Уншиж байна ...

Ц.Батсүх: Хугацаа уртсах тусам өгөөж өсдөг нь хөрөнгө оруулалтын сангийн маш том давуу тал

ikon.mn
2024 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Ирээдүйн Өсөлт ХОС-ийн хараат бус гишүүн Ц.Батсүхтэй ярилцлаа.

- Монголд Хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа эрхлэхэд нэлээд сорилттой тулгарч байна. Шалтгаан нь юундаа байна вэ?

- Монголд хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани хоёрын аль аль нь шинэлэг зүйл байна л даа.  Хөрөнгийн зах зээлд үүсэж хөгжөөд 30 орчим жил болох хугацаанд жижиг хөрөнгө оруулагч бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломж муу байсан гэх шалтгаан бий. Харин хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголт гарч ирснээр байдал өөрчлөгдсөн. Олон жижиг хөрөнгө оруулагч нийлж далайцтай зүйл хийх боломж бүрдсэн сайн талтай. Банкны систем, энэ системийн хууль эрх зүйн орчин мөн  л 30  гаруй жил хөгжиж байна. Хөгжлийн түүх нь хөрөнгийн зах зээлтэй адил хугацаанд яригдах ч хөгжлийн хувьд хөрөнгийн захтай зүйрлэх аргагүй цойлчихсон. Банкны систем дангаараа эдийн засгийн 90 орчим хувийг эзэлж байна шүү дээ.

- Тийм шүү. Хөрөнгийн оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш л хөрөнгийн зах зээл амь орж байна...?

- Гэхдээ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль арваад жилийн өмнө батлагдсан ч анхны хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаад дөрөв хүрэхгүй жил болж байгаа. Ийм богино хугацаа өнгөрсөн гэхэд “Мандал”, “Ард”, “Инвескор” зэрэг томоохон санхүүгийн групп компаниуд Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, олон мянган хөрөнгө оруулагчтай болсон нь олзуурхууштай.

Хөрөнгө оруулалтын санг мэргэжлийн түвшинд удирдах, нөгөө талаас хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг түүчээлж хөгжүүлнэ гэдэг амаргүй даваа. Энд нэг зүйлийг онцолъё. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эрхзүйн орчин Монголын эдийн засгийн орчинд тохиромж муутай байгаа нь нэг том сорилт болсон. Гэхдээ яг энэ сорилттой холбоотой асуудлаар хамаарал бүхий журамд өөрчлөлт оруулан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчинд үүсээд буй сорилтыг шийдэж яваа гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс мэргэжлийн компанидаа итгэх нь л хамгийн том хувь нэмэр гэж хэлмээр байна.

Хөрөнгө оруулалтын сангийн тусламжтайгаар зөв төсөлд хөрөнгө оруулж чадвал урт хугацааны дараа оруулсан мөнгөө маш өндөр хувиар өсгөж хүртэх боломжтой.

- Хөрөнгийн зах зээлд Хөрөнгө оруулалтын сан яг ямар үүрэгтэй талаар тодруулж хэлж өгөөч?

- Би түрүүн хэлсэн дээ, Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн, том хэмжээний тоглогч тал хэрэгтэй байна гэж. Хөрөнгийн зах зээлийн түүхийн өнгөрсөн 30 жилд тоглогчид байгаагүй гэж хэлж болохгүй. Байсан. Ийм хэр нь яагаад хөрөнгийн зах зээлийн хөгжилд том нөлөө үзүүлсэнгүй вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Хариулт нь маш тодорхой. Зөвхөн хувь хүмүүс дан дангаараа оролцдог байсан юм. Тийм учраас системд нөлөө үзүүлэх хувь, хэмжээ нь бага байсан хэрэг л дээ. Харин жижиг хөрөнгө оруулагчид олноороо нэгдээд бизнесийн асуудлуудыг шийдвэл үзүүлэх нөлөө, далайц нь асар  өндөр байдаг. Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч тал байх нь эерэг нөлөө ихтэй гэж тайлбарлаад байгаа минь цаанаа ийм учиртай.

- Хөрөнгө оруулалтын санг иргэд банкны хадгаламж мэтээр ойлгож байна л даа. Энэ хэр зөв, хэр бодитой ойлголт вэ?

- Хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгээс эхлэх ёстой байх. Хөрөнгө оруулалт гэдэг бол ирээдүйн үнэ цэнд одоо төлж байгаа мөнгө. Энэ мөнгийг төрөл бүрийн хэлбэрээр хийж болдог. Банкны хадгаламж бол эрсдэл багатай, амласан өгөөжөө байнга өгдөг онцлогтой. Харин хөрөнгө оруулалт бол тодорхой хэмжээний эрсдэлтэй. Түүнийгээ дагаад өгөөж хүртэх боломж нь нэмэгддэг. Банкны хадгаламжаас илт өндөр хувийн өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын сангийн тусламжтайгаар зөв төсөлд хөрөнгө оруулж чадвал урт хугацааны дараа оруулсан мөнгөө маш өндөр хувиар өсгөж хүртэх боломжтой.

- Мандал Ирээдүйн Өсөлт сангийн ТУЗ-ийн зүгээс Хөрөнгө оруулалтын санд хэрхэн хяналт тавьж, ажилладаг вэ?

- ТУЗ буюу Төлөөлөн Удирдах Зөвлөл нь сангийн үйл ажиллагаанд сар болон улирал тутамд хяналт тавин ажиллаж байгаа.  Сангийн үйл ажиллагаа зорилтод түвшинд байгаа эсэх болон бусад хяналтыг тогтмол тавихаас гадна шаардлагатай үед ТУЗ-ийн зүгээс  хөндлөнгийн хяналт оруулж, дүгнэлт гарган санд чиг үүрэг өгч ажилладаг.

- Хөрөнгө оруулалтын сан хувьцаат компани шиг  ногдол ашиг тараах нь зөв үү? Ер нь Хөрөнгө оруулалтын сан хувьцаат компаниас ямар ялгаатай байдаг юм бол?

- Хувьцаанд хөрөнгө оруулсан хүн хоёр төрлийн байдлаар өгөөж хүртэх боломжтой. Нэгдүгээрт, үнийн өсөлтөөс, дараах нь компанийн жилийн өгөөжөөс хүртэх боломж байдаг. Хувьцаат компани бол тухайн жилдээ хуралдаад ногдол ашиг тараах уу, үйл ажиллагааг өргөтгөх үү гэдгээ шийддэг. Гэтэл хөрөнгө оруулалтын сан гэдэг бол орж ирсэн хөрөнгийг санхүүгийн хөрөнгөд байршуулан өгөөж хийдэг. Товчхондоо хувьцаат компани шиг өөр төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олохоос өөр ойлголт. Хөрөнгө оруулалтын сангийн  өгөөж нь зөвхөн сангийн тэлэлт болон үнэт цаасанд байршуулсан өгөөжөөр л хязгаарлагддаг. Хөрөнгө оруулалтыг сангийн хувьд хугацаа уртсах тусам өгөөж нь өсдөг тул хаагдах үедээ өгөөжөө авах нь илүү зөв байдаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.