Уншиж байна ...

"Замын-Үүдийн боомтыг Хятадын тусламжаар барьсан. МАН гийгүүлсэн зүйлгүй мөртлөө баярлалаа гэж хэлэхгүй юм"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

Энэ үеэр тус тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Б.Ганбат "Олон улсын гэрээнд нэгдэх нь чухал асуудал. Ингэснээр дотоодын хууль тогтоомж шиг манай улсад үйлчлэх ёстой гэж ойлгож болох уу. 

Манайх олон улсын зээл тусламж авч байгаа. Маш чанартай зээл тусламжийг хөгжсөн орнууд үзүүлдэг. Жишээлбэл Японы хуурай сүү, цэнхэр автобус манай ард түмний сэтгэлд их үлдсэн. 

Хуучин цагт социализм байгуулна гэж ярьдаг байсан. Олон сайхан үйлдвэрүүдийг социалист системийн орнууд байгуулж өгсөн.

Саяхан Замын-Үүдийн боомтын бүтээн байгуулалтыг Хятадын ард түмний буцалтгүй тусламжийн хүрээнд барилаа. МАН болон Засгийн газар баярлалаа гэдгээ хэлэхгүй юм аа. Дахин дахин баярлалаа гэдгээ хэлж байх ёстой.

Өөрсдөө гийгүүлээд байгаа зүйлгүй мөртлөө гадна, дотны тусламжаар олсон юмыг ил тод зарлаад явах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн тусламж, ирэх зүйл сайн нээгдэнэ гэдгийг анхааруулъя. 

Манай улсын хүмүүс олон улсын байгууллагад ажиллаад эхэлсэн. Олон улсын байгууллагаас гарсан хууль тогтоомжийг бид хэрхэн мөрддөг вэ. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч дахин сонгогдлоо. 

Ноён Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж зарласан. Энэ хүнийг ямар нэгэн газар явж байвал бид барьж өгөх үүрэгтэй юу. Манай улсад айлчилж ирнэ" хэмээн асуулаа. 

Уг асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Үндсэн хуулийн аравдугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт тэр бүр хангалтгүй байна" хэмээн хариулав.