Уншиж байна ...

"10 аймагт ДЦС барих төслийн хэрэгжилт сайн үр дүнд хүрэхгүй, гүйцэтгэгч компанитай маргаантай байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад БНСУ-ын ЭКСИМ банкны зээлээр 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байгаа. Үнэ нэмэгдэхтэй холбоотойгоор төслийн ажил хойшилжээ. Гэрээний дагуу ДЦС-уудыг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулах ёстой. Гэтэл барилгын ажил 50%-тай байгааг чуулганы хуралдааны үеэр хөндөв.

Энэ талаар ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн "БНСУ-ын ЭКСИМ банкны зээлээр 10 аймагт ДЦС барих төслийн хэрэгжилт сайн үр дүнд хүрэхгүй, гүйцэтгэгч компанитай маргаантай байгаа.

Солонгосын гүйцэтгэгч компанийн ерөнхий захирлын орлогч Монгол Улсад ирж, ажиллаж байна. ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг тус компанитай хэлэлцээр хийж байгаа. Үнийн өсөлтийг ирэх сарын эхээр тохирохоор болж байна. Үнийг 64 сая ам.доллароор нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм.

Есөн аймагт ДЦС барихад 110 сая ам.долларын санхүүжилттэй байгаа. Төслийн магадлалын зардалд багтаагаад нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Аймгуудын ДЦС 2024 оны долдугаар сард ашиглалтад орох ёстой ч амжихгүй. Энэ онд багтаан ашиглалтад оруулах шаардлагыг тавина" хэмээн мэдээлэв.

Төсөл хэрэгжсэнээр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд одоо ажиллаж байгаа хоцрогдсон технологийн 300 гаруй усан халаалтын зуух, хамааралтай схемтэй халаалтын системийн оронд орчин үеийн 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем ашиглалтад орох юм байна.

зураг