Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

У.Билгүүн: Би Харвардад сурдаг, зургаан хэлтэй гэж онгирч болох байх. Гэхдээ ...

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 29
iKon.MN
"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

Зуны уйтай ч юм шиг үйл явдал цөөхөнтэй аагим халуун өдрүүдэд сэтгэлийг тань сэргээх нэгэн ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна. 

Саяхан The Center for World University Rankings байгууллагаас дэлхийн шилдэг их сургуулиудыг жагсаасан талаар бид мэдээлсэн. Дэлхийн хэмжээнд шилдэг болсон 25 сургуулийг Харвард бүх үзүүлэлтийг 100 хувь хангаж тэргүүлсэн билээ. 

Олон хүний мөрөөдөл болсон Харвардын их сургуульд хүч хөдөлмөрөөрөө суралцан өдий дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа Уламмандахын Билгүүнийг бид "Өглөөний хүн" буландаа урьж ярилцлаа.

У.Билгүүний блог олон уншигчтай. Гэхдээ түүний блог дээрх "Англи хэл сурах зөвлөгөө"-г iKon.mn сайтад нийтлэхэд 10 мянга гаруй хүн олон нийтийн сүлжээ дэх хуудсаараа түгээж нийт 60 мянга орчим хүн энэхүү нийтлэлийг уншсан байсан нь сэтгүүлч миний хувьд У.Билгүүнээс заавал ярилцлага авах ёстой юм байна гэсэн бодлыг төрүүлж билээ. Хамгийн завшаантай нь ярилцлагын зочин маань энэ өдрүүдэд эх орондоо байж таарсан юм. 

Зургаан хэлээр ярьдаг, өдгөө 20 гарч яваа У.Билгүүний хэвлэлд анх удаа өгч буй дэлгэрэнгүй ярилцлагыг нь хүлээн авна уу.  Магадгүй тэр "Өглөөний хүн" булангийн хамгийн залуу зочин одоогоор болж байна.

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.

ХАРВАРДАД НАДТАЙ НИЙЛЭЭД ДӨРВӨН МОНГОЛ ОЮУТАН БАКАЛАВРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАЖ БАЙНА

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Уламмандахын Билгүүн гэдэг.  Словак улсад төрсөн. Тэндээ 10 орчим жил амьдарч байгаад 2002 онд Монголд ирээд 23-р сургуульд орсон. Түүний дараа наймдугаар ангиасаа “Хобби” сургууль руу шилжсэн. Ингээд сургуулиа төгсөөд Харвардад элсэн суралцаад явж байна. Одоо дөрөвдүгээр дамжаанд суралцдаг. 

- Ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
- Улстөр, эдийн засгаар сурч байна. 

- Харвардын эхний нэг жил оюутнууд заавал мэргэжлээ сонгох албагүй байдаг талаар бичсэн байсан. Энэ нь залууст мэргэжил сонголтоо зөв хийхэд илүү боломж олгодог байх. 
-  Тийм ээ. Хэдийгээр их дээд сургуульд элсэх цаг нь болсон ч насан туршдаа юу хийж амьдрахаа мэддэг залуу хүн ховор байх. Ялангуяа олон төрлийн сонирхолтой хүмүүс их бий. Америкт энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд нэгдүгээр курстээ оюутнууд олон төрлийн хичээл сонгож үзэж байгаад цаашдаа ямар мэргэжлээр суралцахаа шийдэх боломжийг олгодог. 

Миний хувьд ч энэ боломж маш чухал байсан. Яагаад гэхээр би ч бас олон төрлийн сонирхолтой. Яг аль салбараар сурахаа гүйцэд шийдээгүй л байсан. Гэхдээ энэ бүгдээсээ хамгийн их сонирхлыг маань татаж байсан хэл шинжлэлийн хичээлүүдийг түлхүү сонгож үзсэн ч миний мэргэжил биш юм байна гэж ойлгоод улстөр, эдийн засгийг сонгох болсон. 

- Зургаан хэлээр ярьдаг гэж байсан. Яг ямар, ямар хэлтэй вэ?
- Би Словакт төрсөн учраас Словак хэлтэй. Дунд сургуульд байхдаа Англи, Орос хэлийг эзэмшсэн. Харвардад очсон хойноо Франц хэл сонирхон судалж Францад очиж сурсан. Мөн хятад хэлийг хоёр жил судалсан. Нэг зуны амралтаараа Хятадад очиж бас хоёр сарын дамжаанд суусан. Мэдээж энэ хэд дээр Монгол хэл маань нэмэгдээд зургаан хэлтэй гэж бичсэн.  

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

- Америкт тэр дундаа Америкийн шилдэг их, дээд сургуульд суралцах мөрөөдөлтэй залуус их. Тэднээс олон асуулт чиний блогт очдог юм билээ. Тэдэнд хамгийн түрүүнд өгдөг зөвлөгөө юу вэ?
- Олон хүн надаас энэ асуултыг асуусан. Би яг л адилхан хариултаа өгсөөр байсан. Тиймээс би блог дээрээ бичиж эхэлсэн. Одоо хүмүүст миний блогийг уншчихаад ойлгохгүй зүйл байвал надаас асуугаарай гэдэг болсон. 

Гэхдээ энэ ярилцлаганд зориулаад хэлвэл, мэдээж англи хэлний мэдлэг сайн байх ёстой. 

"Багаасаа л өвөө, аав, ээж шигээ болох юм сан гэж хичээж ирсэн" У.Билгүүн 

Англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Хэл сайн байхад сургуульд өргөдлөө явуулах тийм хэцүү зүйл биш. Сургуулийнхаа сайт руу ороод л өргөдлөө бөглөөд явуулчихдаг. Монгол сурагчдад “толгойтой” хүүхдүүд их байдаг. Миний ойлгож байгаагаар тэдэнд  хэлний бэрхшээл л байдаг болов уу. Тэгэхээр над руу хандсан хүмүүст хамгийн түрүүнд англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй л гэж хэлдэг. 

- Чиний бичсэн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх аргыг iKon.mn сайтад нийтэлсний дараа 60 мянга орчим хүн уншсан байсан. Хүмүүс хэл сурахыг ингэж их хүсч байна уу. Эсвэл Харвардад сурдагт болж байна уу?
- Анх Харвардад сурдаг гэхээр Харвардад, АНУ-ын их, дээд сургуульд яаж элсч орох вэ гэсэн асуулт их ирдэг байсан. Харин хэл сурах зөвлөгөөг оруулсаны дараа энэ талаарх асуулт бүр их ирдэг болсон. Тэгэхээр хүмүүст гадаад хэл сурах нь илүү сонирхлыг татаж байх шиг байна. 

- Харвардад одоо хэчнээн Монгол оюутантай хамт сурч байгаа вэ?
- Анх намайг элсэж ороход хоёр Монгол оюутан байсан. Гэхдээ энэ хоёр оюутан АНУ-д сурч байгаад Харвардад элссэн байсан. 

Би Харвардад очсоны дараа блог дээрээ сургуульд хэрхэн элссэн талаараа бичсэн. Түүнээс хүүхдүүд маш их урам зориг авсан. Намайг очсоны дараа жил нь манай сургуулиас (Хобби)  нэг оюутан элссэн. Тэрний дараа жил нь хоёр хүүхэд мөн орсон. Ингээд одоо надтай нийлээд бакалаврын зэргээр дөрвөн Монгол оюутан сурч байна. 

- Үргэлжлүүлээд магистрын зэрэг хамгаалах уу?
- Сургуулиа төгсөөд нэлээд хэдэн жил ажил хийж байгаад магистраар суралцана гэж боддог. Ажлын туршлагатай болж байж магистрт суралцах нь зөв гэж боддог. 

- Ажлын гараагаа хаанаас эхэлнэ гэж боддог вэ?
- Яг хаана ажиллахаа сайн шийдээгүй байна. Туршлага хуримтлуулахын тулд гадаадад ажиллаж магадгүй. Цаашдаа бол Монголдоо ажиллаж, амьдарна гэж боддог. 

- Зуны амралтаараа хийж байгаа ажлаа танилцуулахгүй юу?
- Хоёр байгууллагад дадлага хийж байгаа. Нэг нь “СкайПаать Партнерс” гээд санхүүжилт, стратеги, менежментийн зөвлөмж болон хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг компани. 

Надад ямар нэгэн ажлын туршлага байхгүй учраас мэдээж бүр эхнээс нь буюу туслах ажилтан хийж байгаа. Хоёр дахь газар маань Үндэсний стратегийн хүрээлэн. Сая байгуулагдсан тинк танк байгууллага. Бодлогын хэмжээний судалгаа хийдэг. Судалгаагаа нийтэд хүргээд эрх баригчдад нөлөө үзүүлдэг байгууллага. Энэ байгууллагад би судалгаа хийх ажилд нь туслаад явж байна. 

- Энэ хоёр байгууллагад ажиллахаа хэрхэн сонгов?
- Зун Монголд ирчихээд олон байгууллага судалсан. Ингээд явж байтал “СкайПаать Партнерс”-т ажиллаж байгаа хүмүүс надад их таалагдасан. Нэлээд туршлагатай, мэдлэг чадвартай хамт олон ажилладаг. Манай сургуулийг төгссөн Г.Батзул гэж хүн байдаг юм. Харамсалтай нь энэ байгууллага дадлагажигч оюутан авдаггүй гэж байсан. Харин би захирлыг нь шалгаасаар байгаад уулзаад ярилцлаганд орж эцэст нь намайг ажилд авахыг зөвшөөрсөн. Захирлыг ятгахад тусалсан хүн бол Г.Батзул. Захирал маань өмнө нь “Оюу Толгой” төслийг удирдаж байсан  Камерон Макрей гэж хүн бий. Энэ хүн Үндэсний стратегийн хүрээлэнг байгуулахад оролцож байгаа юм. Надаас энэ төсөл дээр давхар ажиллах уу гэхээр нь би зөвшөөрсөн. 

- Блогийг чинь уншихаар, бас чиний яриаг сонсохоор чи их мэрийлттэй санагдлаа. 
- Аав, ээж хоёр маань ч бас онц сурдаг байж байгаад шалгалт өгөөд өндөр оноо авч Словакт суралцсан гэдэг. 

Би бас өөрийгөө ийм л байх ёстой гэж боддог байсан. Өвөө маань ч гэсэн багадаа их хэцүү амьдралтай байсан ч маш их хөдөлмөрлөж Тээврийн яамны Орлогч сайд хүртэл болж байсан Аюушийн Пүрэвжав гэж хүн бий. Ээж маань өвөөгийн тухай надад маш их ярьж өгнө. Тиймээс багаасаа л өвөө шигээ, аав, ээж шигээ болох юм сан гэж хичээж ирсэн. 

ХАРРИ ПОТТЕРИЙН ЗОХИОЛЧ Ж.РОУЛИНГЭД БИ ҮНЭХЭЭР ТАЛАРХАЖ ЯВДАГ

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяагийн хамт гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

- Багаасаа ном унших дадлыг өөртөө яаж бий болгосон бэ. Үеийнхэнтэйгээ энэ талаар бас ярилцдаг л байх.
- Ном уншихын давуу талыг хүн болгон мэддэг. Оюун ухаан тэлэх, хэл сайжрах гэх мэт. Яг уншъя гэхээр залхуураад эсвэл сонирхолгүй гэж боддог хүмүүс их олон. Би ч бас ном уншдаггүй байхдаа ийм л байсан. 

Гэтэл ном уншина гэдэг заавал нойроо хүргээд л суудаг уйтгартай ажил биш юм. Хүн бүрт сонирхлыг нь татах ном заавал байдаг байх. Өөрийнхөө сонирхлыг татдаг номоо олоод уншина гэдэг яг л кино үзэхдээ адил цагийг зугаатай өнгөрүүлэх арга. Тиймээс ч би хүүхдүүдэд ямар ямар ном уншвал сонирхолтой байх вэ гэдэг дээр зөвлөгөө өгдөг. Яг сонирхолтой номыг нь заагаад өгчихөөр хүүхдүүд номонд их дуртай болж байгаа нь ажиглагддаг. Эхлээд хамгийн сонирхолтой, хялбар номнуудыг уншиж байгаад сэдвээ хүндрүүлээд явбал тохиромжтой. Миний хувьд ном унших тийм ч дуртай биш байх үед Харри Поттерийн цувралууд гарч эхэлсэн. Тэр номыг ямар ч хүн уншсан маш сонирхолтой. Словакт байхдаа Харри Поттерийг авч уншсан. Боть болгоныг дахин дахин уншиж байлаа. Энэ үед Монголд ирж таарсан. Гэтэл тэр үед миний үеийн хүүхдүүд Харри Поттерийн ном байдаг талаар огт мэдэхгүй байсан. Ийм гоё номыг хүүхдүүд мэдэхгүй байсан нь надад харамсалтай санагдаад би Харри Поттерийг Монгол хэл рүү орчуулж хүртэл үзэж байлаа. 

"Ном уншина гэдэг нойроо хүргээд л суудаг уйтгартай ажил биш юм" У.Билгүүн

Тэгэхээр намайг ном унших их далайд хөтөлсөн зохиол бол Харри Поттер байсан. Түүний дараа Бөгжний эзэнг уншсан. Ингээд л бага багаар уншсан. Сүүл рүүгээ хүнд хүнд номнууд уншдаг болсон. 

- Дандаа англи хэл дээр уншдаг гэж ойлгосон. Зөв үү?
- Тийм ээ. 

- Англи хэл дээрх ном уншиж эхлэхдээ хэдэн настай байсан юм бэ?
- 10 настай байсан байх аа. Аав маань намайг ном уншуулна гээд олон сонгодог зохиол авчирч өгдөг байсан ч би нэг их уншдаггүй байсан. Уншъя гэхээр нойр хүрээд л унтчихдаг байлаа. Харин Харри Поттер гарсны дараа Словакт бүх хүүхэд л уншсан. Анх энэ номыг Словак хэлээр уншсан. Харин Монголд ирээд олдохгүй байсан учраас яах аргагүй англи хэл дээрхийг нь олж авсан. Хэдийгээр миний англи хэл муу байсан ч би зориглоод аваад уншсан. Анх би юу ч ойлгодоггүй байсан. Гэхдээ дахин дахин уншсаар байгаад бага багаар ойлгож эхэлсэн.  

Монголд ирээд улсын сургуульд суралцдаг байсан. Улсын сургуульд англи хэл сурна гэдэг надад хэцүүхэн санагдсан. Харин энэ үед англи хэл дээр ном уншаад, кинонууд үздэг байсан маань хэлний түвшин нэмэгдэхэд нөлөөлсөн байх. Харри Поттерийг бичсэн Ж.Роулинг зохиолчид би үнэхээр талархаж явдаг (инээв).

- Ж.Роулингийн тухайд дэлхий дахинд мөрөөдлөө биелүүлсэн үлгэр дуурайл болсон хүн. Өөр дуртай зохиолынхоо тухай ярихгүй юу?
- Дуртай ном гэвэл маш олон. Яг одоо уншиж байгаа нь Даниэль Канеманын “Thinking, Fast and Slow” тархины үйл ажиллагааг тайлбарласан ном байдаг. Даниэль Канеман энэ судалгааныхаа ажлаар Нобелийн шагнал хүртсэн. Тархи хэрхэн ажилладаг талаар маш сонирхолтой тайлбарласан байдаг. Би Харвардад улстөр, эдийн засгаар суралцахын хажуугаар тархи судлал, философийг их сонирхож үздэг. 

- Хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд гадны хэвлэлүүдийг мөн их уншдаг гэж байсан. 
- “New York Times” –ийг англи хэл тийм сайн биш байхдаа хэлээ сайжруулахын тулд уншдаг байсан. Хэцүү үг их олон. Маш удаан уншдаг байсан. Одоо бол хэвлэл унших зорилго өөр болсон. Мэдээж цаг үеийн мэдээлэл авахын тулд уншдаг болсон. 

- Харвардад сурахыг хүссэн болоод англи хэлний талаар зөвлөгөө авч байсан хүмүүс чамайг зорьж очиж уулздаг юм шиг байна лээ. Ихэвчлэн ямар сувгаар чамтай харилцаж байна?
- Блогоор маань их хүн ханддаг. Зорьж ирж уулздаг хүмүүс ч бас байдаг. Нэг, хоёрдугаар курстээ хүмүүст skype-аар хүртэл зөвлөгөөгөө өгдөг байлаа. Мэйлээр маш их асуулт ирдэг. Тэр болгонд нь хариулахыг хичээдэг ч амжихгүй үе бас бий. Фэйсбүүкээр ч асуултууд ирдэг.

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

- Манайд гадаадын их, дээд сургуульд элсэх талаар боловсрол, мэдээллийн олон төв байдаг. Тэд хангалттай ажиллаж чадахгүй байна уу. Чиний блогоос харж байхад их олон хүн чамд хандах юм. Энэ бэрхшээлүүдийг чи анх хэрхэн давж байв. Хэнээс тусламж, зөвлөгөө авч байв?
- Гадны сургуульд хэрхэн өргөдөл явуулах уу. Юу хийх ёстой талаар би ч анх мэддэггүй байлаа. Харин долоо, наймдугаар ангиасаа эхлээд энэ талаар сонирхож эхэлсэн.

Наймдугаар ангид байхдаа сургуулийнхаа гадаад багшид хандаад би АНУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцмаар байна. Гэхдээ би төлбөрийг нь төлөх боломж байхгүй. Мөн би хэрхэн өргөдлөө бичих, яаж хандахаа мэдэхгүй байгаа талаар ярьсан. Харин тэр багш намайг юу юу хийх ёстой талаар зөвлөгөө өгсөн. SAT гэж шалгалт өгөх ёстой талаар хэлээд ямар ямар сайт руу орж судлах, бүртгүүлэх талаар мэдээлэл өгсөн. Ингээд л зуны амралт эхэлсэн. Цаасан дээр бичүүлж авсан сайт руугаа орж, зуны амралтаараа интернэтээр судалгаа хийгээд анхан шатны мэдээллүүдийг олж авсан. Ингээд хамгийн шилдэг сургуульд орохын тулд би юу хийх ёстой талаар судалсан. 

Шалгалт дээрээ өндөр оноо авах, хичээлээс гадуурх олон нийтийн ажилд идэвхтэй оролцох, хичээлийн дүнгүүд маань онц байх ёстой талаар ойлгосон. Тиймээс ес, 10, 11-р ангидаа бүр их хичээсэн. 

Шалгалт дээрээ өндөр оноо авах, хичээлээс гадуурх олон нийтийн ажилд идэвхтэй оролцох, хичээлийн дүнгүүд маань онц байх ёстой талаар ойлгосон. Тиймээс ес, 10, 11-р ангидаа бүр их хичээсэн. 

Үүний хажуугаар АНУ-ын шилдэг их, дээд сургуульд цөөн ч гэсэн Монголоос оюутан элсэн сурч байсан нь надад их урам зоригийг өгсөн. Мөн нэлээд мэдээлэлтэй болсон хойноо Боловсрол, зөвлөгөө мэдээллийн төвийн USAP-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэ төв маш сайн мэдээлэл өгдөг. 

- Хичээлээс гадуурх олон нийтийн ажилд идэвхтэй оролцох нь сайн сургуульд амжилттай элсэх нэг шалтгаан гэдэг. Чиний хувьд энэ тал дээр хэрхэн бэлтгэсэн бэ?
- Манай сургуульд мэтгэлцээний тэмцээн зохиогддог байсан. Үүнд амжилттай оролцоод Катар явж олон улсын мэтгэлцээний тэмцээнд багаараа оролцож байлаа. Мөн НҮБ-аас  нөхөн сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн талаарх тэмцээн зохион байгуулсан. Үүний дагуу найзууд маань хамтарч олон сонирхолтой ажил хийгээд амжилт гаргаад Нью -Йорк явж хуралд оролцож байлаа.  Бас “Улаан загалмай”-н ажилд оролцдог байсан. Сургуулиас зохион байгуулсан бүх л арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээдэг байлаа. Үүн дээр нэмээд мөн олон хичээлээр олимпиадад оролцсон. Математик, англи, орос, монгол хэлний. 

- Харвардад сурч буй төлбөрийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
- Манай сургууль тухайн элсэгчийн гэр бүлийн орлого, чадамжийг хараад тэтгэлэг өгдөг. Харвардад тэнцчих л юм бол чиний өрхийн орлого жилийн 70 мянган ам.доллараас бага байвал бүх зүйлийг нь даачихдаг. 

- Чиний хувьд онгоцны тийзнээс эхлээд бүх зүйл дээрээ тэтгэлэг авсан гэж байсан.
- Тийм ээ. Өвлийн куртка авах хүртэл мөнгө өгч байсан. Байр, хоол, ном, ойр зуурын хэрэглээний мөнгө гээд бүх зүйл тэтгэлэгт нь багтдаг.  Гэхдээ тэтгэлэгийн нэг хэсгийг оюутны кампус дээрээ ажиллаж байгаад олох шаардлага тавьдаг.  

- Чи голцуу ямар ажил хийж байна вэ?
- Профессоруудын судалгааны ажилд нь туслах ажил түлхүү хийдэг. 

- Одоо чиний сурч байгаа сургуулийн төлбөр болоод бусад амьдрах зардал нийлээд 60-70 мянган ам.доллар болж байгаа гэж ойлгож болох уу?
- Болно.

- Монголын элсэлтийн шалгалтын тест маш их алдаатай асуулттай байсан тухай албан бичиг бэлтгэж холбогдох хүмүүс рүү явуулсан талаар блог дээрээ бичсэн байсан. Харамсалтай нь үр дүнг нь би олж уншиж чадсангүй.
- Ямар нэгэн хариу надад ирээгүй. Намайг шалгалт өгч байх үед алдаатай асуултууд байсан. Зарим өгөгдлийг нь хийх боломжгүй дасгал хүртэл байсан. Ногоон график дээрх өгөгдлүүдийн талаарх асуултууд ирсэн байхад харамсалтай нь тест маань тэр чигтээ хар, саарлаар хэвлэчихсэн байх жишээтэй.

 Харвардад тэнцчих л юм бол чиний өрхийн орлого жилийн 70 мянган ам.доллараас бага байвал бүх зүйлийг нь даачихдаг.

TOEFL, SAT бол хамаагүй хэцүү шалгалт ч би хангалттай өндөр оноо авсан. Харин элсэлтийн шалгалт дээр би сайн оноо авсан эсэхээ санахгүй байна. Тиймээс алдаатай асуулт, хариултуудыг нь маш сайн судалж байгаад холбогдох хүмүүс рүү  явуулсан. Харамсалтай нь хариугаа авах гээд очтол чиний өгсөн юм алга болчихсон гэсэн дээ. 

- Харамсалтай юм. Чиний блогийг харахаар чи Монгол хэлэндээ их сайн санагдсан шүү. 
- Баярлалаа. Монгол хэлний олимпиадад ордог байсан.

- Америкт сурахын хажуугаар ажил хийдэг үү. Твиттер дээрээ “Ажил руугаа алхаж байна” гэж бичсэн байсан. 
- Өнгөрсөн зун Харвардын Бизнесийн сургуульд нэг судалгааны ажил хийж байсан. Гурван сар судалгааны ажил хийсэн. Түүнийхээ дараа Энэтхэг явж мөн судалгааны ажил хийсэн. 

МИЧИГАНД ОЙ ДУНД 10 ХОНОГ ҮҮРИЙН 04.00 ЦАГААС ОРОЙНЫ 21.00 ЦАГ ХҮРТЭЛ БЯСАЛГАЛ ХИЙСЭН

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

- “Өглөөний хүн” булангийн зочдоор аливааг санаачлагч, хөдөлмөрч, бүтээгч хүмүүс урьж оролцуулахыг хичээдэг юм. Түүнээс гадна шууд утгаараа өглөө эртэд ажлаа амжуулах дадлыг өөртөө хэвшүүлсэн хүмүүс ихэвчлэн байдаг. Чиний хувьд өглөөгүүр ямар ажил амжуулдаг вэ?
- Миний хувьд өөрийгөө тийм ч эрт босдог гэж боддоггүй. Ажилдаа явахаас нэг, хоёр цагийн өмнө босдог.  Хамгийн түрүүнд тухайн өдрийн хийх ажлаа төлөвлөдөг. Ялангуяа хичээлдээ явж байх үед маш нарийн төлөвлөгөө гаргадаг. Ягштал төлөвлөлт хийхгүй бол зарим зүйлийг мартдаг, амжихгүй байх тохиолдол гарна. Надад цагуудаа тэмдэглэчихсэн хэвлээд гаргачихсан цаас бий. Түүн дээрээ төлөвлөгөөгөө бичдэг. 

Мөн өглөөд бясалгал хийгээд ажилдаа явахаар өдөр маш үр бүтээлтэй өнгөрдөг. Бясалгалаа хийгээд өглөөний цайгаа уугаад л ажилдаа явдаг.

- Хичээлтэй байх үедээ ч ийм давтамжтай байдаг уу?
- Тийм ээ. Өнгөрсөн жилээс бясалгал хийж сурсан. 

- 17, 18 настайдаа Харвардад анх очоод гэрээ санадаг л байсан байх. Олон үндэстний хүүхдүүд дундаас "өөрийгөө олох" гэж олон бэрхшээл туулсан байх?
- Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа юм юманд суралцахаар амжилт гаргаад өөртөө нэлээд итгэлтэй болчихсон байсан. Өөрийгөө гайгүй чадвартай юм байна гэж боддог байлаа. Харвардад очиход тэнд сурч байгаа бүх хүүхэд шилдэг байдаг.  Тиймээс надад бага зэрэг айдас төрж байлаа. Анх хичээл эхлэхэд л сонгож авсан хичээл дээрээ 10 хуудас эссэ бичих даалгавар авсан. Гэтэл Монголд би хэзээ ч ийм даалгавар хийж үзээгүй байсан. Харин найзууд дотор маань арван жилдээ ийм даалгавруудыг хийгээд үзчихсэн нь зөндөө байсан л даа. Ингээд анх мэдэхгүй, чадахгүй зүйл олон тулгарсан. Энэ болгондоо профессоруудаас уйгагүй тусламж авсан. Эхний жил яг л ийм байдалтай өнгөрсөн. Арван жилд надад хэцүү санагддаг хичээл байгаагүй. Даалгавраа ч ямар нэгэн торох юмгүй гялс хийдэг байсан. Харин Харвардад очоод өөрийгөө маш их дайчлах хэрэгтэй болсон. Найзуудаасаа их олон сайхан дадлуудыг олж авч сурсан даа.

- Одоо архаг оюутан болсон биз дээ?
- Одоо нэлээн гайгүй болсон гэж бодож байна.

- Олон орны хүүхдүүдээс сурлагаараа онцгойрч байгаа оюутнууд нь хаанаас ирсэн байх юм?
- Бүгд л сүрхий. Гэхдээ яг нарийн сайн ажиглавал хятад хүүхдүүд зөвхөн хичээл рүүгээ төвлөрч чаддаг. Мөн солонгосчууд сайн.  Гэхдээ бүгд л их сайн даа. 

- Чи яг хэзээ сургуулиа төгсөх билээ?
- Энэ арванхоёрдугаар сард төгсөнө. Уг нь сая төгсөх ёстой байсан. Гэхдээ нэг улирал чөлөө аваад аялж яваад төгсөлтөө хойшлуулчихсан.

- Хаагуур аялав?
- Бостоноос Хавай явсан. Хавайд долоо хоноод Шинэ Зеланд явж бясгалгалд суусан. Мөн 20 гаруй хоног Шинэ Зеландаар явган аялал хийлээ.

- Ганцаараа юу?
- Ганцаараа. Замдаа олон хүнтэй танилцаад маш сайхан аялал байсан. Шинэ Зеландаас Сингапур явсан. Сингапурт нэлээд хугацааг өнгөрөөсөн. Тэнд маш их хүнтэй танилцсан. 

- Аялах дуртай байх нь. Явж байсан газруудаасаа танилцуулахгүй юу?
- Нэгдүгээр курсээ төгсөөд Парист хоёр сар хэлний курст суусан. Энэ хугацаандаа амралтын өдрүүдэд Итали, Испани гээд олон сайхан орныг үзсэн. Харин хоёрдугаар курсээ төгсөөд Бээжинд ирж хоёр сар хятад хэл сурсан. Энэ хугацаанд Хятадын томоохон хотуудаар аялсан. Өнгөрсөн жил Америкийн том хотуудаар аяласан. 

- Аяллын зардлуудаа хаанаас олдог вэ?
- Би өөрийнхөө ажилласан цалингаар хүргэхийг хичээдэг. Үнэхээр боломжгүй үед аав, ээжээсээ тусламж авдаг.

- Хамгийн сайхан аялал чинь юу вэ?
- Шинэ Зеландын аялал юм уу даа. Явган аялал хийгээд явахад байгаль нь үнэхээр сайхан.

- Бясалгалаар яагаад хичээллэх болсон бэ. Юу нь чамайг татсан бэ?
- Хоёр жилийн өмнө гэр бүлийнхэн маань Австралид амьдарч байсан. Тэр үед аав, ээж маань бясалгалын талаар хүмүүсээс дуулсан байсан. Их үр өгөөжтэй талаар нь. 

Тархи судлал буюу шинжлэх ухаан талаасаа бясалгал хийсэн хүмүүсийн ой ухаан сайжрах, оюуны чадамж нь сайжрах, өөдрөг үзэл нь нэмэгдэх зэрэг эерэг хандлагууд гарч ирж байгаа.

Харин би тухайн үед тархи судлалыг сонирхож эхэлж байсан. Үүний дагуу бясалгалыг ч сонирхсон. Америкт бясалгал маш их дэлгэрч байлаа. Тархи судлал буюу шинжлэх ухаан талаасаа бясалгал хийсэн хүмүүсийн ой ухаан сайжрах, оюуны чадамж нь сайжрах, өөдрөг үзэл нь нэмэгдэх зэрэг эерэг хандлагууд гарч ирж байгаа. Тиймээс бясалгалыг бүр их сонирхоод аавыгаа яваад үзээч гэж ятгасан. Харин аав маань үр дүнд нь сэтгэл хангалуун байсан учраас ээж маань бас явсан. Ингээд би өнгөрсөн жилийн тавдугаар сард Мичиган мужид очоод бясалгалд анх удаа суусан. 

Анх явж эхлэхдээ маш их сэжиг төрж байсан. Байр, хоол нь үнэгүй, янз бүрийн тархи угаах шашны зан үйл байх вий гэж нэлээд ажигласан.  10 хоногийн бясалгалын хичээл байсан. Эхний тав хоног би иймэрхүү байдалтай үл итгээд л өнгөрсөн. Ингээд байж байтал зааж байгаа хичээлд нь шашны талаар ганц ч үг байгаагүй. Намайг бас шахсан зүйл огт байгаагүй. Долоо, найм дахь өдрөөс надад үр өгөөж нь мэдрэгдэж эхэлсэн. Санаа, сэтгэл өөдрөг болсон. Хичээл дээрээ маш их стрессд ордог байсан. Маш их хичээлээсээ болоод тэр шүү дээ. Харин тэр стресс юу ч үгүй болсон. Ингээд л гайхамшигтай санагдаад маш их судалгаа уншсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй буюу тархины MRI аппаратаар зураг авахад бясалгал хийсэн хүний тархинд эерэг өөрчлөлт орсон байсан. Тиймээс л бясалгал хийж эхэлсэн.

Анх Мичиганд очиж бясалгал хийхэд ой дунд 10 хоног үүрийн 04.00 цагаас оройны 21.00 цаг хүртэл бясалгасан. Энэ хугацаанд хэнтэй ч ярихгүй, хэний ч нүд рүү харж болохгүй байсан. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан хугацааг өнгөрүүлсэн. 

Шинэ Зеландын бясалгалын төв нь маш сайхан гэж дуулаад энэ орныг зорьсон. Монголд энэ бясалгалын төвийн салбар нь байдаг юм билээ. Энд мөн 10 хоног суусан.

- Чиний бичсэн англи хэлний зөвлөгөөг iKon.mn дээр оруулсаны дараа нэг хүн олон нийтийн сүлжээгээр "Монголд ирээд өөрийгөө Барго гээд өвчигнөөд байх вий" гэж бичсэн байсан. Уншсан байх...
- Тэрийг уншсан (инээв). Аргагүй дээ л гэж бодсон. Би өөрөө биш байсан бол Харвардад сурдаг, зургаан хэлээр ярьдаг гэсэн гарчиг байвал үнэн, худалд нь мэдээж эргэлзэх л байсан. Энэ хүнийг ойлгож байна. 

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин У.Билгүүн, гэрэл зургийг Б.Бямба-Очир, 2014 он

- Хэтэрхий “би” гэх үзлээс ангид байгаасай гэж хүссэн юм уу гэж ойлгосон. 

- Надад бардам зан байхгүй.  Би дэлхийн шилдэг сургууль Харвардад сурдаг, зургаан хэлтэй гэж онгирч болох байх. 

Гэхдээ би яагаад өдий хүрсэн бэ гэж бодохоор өөрийгөө мундагт биш гэж боддог. Харин би их азтай хүн л гэж боддог. 

Багаасаа аав, ээж, өвөөгийнхөө үлгэр дуурайлал дунд өссөн минь том аз завшаан.

"Би өөрөөрөө бардамнах учир шалтгаан бараг байхгүй" У.Билгүүн
 

Бага байхад дэлхийг хамарсан шилдэг зохиол болох Харри Поттер хэвлэгдэж англи хэл сурах, номын гайхамшигтай ертөнцөд хөтөлсөн маань азтай тохиолдол гэж боддог. 

Мөн “Хобби” сургуульд элсэн орж АНУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах талаарх мэдээллийг америк багшаасаа авсандаа бас өөрийгөө азтайд тооцдог. Энэ багштайгаа яг тохиромжтой цаг үед таараагүй байсан бол Харвардад элсэх боломж олдохгүй ч байсан байж магадгүй. 

Би улсын сургуульд сурч байгаад “Хобби”-д орж сурах юм сан гэж бодож байсан ч сургалтын төлбөр байгаагүй. Харин тэр үед "Хобби" сургуулийн захирал хийж байсан н.Цэлмүүн эгч миний олимпиадуудын амжилтын талаар дуулаад тэтгэлэгтэйгээр сурахыг зөвшөөрсөн. Энэ бүгд миний амьдралд учирсан азтай тохиолдлууд юм.

Хамгийн гол нь энэ азтай тохиолдлуудыг алдаагүй өөрөө их хөдөлмөрлөсөн байна гэж найзууд маань үнэлдэг. Үүнд ч өөрийгөө нэг их сүрхий гэж бодохгүй байна. Гэр бүлийн хүмүүжилтэй минь холбоотой. Тэгэхээр би өөрөөрөө бардамнах учир шалтгаан бараг байхгүй.

- Мөрөөдлөөсөө хувцаалцахгүй юу?
- Эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсдэг.  

Мэдээж өөрийнхөө амьдралыг эргэж харахдаа сэтгэл хангалуун, үр бүтээлтэй өнгөрлөө гэж бодохуйц байгаасай гэж боддог. Энэ бол ерөнхий зүйл. Харин нарийн төлөвлөгөө гэх зүйл надад байхгүй байна. Би дөнгөж л сургуулиа төгсөж буй залуу хүн шүү дээ. Ямар ч байсан залуу насандаа бизнесийн салбарт ажиллах төлөвлөгөөтэй. 

Ярилцсан: Ч.Болортуяа - TW: @Bolort

Гэрэл зургийг: Б.Бямба -Очир (mpa.mn)

Ярилцлагын зочин: У.Билгүүн - TW: @BilguunU , Блог: http://www.bilguun.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.