Уншиж байна ...

Хасын Хүлэгүүд баг Үндэсний дээд лигийн найм дахь аваргын цомоо өргөлөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лиг анх удаа 13 багтайгаар таван сарын турш үргэлжилж 2023-2024 оны улирлын аваргаа тодрууллаа. 

Эрэгтэй лигийн аваргын төлөөх Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багийн цувралын сүүлийн тоглолт өнөөдөр "UG Arena"-д боллоо.

Тус тоглолтод Хасын Хүлэгүүд баг 81:67 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсоноор цувралыг 4:1 болгож, аваргын цом өргөх эрхтэй болсон юм. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн түүхэнд найм дахь аваргын цомоо өргөж, 500 сая төгрөгийг эзэд боллоо. 

Мөн тус аваргын цувралын үнэ цэнтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн тоглогч Дивайн Майлс тодров. Тэрбээр аварга авсан сэтгэгдэлдээ "Би нэгдүгээр сарын дунд үеэр багтайгаа нэгдсэн. Тиймээс багтайгаа уусах нь нэлээд урт хугацааны аялал байлаа. Мөн А.Азбаяр бол миний хамгийн сайн хамтрагч байлаа. 

Би талбай дээр хүссэн бүгдийгээ гаргасан. Энэ лиг надад маш их таалагдаж байгаа. Би дараа жил буцаж ирээд дахин нэг аварга авна. Манай багийн дэмжигчид миний гэр бүл" хэмээн ярилаа. 

Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын финалд шалгарсан Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багуудад Азийн Аваргуудын лигт оролцох эрхтэй. Тус тэмцээн нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 3-7-нд манай улсад зохион байгуулагдах юм.