Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын шүүхээс хөлбөмбөгчин Квинси Промест зургаан жилийн хорих ял оноов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Inside The Games

ОХУ-ын "Спартак Москва" клубийн довтлогч Квинси Промест Нидерландын шүүхээс зургаан жилийн хорих ял оноолоо. Өдгөө 32 настай К.Промесыг 1,363 кг хар тамхийг Бразилаас Нидерланд руу зөөхөд гар бие оролцсон гэж үзсэн юм.

Уг хар тамхийг 2020 онд Бельгийн Антверп хот дахь боомтоор оруулжээ.

Цагтаа Нидерландын шигшээд зүтгэж явсан К.Промес ид үедээ нутгийнхаа "Аякс" болон Испанийн "Севилья" багт данстай байв. 2021 оноос "Спартак Москва"-гийн тоглогч болсон.

Амстердам хотын шүүхээс түүнийг баривчлах тушаал гаргасан ч ОХУ-аас шилжүүлэн авах оролдлого нь амжилт олоогүй. Тиймээс шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй аж. 

Гэхдээ Нидерландын шүүх үүнийг үл харгалзаж нотлох баримтад үндэслээд хорих ял оноохоор болжээ. Түүнийг нэр алдраа ашиглаж хар тамхины наймаанд гар бие оролцсон нь бүрэн нотлогдсон гэж шүүхийн тэмдэглэлд бичсэн юм. Хөлбөмбөгчин эрийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд давж заалдахаа мэдэгдсэн.

К.Промес шүүхээс ял авч буй анхны тохиолдол нь энэ биш. Өмнө нь үеэлээ хутгалж хүзүүний зүүлтийг нь дээрэмдсэн хэрэгт нь 18 сарын ял өгсөн ч ОХУ-ын талаас шилжүүлж өгөхөөс татгалзсан юм.

К.Промес Улбар шаруудын төлөө 50 тоглолтод оролцож долоон гоол оруулсан. Тэрбээр "Евро 2020"-д улсынхаа өмсгөлтэй тоглож байсан бөгөөд цар тахлын дараа шигшээдээ дахин дуудагдаагүй. 

 

Эх сурвалж: Inside The Games