Уншиж байна ...

Харвардын их сургууль хүний арьсаар бүтээсэн номын хавтаснаас салахаар шийджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Харвардын их сургууль өөрийн номын санд хадгалагдаж буй нэгэн өвөрмөц номоос хүний арьсаар бүтээсэн хавтсыг нь салгахаар шийдвэрлэжээ.

“Des Destinées de l’Ame” (Зүрх сэтгэлийн хувь тавилан) нэртэй уг номыг 19 дүгээр зуунд бичсэн бөгөөд 1930-аад оны үеэс тус сургуулийн номын санд хадгалагдах болсон байна.

Харин 2014 онд уг номын хавтсыг хүний арьсаар бүтээснийг шинжлэн тогтоож байжээ.

“Бүх сонирхогч талуудыг оролцуулан анхааралтай, нягт судалсны дараа номоос хавтсыг салгаж, хүний шарилын хэсгийг зохих газарт нь хүндэтгэлтэйгээр шилжүүлэхэд эрх баригчидтай хамтран ажиллахаар боллоо” гэж Харвардын их сургуулийн захиргаа Лхагва гарагт мэдэгдсэн байна.

Сүнсний мөн чанар, үхлийн дараах амьдралын талаар өгүүлсэн энэхүү номыг 1880-аад оны үед Францын зохиолч Арсен Хуссэй бичиж байжээ.

Номын анхны эзэн Францын эмч Людовик Булан өөрийн ажилладаг эмнэлэгт нас барсан эмэгтэй өвчтөний арьсаар хавтаслаж байсан гэнэ. Ингэхдээ өвчтөнөөс зөвшөөрөл аваагүй гэж судлаачид дүгнэжээ.

Тиймээс Харвардын их сургуулийн захиргаа “ёс суртахууны хувьд ээдрээтэй” номын хавтсыг салгахаар шийдвэрлэсэн байна.

“Та бүхний төсөөлж байгаачлан энэ бол бидний хувьд үүссэн ер бусын нөхцөл байдал юм. Бид шийдвэр гаргах хүртлээ маш их зүйлийг олж мэдлээ. Асуудлын гол нь нас барсан өвчтөний арьсны хэсгийг зөвшөөрөлгүйгээр авч, жигшүүртэй зүйл хийсэн эмч, зуу гаруй жил олон хүний гар дамжиж ирсэн номын хавтас хоёрт байгаа юм. Бид тухайн хүний шарилын энэ хэсгийг амраах цаг болсон гэж үзэж байна” гэж Харвардын Хоутон номын сангийн архивч Том Хири мэдэгджээ.

2014 онд номыг хүний арьсаар хавтасласныг илрүүлсэн тухай мэдээг Харвардын захиргаа энэ удаагийнхаас тэс өөр өнгөөр хүлээн авч байсан юм.

Тухайлбал үүнийг “anthropodermic bibliopegy”-ийн ховор баримт хэмээн сайшааж байжээ. Энэ нь 16-аас 19 дүгээр зууныг хүртэл Европ тивд дэлгэрээд байсан номыг хүний арьсаар хавтаслах этгээд ёсыг нэрлэдэг нэр юм.

Харвардын захиргаа энэ удаа 2014 онд гаргаж байсан зохисгүй мэдэгдлийнхээ төлөө уучлал гуйжээ.

“Би Харвардын номын сангийн нэрийн өмнөөс номтой холбоотой өмнө нь гаргасан алдаа, хүний нэр төрийг гутаан доромжилсон үйлдэлдээ хүлцэл өчиж байна” гэж Хири мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian