Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг га дахь жодоо, тоорой, жигд, сухай модыг 1.5 сая төгрөгөөр төр худалдаж авна

ikon.mn
2014 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ-ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ -

Мод үржүүлж, тарьж, таримал ой үүсгэн, түүгээрээ орлого олж амьдрах хүмүүс олширч байна.  Энэ сайн үйлсийг дэмжээд өгвөл үр жимс нь дэлгэрэх нь лавтай. Сүүлийн үед төр иргэдийнхээ тарьсан ойг худалдан авах юм байна гэсэн яриа чих дэлсч байна. Чухам ямар учиртайг Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэе. 

- Төр иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас таримал ойг төр худалдан авах боллоо гэдэг үнэн үү?

-Тиймээ. Уг асуудал байгаль орчин, ногоон хөгжлийн болон Сангийн сайдын хамтарсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх” 2013 оны 03-р сарын 29-ний өдрийн А-96/71 тоот журам  тоот хамтарсан журмаар зохицуулагдаж байгаа.   

- Хаана ч тарьж ургуулсан мод, таримал ойг худалдан авах уу? 

-Иргэн болон бусад хуулийн этгээд ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртөгдсөн талбайд мод тарьж ургуулбал төр худалдан авч, улсын ойн санд шилжүүлнэ. Усны ундарга, гол мөрнийн эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ойг ч худалдан авна.  Түүнчлэн хээршилт, цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас, “Ногоон хэрэм”-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ойгоо ч төрд худалдаж болно.

- Дээрх газруудад иргэн хүн өөрөө хөрөнгө гаргаж тарьсан байх шаардлагатай юу?

- Тийм.   

- Таримал ойн талбайг журамд тодорхой заасан уу? Өөрөөр хэлбэл хэдэн га-д мод тарьж байж худалдах вэ?

- Худалдах гэж буй таримал ойн талбайн хэмжээ доод тал нь 0.5 га-гаас багагүй байна.  

- Хэдэн жил тарьж ургуулсан ойгоо худалдаж болох вэ?

- Үр ба тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай ойг худалдаж болно.  

- Ямар бүсэд тарьж байгаагаар нь ялгавартай хандсан болов уу? Говьд амьдардаг хүн мод тарьж ургуулах ч бас шаггүй ажил шүү?

- Тэгэлгүй яахав. Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-гаас багагүй ширхэг мод тарьсан бол та худалдах боломжтой. 

Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-гаас багагүй ширхэг мод тарьсан бол та худалдах боломжтой. 

- 1 га таримал ойг төр хэдэн төгрөгөөр үнэлж авах вэ?

- 1 га таримал ойг 1 сая төгрөгөөр үнэлсэн. 

- Үнэлгээ хямдхан л байна даа? 

- Өмнө нь 1 га таримал ойг 300 000 төгрөгөөр үнэлж байсныг 3 дахин өсгөсөн. Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна.

- Аан тийм үү? Би ямар мод тарьснаас шалтгаалж үнэ нь өөр өөр байх нь ээ?

- Тэгнэ. Модны төрөл, тоогоор  ангилж итгэлцүүрийн үнэ гаргасан. Тухайлбал, жодоо, тоорой, жигд, сухай зэрэг үнэт үйлдвэрийн модны 1 га дахь таримлыг  1.5 сая төгрөгөөр төр худалдаж авна.

Харин 1 га заган ойг 1.4, гацуур, хушин бол 1.3, нарс, шинэс бол 1.2, навчит модон ойг 1.1 сая төгрөгөөр үнэлэн төр худалдан авч, ойн сандаа шилжүүлнэ. Харин цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилготой бут сөөгний 1 га дахь таримал нь  900 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. 

- Ямар бүсэд тарьснаас шалтгаалж бас үнэн нь өөр өөр байх уу?

- Тэгнэ. Тухайлбал, 0.5 га-д ойт хээрийн бүсэд 1300 ширхэг мод тарьсан үнэ тал  хээрийн бүсэд 1100, говь цөлийн бүсэд 900 ширхэг тарьсныхтай адил 1.2 сая төгрөг байна.

0.5 га-д ойт хээрийн бүсэд 1300 ширхэг мод тарьсан үнэ тал  хээрийн бүсэд 1100, говь цөлийн бүсэд 900 ширхэг тарьсныхтай адил 1.2 сая төгрөг байна

Тарьсан модны тоо, аль бүсээс хамаарч өөр өөр байна гэсэн үг. Ойт хээрийн бүсэд 1100, тал хээрийн бүсэд 900, новь цөлийн бүсэд 750 ширхэг мод тарьсан бол 0.5 га-г 1 сая 150 мянган төгрөгөөр худалдаалж болно. 

- Таримал ойгоо худалдахаар бол хамгийн түрүүнд хэнд хандах вэ?   

-Иргэн, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойгоо худалдахаар бол хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана. Засаг дарга болон ойн анги жил бүрийн 8 дугаар сард багтаан иргэний хүсэлтийг тодорхойлолтын хамт  захирамжийн хамт  аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

Аймаг, нислэлийн Байгаль орчны газар нь Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарган таримал ойд тооллого явуулж, чанар, үр дүнг нь шалгаад худалдан авах, эсэх тухай акт үйлдэнэ. Үйлдсэн актаа 9-р сард багтаан БОНХЯ-нд ирүүлнэ.

-БОНХЯ эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болох уу?

-Яам нь аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, актыг үндэслэн худалдаж авах, ойн санд шилжүүлэх асуудлыг жил бүрийн 10-р сарын 20-ны дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон газар дээр нь ажиллуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргуулна. Ер нь бол энэ бүхний эцэст таримал ой, модыг улсын ойн санд хүлээн авсан тухай захирамжийг сум, дүүргийн Засаг дарга гаргана.

-Энд нэг тодруулах зүйл байна. Иргэний хүсэлтийн дагуу таримал ойд тооллого явуулах юм байна? Мод нэг бүрийг тоолох уу?

-Таримал ойд жишиг талбай байгуулан тооллого явуулна. Жишиг талбайн хэмжээг журмаар тогтоосон байгаа. Жишиг талбай дахь бүх модыг нэг бүрчлэн тоолж, амьдрах хувийг тогтооно.

- За баярлалаа. Төр маань иргэдийнхээ тарьсан мод, таримал ойг үнэлж худалдан авч байгаа нь тун сайхан хэрэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. 

-Тиймээ. Төр худалдаж аваад ойн сандаа шилжүүлнэ. Тэр чинээгээгээр Монголын маань ойн сан нэмэгдэж байна гэсэн үг.