаа бид сумын төвийн ногоон бүс бол­сон Хараа голын усан сан бүхий газ­рыг хамгаалах, нөхөн сэргээх ажилд бусад нөхөрлөл, иргэдтэй хамт­ран хийнэ.

Хараа голын гүүр ор­чимд замын болон аялагчид түр амрах жимст цэцэрлэгийн тал­бай байгуулах зорилт тавин ажил­лаж байна. Хүн бүр хүрээлэн бай­гаа орчноо хайрлан хамгаалж, баял­гийг нь арвижуулан байгалийн цэ­вэр бүтээгдэхүүн хүртэж байх нь чухал шүү дээ.

Зураг