Уншиж байна ...

"Нэр дэвшүүлэх эрхийг МАН-ын даргын гараас авч Монголын ард түмэнд өгөх анхан шатны сонгуулийг зохион байгуулах ёстой"

ikon.mn
2024 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МУИС-ийн профессор, Др. Л.Мөнх-Эрдэнийн "Төр засахуй: Нэр дэвшүүлэх эрхийг МАН-ын даргын гараас авч Монголын ард түмэнд өгөх" нийтлэлийг хүргэж байна. 


Монголын ард түмэн эрх, эрх чөлөө, сонгууль, эзэн эрхээ хэрхэн хамгаалах вэ? МАН-ын даргын хуваарьгүй авторитари дэглэмийн санаархлыг хэрхэн тасалдуулах вэ? Хамгийн энгийн арга нь МАН бус бүх намууд, Монголын ард түмэн бүгд хамтран тэмцэх. Ардчилсан хүчний намууд хамтарч ажиллах, болбол нэг эвсэл болох. Ийм Үндэсний Ардчилсан Эвсэл байгуулбал МАН-ын даргын төлөвлөгөөг тасалдуулах төдийгүй ардчиллаа сэргээх боломж ч бүрдэнэ. Ардчиллын шинэ эрин үе ч нээгдэнэ. 

Ардчилал, ард түмний эрх, эрх чөлөө, эзэн эрх, улс орны тусгаар тогтнолд нүүрлээд байгаа аюул заналыг зайлуулах үүднээс зүй нь ардчилсан хүчин хамтарч үндэсний эвсэл байгуулах ёстой. Чухам энэ эрх ашгийн үүднээс хамтрах, эвсэх шинэ ардчилсан арга, хэлбэрийг боловсруулах хэрэгтэй ч байх. Үндэсний нэгдсэн эвсэл байгуулж чадахгүй байсан ч дээрх аюул заналхийллийн өмнө ардчилсан хүчин заавал хамтран ажиллаж, нүүрлээд байгаа аюулыг тасалдуулах аргыг боловсруулах шаардлагатай. 

Монголын ард түмний хувьд эрх чөлөө, эзэн эрхээ хадгалан үлдье л гэж бодож байгаа бол МАН-д саналаа өгч хэрхэвч болохгүй нь ойлгомжтой. Ардчилсан хүчин ядахдаа энэ учрыг ард олонд, сонгогчид хүргэх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч Хүрэлсүх, түүний “багийн” гишүүд Oюун-Эрдэнийн албат болохыг хүсээгүй л бол түүний бүсчилсэн тойргийн санаархлыг тас цохих ёстой. Монголын аймаг, орон нутгууд төлөөллөө алдах л гээгүй бол бүсчилсэн тойргийн эсрэг босох ёстой. 

Гэхдээ асуудлыг нэгмөсөн шийдэх хэрэгтэй, шийдэх хуульчлагдсан арга ч бий болсон. Монголын ард түмний сонголтыг устгах замаар сонгуулийг устгах хүртэлх энэ боломжийг МАН-д олгож байгаа зүйл нь улс төрийн нам хэмээх байгууллагыг Монголд ойлгох ойлголтыг тодорхойлж, биелэл нь болсон улаантны үеэс улбаатай МАН-ын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийг Монголд ойлгох ойлголтыг тодорхойлж, биелэл нь болсон Цэдэнбалын үеэс МАХН-ын явуулж ирсэн сонгууль гэгчийн зохион байгуулалт хоёр. Энэ хоёрыг уламжлалыг бүрмөсөн устгах ёстой. 

1920 онд үүссэн МАН колонийн дайсагнасан дэглэмд үүссэн цэрэгжсэн нууц байгууллага байсан бол, 1921 онд улаантны байгуулсан нь төвлөрөн захирах, шаталсан босоо удирдлагатай дарга, албатуудын захиргааны (bureaucratic) аппарат. Коммунист нам одоогийн МАН болон өөрчлөгдөхөд уг бүтэц, зохион байгуулалт зарчмын хувьд өөрчлөгдөөгүй. Харин ч ардчилсан хүчний намуудад бүтэц, зохион байгуулалтаа халдаасан. Төвлөрөн захирах, шаталсан босоо удирдлага нь эрх мэдлийг дарга, аппаратад төвлөрүүлдэг. Тиймээс ч МАН-ын дарга, аппаратад бүх эрх мэдэл төвлөрдөг, тиймээс ч хэрэг дээрээ чухам энэ аппарат нь нам. Чухам эл учир дарга, аппарат дагасан нам хэмээх бүтцийг, төдийгүй уг аппаратын албан тушаалын шатаар замнах карьер, амьдралын хэв загварыг ч бий болгодог, бөгөөд хүний нөөцийн хувьд хэрэг дээрээ тэд нар нь нам.

"Албан тушаалд дуртай, дуулгавартай, зүтгэлтэй, долигонуур, зусар, бялдууч нар нь тунаж үлддэг аппарат" 

Чухам энэ бүтэц намыг улс төрийн үзэл санаа, зарчмын нэгдэл, улс төрийн үзэл санаа, зарчмын манлайлал дагасан эрх чөлөөт иргэдийн, тэгш эрхт эвлэл бус харин аппарат, аппаратын албан тушаалын шатлалд үүрлэсэн албатын бүлэглэл болгодог. Нэгэнт төвлөрөн захирах, шаталсан босоо удирдлагатай тул үргэлж шат шатны дарга нар албатаа элсүүлдэг учир албан тушаалд дуртай, дуулгавартай, зүтгэлтэй, долигонуур, зусар, бялдууч нар нь тунаж үлддэг аппарат. Энэ нь дээр өгүүлсэн коммунист намын зохион байгуулалтын төрүүлдэг, үржүүлдэг ген. Намын аппаратын карьер нь хэвийн ажил, мэргэжлийн карьер биш харин дарга, эрх мэдэл дагасан карьер байсан тул бүр Зөвлөлтийн үед тэднийг нийгмийн зүгээс аппаратчик, партаппаратчик буюу аппаратчин, намын аппаратчин, карьерист буюу эрх мэдэл, албан тушаал хөөцөлдөгчид хэмээн доромжлон нэрлэдэг байсан нь өнөөгийн Монголын намчин, цүнх баригчид, бөгс долоогчид, албан тушаал хөөцөлдөгчид гэдэгтэй адил юм. МАН-ын энэ бүтцийн улмаас чухам энэ бүлэг нам, намын удирдлага, улмаар улс орны удирдлага болдог юм. Үүнийгээ МАН инститүци, сахилга бат, зохион байгуулалт гэж сайрхах төдийгүй, нийгэм ч түүнд нь төөрөлдөх хандлага байх шиг. 

МАН-ын энэ бүтэц Монголын ардчилсан хүчний намуудын бүтэц, зохион байгуулалтын эх загвар болж өгсөн бөгөөд чухам энэ бүтэц МАН-д бусад улс төрийн намуудыг дээрх байдлаар бусниулах боломжийг олгож байгаа юм. АН-ыг Манан болон С. Эрдэнээр дамжуулан бусниулж байгаа нь үүний тод жишээ. Мөн ШИНЭ, болон Оюунгэрэлийн нам мэт намууд байгуулан задлах боломжийг ч энэ бүтэц, зохион байгуулалт олгож байгаа юм. Үзэл санаа бус, үзэл санааны лидер бус дарга, албан тушаал төвтэй учир, хэн нэгэн улс төрчийг хатган, өөгшүүлж дарга болгон бусниулж болж байгаа юм. Нөгөө талаар үзэл санааны нэгдэл, эвлэл бус дарга, аппаратын захиргааны бүлэглэл тул эрх чөлөө, тэгш эрх, ардчиллын үзэл санааны биелэл болж эвлэсэн АН-д энэ бүтэц огт тохирдоггүй юм. Энэ бүтэц эрх чөлөөт иргэдийн тэгш эрхт, ардчилсан эвлэлтэй угаасаа харш, үл тохирох, тиймээс ч ардчилсан нийгэмд, ардчилсан дэглэмд байх ёсгүй бүтэц. Ардчилсан нийгэмд, ардчилсан дэглэмд ардчилсан бус нам байх ёсгүй! 

Мөн Цэдэнбалын үеэс Монголд шууд сонгууль хэмээх шоуг зохион байгуулах болсон цагаас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (одоогийнхоор дарга), төв аппарат “нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшигчид” гэгчдийг тойрог бүрд хуваарилж, иргэд тэднийг нь баталдаг байсан бөгөөд түүнийгээ сонгууль гэж ойлгодог байв. Цэдэнбалын үеийн сонгуулиас одоогийн сонгуульд шилжихэд энэ зохион байгуулалт хэвээр үлдсэн. Аливаа намын дарга, удирдлага нэр дэвшүүлж, сонгогчид тэднийг нь батлахыг сонгууль гэж ойлгодог. Цэдэнбалын үеийнхээс ялгарах зүйл нь Цэдэнбалын үед ганц МАХН байсан бол эдүгээ олон нам. Аль нэг намын дарга, удирдлагын дэвшүүлсэн этгээдийг батлахаа сонгууль гэж ойлгодог, иргэдийн сонголт аль нэг намыг сонгохоор л хязгаарлагддаг. Үндсэндээ сонгууль гэгч эрх баригчид өөрсдийгөө иргэдээр батлуулах, эрх баригчдаас иргэдийг дайчлах, дээрээс доош чиглэсэн үйл явц болж зуршсан. Чухам иймээс л дээрх нам хэмээх аппаратыг бүрдүүлдэг бүлэглэлийн аль нэгийг батлахаа сонгууль гэж ойлгодог. Дарга нарын, эрх баригчдын сонголт ард түмний сонголт биш, ардчилсан сонгууль биш! 

"Намын бүтэц, зохион байгуулалт болон сонгуулийн зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх ёстой"

Харин ардчилал гэгч эрх чөлөөт, тэгш эрхт хүмүүс өөрсдөө өөрсдийгөө удирдах, засаглах дэглэм бол сонгууль гэгч эрх чөлөөт, тэгш эрхт хүмүүс өөрсдийн дундаас зохих этгээдийг өөрсдөө сонгож, эрх мэдэл олгон, өөрсдийн хэргийг итгэмжлэн эрхлүүлэх явдал. Өөрөөр хэлбэл эрх баригчдаас иргэд рүү буюу дээрээс доош чиглэсэн бус харин доороос дээш буюу иргэд өөрсдийн дундаас эрх баригчдыг сонгох үйл явц. Чухам эл учир ардчилсан нийгэмд улс төрийн нам эрх чөлөөт иргэдийн, тэгш эрхт эвлэл байдаг бөгөөд ардчилсан дэглэмд эрх мэдэл, эзэн эрх ард түмэнд байх ёсны дагуу ардчилсан улс төрийн намд эрх мэдэл, эзэн эрх нь нам нэрийн дор улс төрийн үзэл санаа, зарчмаар эвлэлдэн нэгдсэн иргэдийн гарт байдаг бөгөөд чухам тэд өөрсдийн дундаас өөрсдийн үзэл санаа, зарчмыг илүү сайнаар төлөөлж буй этгээдийг өөрсдөө сонгон дэвшүүлж сонгуульд, ард түмэнд санал болгодог юм. Эл учир эдүгээ оршин байгаа намын бүтэц, зохион байгуулалт болон сонгуулийн зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх ёстой. 

Энэ хоёр асуудлыг бүрмөсөн шийдэх хууль, хуулийн арга зам бий болсон. Уг арга зам нь Улс төрийн намын тухай хуулийн 8-р зүйл буюу “Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх” зүйл. Уг зүйлийн 8.1-д “Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж тэгш боломж олгоно” гэж хууль болгосон. Энэ хуулиар аливаа нам өөрийн удирдах байгууллага, албан тушаал, болон аливаа сонгуульд, ялангуяа УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд, нэр дэвшигчийг тодруулахдаа зөвхөн сонгуулиар, зөвхөн бүх гишүүдийн сонгуулиар явуулах ёстой. Мөн хуулиар намын гишүүн хэн ч намын удирдах байгууллага, албан тушаал, болон аливаа сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд зөвхөн намын нийт гишүүдийн сонгуулах ёстой. 

Яагаад? Яагаад гэвэл аливаа нам намынхаа удирдах байгууллага, албан тушаал, болон аливаа сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход гишүүдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж тэгш боломж олгох хуультай. Ялгаварлан гадуурхахгүй байх, гэхдээ бүр аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломж олгох гэдэг хуулиуд намын гишүүн хэн хүссэн нь саналын хуудсанд нэрээ бичүүлж, намын нийт гишүүдийн сонгуулиар асуудлыг шийдэхийг хууль болгож байгаа юм. Учир нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг заалт хэн нэгэн эсвэл ямар нэгэн субъект, этгээдийг нэр дэвшүүлэх, сонгох, томилох эрхгүй, боломжгүй болгож байгаа юм. Учир нь ялгаварлан гадуурхах гэдэг үйлдэл субъектийг/этгээдийг шаардах. Тиймээс ялгаварлан гадуурхахгүй байхын тулд субъект/этгээд байх ёсгүй. Нэгэн ялгаварлан гадуурхах субъект/этгээд байх ёсгүй учир гишүүн бүр нэрээ саналын хуудсан бичих, гишүүн бүр саналаа өгөх эрхтэй, боломжтой, төдийгүй өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл энэ заалт нь хүссэн гишүүн нэрээ саналын хуудсанд бичиж, бүх гишүүд сонгох замаар дээрх асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй болгож байгаа юм.

Мөн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх хуультай. Аливаа хэлбэрт арьс өнгө, үндэс угсаа, нас, хүйс төдийгүй эрдэм мэдлэг, эд баялаг, эрх мэдэл, албан тушаал бүгд орно гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Аливаа хэлбэрээр ялгаварлахгүй байх цорын ганц арга нь хүссэн нь нэрээ саналын хуудсанд бичүүлж, бүх гишүүд нь сонгох явдал. 

Дээрээс нь бүх гишүүддээ тэгш боломж олгох хуультай. Тэгш боломж гэдэг нь аливаа өрсөлдөөнд ижил, тэгш, шударга боломж хүн бүрийн өмнө нээлттэй байх явдал. Улс төрийн өрсөлдөөн, түүний дотор, аливаа сонгуульд ижил, тэгш, шударга боломж гишүүдийн өмнө нээлттэй байх цорын ганц хувилбар нь хүссэн гишүүн нь нэрээ дэвшүүлээд (саналын хуудсанд нэрээ бичүүлээд) бүх гишүүд нь сонгох явдал. Учир нь гишүүн бүр нэрээ дэвшүүлэх боломжтой байж, гишүүн бүр сонгох боломжтой байж гишүүн бүр нэг буюу ижил саналтай байж л гишүүн бүрд тэгш боломжтой байх болно.

Чухам эдгээр хууль, зарчмын үүднээс ч 8.2-т “намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, болон хяналтын байгууллагыг” (16.1) “бүрдүүлэхдээ” “нууц санал хураалт явуулах” (8.2.1), “гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах” гэж хууль болгосон. 

"Бүх ардчилсан дэглэмүүд анхан шатны сонгуулийг явуулдаг" 

Тиймээс аливаа “нам гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж тэгш боломж олгох” гэсэн хууль нь манай улс төрд АН сунгаа нэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа нэвтрүүлсэн анхан шатны сонгуулийг (primary election) хуульчилсан хэрэг. Эдүгээ дэлхийн бүх ардчилсан дэглэмүүд намын лидерүүдээ ч, улс төрийн сонгуульд нэр дэвшигчдээ ч тодруулахад анхан шатны сонгуулийг явуулдаг. 1920-иод оноос өмнө АНУ-д сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг яг одоогийн Монголд байгаа шиг намын аппарат (party machine) мэддэг байсан бөгөөд тэр нь авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн гол үүр болж байсан юм. Чухам энэ бүтцийн улмаас улс төрийн нам, сонгууль нь гэмт хэрэг, мафийн зэрэг зүй бус бүлгүүдийн нөлөөнд орсон төдийгүй, улс төрийн нам нь ч мафийн шинжтэй болж, төрийн эрх мэдлийг зүй бус ашиг сонирхол олзлох болсон байсан. Чухам тийм учир 1896-1917 онд АНУ-д нийгмийн бүх давхрааг хамарсан улс төрийн томоохон хөдөлгөөн өрнөж чухам авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн уг үндсийг таслахын тулд тэмцэж хийсэн хамгийн гол өөрчлөлт нь аливаа сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг намын аппарат мэддэг байсныг бүрмөсөн халж анхан шатны сонгуулиар шийддэг болсон явдал. 

Анхан шатны сонгуульд хүссэн намын гишүүн саналын хуудсанд нэрээ бичүүлж, намын бүх гишүүдийн сонгуулиар нэр дэвшигчийг тодруулдаг. Анхан шатны сонгууль нь хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг. Хаалттай сонгуульд тухайн намд бүртгэлтэй, эсвэл тухайн намыг дэмждэг гэж мэдэгдсэн хүмүүс сонгуульд оролцдог. Хамгийн олон санал авсан этгээд нэр дэвшигч болдог. Нээлттэй сонгууль тухайн тойргийн бүх иргэд сонгуульд оролцдог. Өрсөлдөгчдийн нэрсийг үсгийн дарааллаар бичих бөгөөд намын харьяаллыг нь зарим мужид бичдэг байхад, зарим мужид бичдэггүй. Нэгэнт сонгууль нэг мандаттай тойргоор явагддаг тул хэрвээ хэн нэгэн өрсөлдөгч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авбал тэр тойрогт дараагийн шатны сонгууль явуулах шаардлагагүй болдог. Анхан шатны сонгуульд хүссэн иргэн нэрээ бүртгүүлэх боломжтойгоос гадна, хүмүүс хүссэн хүнийхээ нэрийг ч бичиж санал өгч (write-in vote) болдог. Анхан шатны сонгууль нь нэр дэвшүүлэх эрхийг намын гишүүд, ард түмний гарт шилжүүлдэг учир намыг, сонгуулийг, улс төрийг гүн гүнзгий ардчилдаг юм. Чухам энэ сонгуулийг дээрх заалт хуульчилсан юм. Энэ эдүгээ Монгол улсын хууль, нам бүр дагаж мөрдөх ёстой, Монголын төр ч даган мөрдүүлэх ёстой.

Энэ хууль гараагүй байхад АН анхан шатны сонгуулийг өөрөө сайн дураараа зохион байгуулдаг байсан. Гэвч Улс төрийн намын тухай хууль гарснаар анхан шатны сонгууль улс төрийн намын хэрэг биш, харин төрийн хэрэг, Монголын төр дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх ёстой хууль. Тиймээс нэр дэвшигчдийг тодруулах анхан шатны сонгуулийг Монгол улсад сонгуулийг зохион байгуулдаг төрийн алба болох Сонгуулийн Ерөнхий Хороо зохион байгуулах ёстой. Монголын төр энэ хуулийг дагаж мөрдүүлэх ёстой. Мөн “аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж тэгш боломж” олгох хуулийг хэрэгжүүлж сонгуулийг “нууц санал хураалт явуулах” замаар хийх ёстой. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 21.2-т “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргахыг” сонгууль гэж Үндсэн хууль болгосон гэдгийг ч нэмж онцлох байна. Монголын улс төрийн намууд бүгд шаардаж Монголын төрөөр тус хуулийг даган мөрдүүлэх ёстой. 

Нэр дэвшүүлэх эрхийг МАН-ын даргын гараас авч Монголын ард түмэнд өгөх нь Монгол дахь нам, сонгуулийг ойлгох ойлголтыг ч бүрмөсөн өөрчилж намыг эрх чөлөөт иргэдийн улс төрийн үзэл санаа, зарчмын тэгш эрхт эвлэл болгож, сонгуулийг эрх чөлөөт иргэд өөрсдийн дундаас өөрсдийн үзэл санаа, зарчмын илүү сайнаар төлөөлж буй этгээдээ өөрсдөө сонгон дэвшүүлж сонгон эрх мэдлээ түшүүлэх үйл явц болгон өөрчлөх болно. Энэ өөрчлөлт нь улс төрийн өрсөлдөөний тавцанд өөрийн монополыг тогтоох гэсэн МАН-ынх шиг үйл ажиллагааг бүрмөсөн тасалдуулж, Монголын улс төрийн бүх намд төдийгүй бүх иргэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй, тэгш боломжтойгоор улс төрийн сонгуульд оролцох боломж олгоно.

Учир нь анхан шатны сонгууль нь нэр дэвшүүлэх эрх мэдлийг энэ утгаараа улс төрийн намын гол эрх мэдлийг намын дарга, аппаратаас салгаж намын гишүүдийн, иргэдийн, ард түмний гарт өгч байгаа хэрэг юм. Ард түмэн нэр дэвшүүлж байгаа нөхцөлд сонголтгүй сонгууль бий болгох боломжгүй. Чухам энэ нөхцөлд Монголын ард түмэн эзэн эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, улс орныхоо эзэн байх бөгөөд тэр хэрээр Монгол улсын тусгаар тогтнол хангагдаж, хамгаалагдах болно. Чухам энэ нөхцөлд л Монголын аливаа намууд эх оронч төдийгүй тусгаар тогтнолын нам байх болно. Яагаад гэвэл Монголын ард түмэн хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зовохыг, хар гэртээ хаан, бор гэртээ богд байхыг эрхэмлэдэг билээ.