ДЭЛХИЙН шилдэг их, дээд сургуулийн жагсаалтын эхний гуравт үеийн үед бичигдэж байдаг Массачусетсийн Технологийн их сургууль буюу MIT-ын анхны Монгол төгсөгч гэдгээр бид З.Энхмөнхийг танина.
Мөн тэрбээр олон улсын Эй Пи (AP) хөтөлбөрийг “Сант” сургуульд оруулж ирэн AP хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа юм байна.
Олон улсын стандартад нийцсэн боловсролын хөтөлбөрийг эх орныхоо хөрсөнд буулгахаар, ирээдүйн олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах ажилд өөрийн хүч, хөдөлмөрөө зориулан ажиллаж буй З.Энхмөнх бол “Өглөөний хүн” буланд уригдах ёстой хүндтэй зочдын нэг билээ.
З.Энхмөнх нь Массачусетсийн Технологийн инситутыг компьютерийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгсөж Стэнфордын их сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан юм.
"Өглөөний хүн" цуврал ярилцлагын хамгийн богино хэмжээний ярилцлага магадгүй З.Энхмөнхийнх болж байна (Өнөөдрийн байдлаар).
"Товч бөгөөд тодорхой байх нь илүү зохимжтой", "Би хөтөлбөрөөс өөр зүйл ярихгүй" гэсэн түүний саналыг хүндэтгэн одоогийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийнх нь талаар түлхүү ярилцлаа.
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.
- “Сант” сургуулийн төгсөгч М.Баттүшигийн амжилтын түүх одоогийн залууст их үлгэр болж байгаа. Энэ хүүг MIT-д элсэхэд гол хүчин зүйл болсон нэгэн хөтөлбөрийг “Сант” сургууль дээр хэрэгжүүлсэн гэх юм билээ.
- Тийм ээ.
Хоёр жилийн өмнө MIT-д нэг ангид сурч байсан Тони гэдэг найз маань Стэнфордын их сургуулийн докторын судалгаанаасаа нэг семестрийн чөлөө аван “Сант” сургуульд электроникийн лабораторийн хичээлийг хамтдаа заахаар Монголд ирсэн юм.
Яг энэ үеэр MIT-д электроникийн хичээл зааж байсан профессор өөрийн заадаг хичээлийг цахим хэлбэрээр заахаар болсноо дэлхий нийтэд зарласан. Энэ MIT-ийн хоёрдугаар курсийн цахим хичээлийг сурагчдадаа үзүүлээд, нэмж лабораторийн ажлыг нь харин сургууль дээрээ хийхээр бид хоёр ярилцаад энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн.
Бидний санаачилсан яг ийм хосолсон хичээл дэлхийн олон оронд загвар болон хэрэглэгдэж байгаа. Энэ хөтөлбөрт “Сант” сургуулийн олон сурагч хамрагдсанаас М.Баттүшиг маань дэлхийн 160,000 орчим оюутан, сурагчдыг тэргүүлж, улмаар MIT-д элсэн суралцсан юм.
- Танай сургууль энэ жилээс АНУ-ын ахлах сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн, энэ талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?
- AP (Advanced Placement) хөтөлбөр нь АНУ-ын ахлах ангийн сурагчид сонгон суралцдаг, олон улсын хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийн дагуу ахлах ангийн сурагч өөрийн сонирхолтой хичээлийг илүү гүнзгий судалдаг юм. Их сургуулийн нэгдүгээр курсийн хичээлтэй дүйцэхүйц түвшний хичээлүүд байдаг. Шалгалтаа сайн өгвөл цаашид Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэх боломж илүү нэмэгдэхээс гадна элсэн суралцахдаа тухайн хичээлийн кредитийг тооцуулан суралцдаг.
“Сант” сургууль дээр энэ жил физик, математик, мэдээлэл зүйн хичээлийг AP хөтөлбөрийн дагуу явуулж байна.
- “Сант” сургууль хамгийн олон сурагчтай хувийн сургууль гэж сонсож байсан. Одоо хэчнээн сурагчтай вэ?
- 1300 гаруй сурагчтай.
- Дэлхийд сургалтын олон хөтөлбөр байдгаас яагаад AP хөтөлбөрийг сонгосон юм бэ?
- Бид олон улсын ахлах ангийн олон хөтөлбөр судалж үзсэн.
Хөтөлбөрүүд агуулгын хувьд хоорондоо ойролцоо байдаг. Харин аль хөтөлбөр нь Монгол хүүхдэд илүү тохиромжтой, аль хөтөлбөрөөр суралцаад Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад орох илүү боломжтой вэ гэдгийг судалж үзсэн. Монголын ахлах ангийн сурагчдад хамгийн тохиромжтой нь AP хөтөлбөр гэж үзээд энэ хөтөлбөрийг “Сант” сургуульд хэрэгжүүлж эхэлсэн.
"AP хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжыг би судалж байгаа" З.Энхмөнх
Цаашдаа энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг би судалж байгаа. Яагаад гэхээр энэ хөтөлбөр нь сурагч өөрийн илүү сонирхолтой хичээлээ сонгож суралцдаг.
Ахлах ангид үзэх ёстой бусад хичээлээ сургуулийнхаа хөтөлбөрийн дагуу үзээд л явна. Харин сонгосон хичээлүүдээ олон улсын түвшний дагуу үзэж хавар шалгалтаа өгдөг. Нэг онцлог нь тухайн сурагч нэг AP хичээлээр ч шалгалт өгч болдог, олон AP хичээлээр ч шалгалт өгч болдог. Түүнээс гадна зарим AP хичээлийг 11-р ангидаа, заримыг нь 12-р ангидаа үзэж болно. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийг судлахдаа тухайн сурагч өөрийн ачаалалд тааруулах боломжтой гэсэн үг.
AP хичээлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа сурагчид АНУ-ын элсэлтийн ерөнхий шалгалт болох SAT-ын шалгалтуудад давхар бэлтгэгддэг давуу талтай. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцахын тулд Англи хэлний шалгалтаас гадна Математик, Физик, Хими, Биологи, Дэлхийн түүх гэх мэт SAT-ын шалгалтаас хоёрыг нь сонгож өгөх шаардлагатай байдаг.
- Монгол сурагчид ямар хичээлээр SAT-ын шалгалтаа өгвөл илүү амжилттай байдаг вэ?
- Миний бодлоор Монгол хүүхдүүдийн хувьд математик, физикийн хичээлээр SAT-ын шалгалтыг өгвөл илүү өндөр оноо авах боломжтой байдаг. АНУ-ын их, дээд сургуулиудад элсэн орсон оюутнууд мэргэжлээ ихэвчлэн хоёрдугаар курстээ сонгодог учир мэргэжил харгалзахгүйгээр ямар ч SAT-ын шалгалт сонгож өгч болдог.
- Одоо үеийн залууст дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцах боломж илүү их нээгдсэн гэж боддог. Тэд энэ боломжийг хэр ашиглаж чадаж байна вэ?
- Тэгэлгүй яахав. Биднийг ахлах ангид байх үед Америкийн их, дээд сургуульд хэрхэн суралцах талаар зөвлөгөө өгөх хүн цөөхөн байлаа. Одоо мэдээллийг залуучууд маань интернэтээс олж авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байгаа. Залуучуудад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцахад санхүүжилтийг нь шийдэж өгч байгаа нь маш том боломж.
- Улсын сургуулийн сурагчид дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэхэд гол учирч байгаа бэрхшээл нь юу байдаг бол?
- Манай ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зөвлөх багш нар хэрэгтэй байна.
Их, дээд сургуульд элсэх өргөдөл бөглөх явцад олон асуух зүйл сурагчдад гарч ирдэг. Сургуулиа сонгох, эсээ бичих, өргөдөлд тусгагдсан асуултуудад хариулах, тухайн сурагчийн дүнгийн тодорхойлтыг явуулах гэх мэт ажил байдаг. Энэ ажилд заавал тусдаа хүн байх шаардлагагүй. Тухайн дунд сургуулийн багш, эсвэл сургалтын менежер давхар хийгээд явах боломжтой гэж би боддог.
- Монголын их, дээд сургуулиуд олон улсын жишигт хүрэхэд юу дутагддаг вэ, таны бодлоор?
- MIT, Стэнфорд зэрэг сургуулиудад маш олон судалгааны ажлууд явагдаж байдаг. Энэ судалгаанд нь бакалаврын оюутнууд хамрагдаад явах нөхцлийг бий болгосон.
Ингэснээр тухайн оюутан өөрийн мэдсэн, сурсан зүйлээ юунд ашиглаж болох, цаашид юу судлах хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авдаг л даа. Зарим судалгаа нь үйлдвэрлэлтэй шууд холбогддог. Олон улсын жишигт хүрэхэд, мөн эх орныхоо хөгжлийг түргэтгэхэд манай их, дээд сургуулиуд дээрх судалгааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна.
- Хүүхэд бүр компьютер гээд ЕБС-ийн сурагчдыг жижигхэн, ногоон компьютерээр хангах ажлыг та санаачилж байсан. Энэ хөтөлбөр хэрэгжээд дууссан уу?
- Тийм ээ. 10 мянган зөөврийн компьютерийг АНУ-ын “Хүүхэд Бүрт Компьютер” байгууллагаас Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад үнэ төлбөргүй өгсөн. Амжилттай хэрэгжээд дууссан.
- Та өөрийн эзэмшсэн инженер мэргэжлээрээ ажилласан уу?
- Инженерийнхээ мэргэжлээр ажиллаж байгаагүй.
"MIT төгсөөд мэргэжлээрээ Google, Oracle, Yahoo гэх мэт компаниудад шууд ажиллах боломж байсан"
- Тэгвэл мэргэжлээрээ ажиллах бодол байдаг уу?
- Залуу хүний хувьд инженерийн мэргэжлээрээ ажиллах хүсэл тэмүүлэл бий. MIT төгсөөд мэргэжлээрээ Google, Oracle, Yahoo гэх мэт компаниудад шууд ажиллах боломж байсан. Гэхдээ би ажилд орох өргөдлөө явуулаагүй.
- Яагаад?
- Монголын боловсролын салбарт шийдэх ёстой асуудлууд илүү чухал гэж үзсэн.
- Таныг Дэлхийн Эдийн Засгийн Форумын Глобал Шейперс Нийгэмлэгийн тэргүүнээр энэ жил сонгогдсон гэж байсан. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?
- “Монгол гэр” төслийг манай нийгэмлэгийн гишүүн Г.Бат-эрдэнэ санаачилж, нийгэмлэгээрээ энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль бүрт Монгол гэр авч өгөх юм. Монгол хүүхдүүд маань монгол гэрээ барьж сурах, Монгол гэртэй холбоотой уламжлал, ёслол, зан үйлийг сурахад ач холбогдолтой төсөл болно гэдэгт итгэлтэй байна.
- Монгол залуус дотооддоо биш дэлхийтэй өрсөлдөх цаг ирсэн гэдгийг ярилцлагын зочдоосоо их сонсож байна. Танд ч бас ийм эрмэлзлэл байгаа юм байна. Энэ үйлсэд чинь амжилт хүсье.
- Баярлалаа.
Ерөнхий боловсролын сургуулиудад AP хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр сурагчид, сургуулиуд өөрсдийн сурлага, дүнг ямар хэмжээнд явж байгаагаа олон улстай харьцуулах боломжтой болох юм байна.
Тиймээс боловсролын салбарт олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг улсын нийт сургуульд нутагшуулахаар зорьж байгаа З.Энхмөнхийн ажилд амжилт хүсье.
Өдгөө үйл ажиллагаа олон нийтэд танигдсан "Сант" сургуулийн сурагчдын амжилтын түүхийг бичвэл энд урт жагсаалт болно.
Хамгийн сүүлд л гэхэд олон улсын физикийн олимпиадад тус сургуулийн 16 настай сурагч М.Төгсбаясгалан хүрэл медаль хүртсэн юм. Тус олимпиад нь 18, 19 насны хүүхдүүд өрсөлддөг талбар билээ. Шагналт байранд мөн “Сант”-ын сурагч Б.Бат-Оргил орсон.
Олон улсад Монгол хүүхэд, залуус мэдлэгээрээ өрсөлдөх боломж байна. Монголд төдийгүй дэлхийн голлох хэвлэл мэдээлллийн хэрэгслийн анхаарлыг татаж чадсан М.Баттүшиг олон үндэстний 160,000 орчим оюутан, сурагчдыг тэргүүлж, улмаар MIT-д элсэн суралцсан нь үүний тод жишээ.
Монгол хүүхдүүдэд тохирсон, олон улсын стандартад нийцсэн хичээлийн хөтөлбөрийг сэтгэл, зүтгэлтэй багш, сурган хүмүүжлэгч нар түгээж байвал хэчнээн олон М.БАТТҮШИГ МОНГОЛООС төрөн гарахыг таашгүй юм. Энэ бүгдээ тэгтлээ рекламдахыг хүсээгүй З.Энхмөнхийн даруу занг нь хүндэтгэе.
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА TW - @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!