Уншиж байна ...

ПАРИС 2024: ОХУ олимпыг бойкотлохгүй гэж мэдэгдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Tass

ОХУ-ын спортын сайд Олег Матыцин Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа Оросын зүгээс олимпыг бойкотлох арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ сарын 19-нд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны чуулган болох юм. Энэ үеэр ОХУ-ыг олимпод яаж оролцуулах, нээлтийн ёслолд тамирчдыг нь орох эсэхийг эцэслэн шийдэхээр төлөвлөж буй.   

Энэ талаар "Орос улс олимпод оролцох ёстой. Энэ сарын 19-нд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл шийдвэрээ гаргасны дараа бид дотоодын хурлаа хийж хэрхэн оролцохоо шийднэ. Одоогоор бол олимпыг бойкотлох ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй" гэж О.Матыцин онцолсон юм. 

Олон Улсын Паралимпын Холбоо (ОУПХ)-ноос ОХУ-ын тамирчдыг нээлтийн ёслолд оролцохыг хориглосон шийдвэр гарсны дараа оросууд олимпод оролцохгүй гэж цуурхал тархсаныг О.Матыцин ор үндэслэлгүй зүйл гэв. 

Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсны дараа О.Матыцин бүх спортын холбоотойгоо хуралдана. Ингээд хэдэн тамирчныг олимпод оролцуулахаа шийднэ гэж төлөвлөжээ. 

О.Матыцин өнгөрсөн сард Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандсан. ОУОХ-ны Орост авсан хоригийг цуцлах талаар заргалдсан боловч ялагдсан юм. 

 

Эх сурвалж: TASS