Уншиж байна ...

"Элэгний Д вирусийн эсрэг интерфероны эмчилгээ хийлгэж байгаа иргэнд групп тогтоодог болсон"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элэгний Д вирусийн эсрэг тариа болон эмчилгээний талаар ЭМ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл өгөв.

Тэрбээр "Элэгний Д вирусээр өвдсөн иргэдийг талцуулах зүйл байхгүй. Олон жил яригдсан эмчилгээг нэг хоногийн өмнө ч болтугай Монголдоо нэвтрүүлмээр байна.

ОХУ болон АНУ-ын үйлдвэртэй санал нэгдэж, хэлэлцээ амжилтад хүрвэл элэгний Д вирустэй иргэд ОХУ-д очиж эмчлүүлэх, АНУ-аас оруулж ирэх тариаг хэрэглэх боломжтой болох юм.

Д вирустэй иргэдийн дийлэнх орлого багатай, тэтгэврээс өөр орлогогүй байна. Тэдний нэг сарын эмчилгээний зардал таван сая төгрөг. Төрөөс уг зардалд анхаарна.

Өмнө нь ЭМЯ-ны ажлыг хэсэг ОХУ-д очиж, хэлэлцээ хийхэд Д вирусийн эмчилгээг хийлгэхэд 160,000-175,000 рубль буюу 7.5 сая төгрөг байна гэж байсан юм. Саяхан тус улсын ЭМ-ийн сайдтай уулзах үеэр эмчилгээний зардлыг бууруулж, нэг сарын эмчилгээг тав орчим сая төгрөг болгохоо илэрхийлсэн.

АНУ элэгний Д вирусийн эсрэг нэг сарын эмчилгээний тариаг 2,500 ам.доллароор нийлүүлэх үнийн санал тавьж байв. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон дундаж цалинтай харьцуулбал тав дахин өндөр гэдэг байр суурийг илэрхийлээд байна.

Ямар нэгэн зуучлалын компани оролцуулахгүйгээр тариаг худалдаж авбал 30 орчим хувиар үнэ буурах хэлэлцээр хийгдэж байгаа.

Элэгний Д вирусийн эсрэг ДЭМБ-ын бүртгэсэн ганц эмчилгээ нь интерферон.

ОХУ Myrcludex эмийг зөвхөн дотооддоо бүртгэсэн. ДЭМБ бүртгээгүй.

Элэгний Д вирусийн эсрэг АНУ-ын Булевиртид тариаг ДЭМБ одоогоор бүртгээгүй. Зөвхөн Европын Холбоо хүлээн зөвшөөрч, хэрэглэж байгаа юм. Булевиртид тариаг жилд 1,000 хүн/тун үйлдвэрлэж байгаа мэдээллийг бидэнд өгсөн нь ханган нийлүүлэлт хязгаарлагдмал.

Иргэдийг АНУ, ОХУ-д эмчлүүлэх боломжийг нээж өгөх бодлого явуулж байна" хэмээн ярилаа.

Элэгний Д вирустэй иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар "Элэг цэвэршүүлж, цөс шингэлэх урсофальк эмийг 120 хоногийн хугацаатай өгдөг болсон. Элэг хамгаалах зарим эмийг ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог болсон. 

Элэгний Д вирусийн эсрэг интерфероны эмчилгээ хийлгэж байгаа иргэдийг группт оруулах асуудлыг шийдсэн" болохыг тэрбээр хэллээ.

ОХУ-ын Буриад улсын эрүүл мэндийн байгууллагатай ирэх долоо хоногт хэлэлцээрийг баталчихвал элэгний Д вирустэй иргэд тус улсад очиж эмчлүүлэх боломжтой болно.

АНУ-аас авах тариаг гаалийн татвараас чөлөөлбөл эмчилгээний зардал буурна. Засгийн газраас эмчилгээний хэдэн хувийг хөнгөлөх шийдвэрийг гаргана" гэв.

Элэгний В, Д вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна. Манай улсад элэгний Д вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарчээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13.5 тэрбум төгрөгийн  9.7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2.3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/430985422641932