Уншиж байна ...

"Нийслэлд Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ"

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Баасан гарагт танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудыг шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Цаашид улсын байгууллагын 20 байршлын 64 зуухыг шинэчлэхэд 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.

Түлшний чанараас шалтгаалан автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдолд нөлөөтэй байгаа учир хүхрийн агууламж багатай Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ.

Харин хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хог хаягдал ангилан ялгах, багцлах үйлдвэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдлыг бутлах үйлдвэрийг энэ  оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна. Ингэснээр 2026 онд нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж, 20.4 хувийг сэргээн ашиглаж эрчим хүч гаргаж, дарж булах хогийн хэмжээг 51.4 хувиар бууруулах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн 7 буудал орчмын ачааллыг 30 хувиар, Жанцангийн уулзварын ачааллыг 50 хувиар тус тус бууруулна.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн жишиг төсөл “Дэд бүтцийн төв”-ийн хүрээнд 201 айл өрхийн янданг буулгаж, авто замын тохижилтын ажлыг шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Бичил дэд төв” төслийн хүрээнд 206 айл өрхийн янданг буулгаж, 988 тонн нүүрсний хэрэглээг хална. Энэхүү ажлын цэвэр, бохирын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл удаашралтай байна" гэлээ.

Геологийн төв лаборатори, Гермес худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ.

Иргэдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөж, цаашид таван дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж.