Уншиж байна ...

ПАРИС 2024: Эммануэль Макрон олимпын үеэр гал зогсоохыг уриалав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины TCH сувагт өгсөн ярилцлагадаа олимпын үеэр гал зогсоохыг хоёр талаас хүссэн тухайгаа ярьжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас олимпын хөдөлгөөнийг дэмжих үүднээс дайсагнагч талуудыг гал зогсоох санал гаргасныг дэмжиж байгаагаа Э.Макрон онцолсон юм.

Энэ сарын 19-21-ний хооронд болох Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ОХУ-ын тамирчдыг олимпод яаж оролцуулах талаар тодорхой шийдвэр гарна. Ямар ч шийдвэр гарсан дагаж мөрдөх болно гэж Францын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Э.Макроны уриалгын хариуд ОХУ-ын Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Францын талд сануулжээ. 

Харин В.Путинээс энэ талаар лавлахад "Энэ мэдэгдлийн талаар мэдээлэл аваагүй байна. Бид ямар ч асуудалд ОХУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавина" гэж мэдэгдэв.

 

Эх сурвалж: Inside The Games