Уншиж байна ...

ЭМГЭНЭЛ: Лувсанцэрэнгийн Чулуунбаатар (1939-2024)

ikon.mn
2024 оны 5 сарын 9
ikon.mn
зураг
 

Лувсанцэрэнгийн Чулуунбаатар

(1939-2024)

Бидний хайрт аав Лувсанцэрэн овогтой Чулуунбаатар 2024 оны 5 сарын 8-нд бурхны орныг зорьж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бидний аав Лувсанцэрэн овогтой Чулуунбаатар нь Сүхбаатар аймаг, Халзан сумын 5-р баг, Шүүт хэмээх газар 1939 онд төрсөн. 1957 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэйгээр төгсөж, 1962 онд ЗХУ-ын Москва хотын “Нефть Хийн Аж Үйлдвэрийн Дээд Сургууль”-ийг Инженер Механикч мэргэжлээр, 1975 онд МАХНТХ -ны Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Аав маань Монголын анхны нефтийн мэргэжилтэн болон төгсөж ирээд эх орныхоо нефть боловсруулах үйлдвэрт эзэмшсэн мэргэжлээрээ ажлын гараагаа эхэлсэн юм.

1962-1978 онуудад Зүүнбаянгийн “Нефть боловсруулах үйлдвэр”-т Инженер механикч, “УБ хотын нефть хангамжийн төв бааз”-д Ерөнхий инженер, “Тээврийн эрдэм шинжилгээний институт”-д Нефть ба авто аж ахуй, зураг төсвийн товчооны даргаар тус тус ажилласан. 1979-1987 онуудад “Үнэ стандартын улсын хорооны хүнд үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 1983 оны сүүлчээр хүндээр өвчилж, 1984 онд тахир дутуугийн тэтгэвэрт орсон.

Бидний аав сэтгэлийн хат, биеийн хүчин чармайлтаараа өөрт тохиосон хүнд өвчнөө даван туулж, дахин хөдөлмөрлөж эхэлснээр 1986-1989 оны хооронд Төмрийн заводын зохион бүтээгч техникчээр ажиллах хугацаандаа төмрийн заводын хаягдал төмөр хуванцар материалыг ашиглан хоршоо байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж, 1990-1996 он хүртэл үр бүтээлтэй ажиллажээ. Ингээд 1996 оноос НХТБаазад гал хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байгаад 2001 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Аав минь өөрийн ухамсарт амьдралаа улс эх орныхоо төлөө, ялангуяа эзэмшсэн мэргэжлийнхээ мэдлэг чадвараараа салбартаа манлайлан ажилласан байдаг. Аавынхаа шинээр санаачлан хэрэгжүүлсэн үр бүтээлтэй ажлуудаас товч дурдвал:

  • 1968 онд МАХН-ын Төв Хорооны хурлаас дэвшүүлсэн улсын байгууллагуудын давхардсан орон тоог бууруулж, зардал хэмнэх ажлын хүрээнд улсын хэмжээнд ажиллаж байсан 300 гаруй ШТС-ын ажлын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх ажлыг санаачлан, өөрийн саналыг тээврийн яамны удирдлагуудад танилцуулснаар ажил хэрэг болгон нэвтрүүлжээ. Тус ажлын хүрээнд жилдээ 168 сая төгрөгийн хэмнэлт гаргасан нь Тээврийн Яам, МАХН төв хорооны шийдвэрийг сайн биелүүлсэн, шинэ санал санаачилга гаргасан, бодит үр дүнтэй хэрэгжүүлсэн хэмээн удаа дараа үнэлэгдсэн байна.
  • ШТС-ын засварын ажилд агрегатын ажлыг нэвтрүүлэх санаачилгыг гарган, тоног төхөөрөмжийн засварт зогсох хугацааг багасгаж, засварын зардлыг хэмнэх, үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.
  • ШТС-уудад алсын удирдлагын автоматжуулалтыг нэвтрүүлэх санаачилга гарган, техник эдийн засгийн тооцоог хийж, ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах эхлэлийг тавьсан байна.
  • НИК компанид ажиллаж байх хугацаандаа ажилчдын техник мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулах, гал хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн сургалтыг явуулах зориулалтын кабинетыг бий болгосон.
  • Энэхүү кабинет нь зөвхөн нефть хангамжийн байгууллагын ИТА болон ажилтнуудад төдийгүй МУИС-ийн “Нефтийн факультет”-ийн оюутнуудад, мөн Налайхын уул уурхайн техник мэргэжлийн сурагчид багш нартайгаа ирж хичээллэх боломжийг олгосон чухал хэрэгцээт ажил болсон байна.
  • “Тээврийн институтын зураг төслийн товчоо”-ны дарга байхдаа өөрийн мэдлэг туршлагад үндэслэн Монголд анх удаа өөрсдийн хүчээр нефть бааз, ШТС-ын зураг төслийг гүйцэтгэн, стандартчиллыг нэвтрүүлсэн нь Увс, Ховд, Говь-Алтай болон Өвөрхангай зэрэг олон аймгуудад хэрэгжсэн байна.
  • Аав маань улс ардын аж ахуйг шатах тослох материалаар тасралтгүй хангах, хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, түгээх үед баримтлах аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг хангах онол практикийн стандартжуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
  • Мөн “Төмрийн завод”-д зохион бүтээгч инженерээр ажиллаж байх хугацаандаа нимгэн төмрийн эсгүүрийг шинэчлэн талбай ашиглалтын ашигт үйлийн коффициентыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь оновчтой саналаар батлагдан үйлдвэрлэлт амжилттай нэвтрүүлжээ.

Бидний аав мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ нам, захиргаа олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, цехийн МАХН-ын зохион байгуулагч, Октябрь дүүргийн МАХН-ын хорооны гишүүн, хурлын депутат зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан байна.

Аавын минь хөдөлмөр зүтгэлийг албан газар, салбар, төр засгаас өндрөөр үнэлж:

  • НИК Петровис-ын 80 жилийн ойн медаль
  • Ардчилсан Намын Эх Орон медаль
  • Монголын Хөдөлмөр Хамгааллын Удирдах Зөвлөлөөс “Хөдөлмөр хамгааллын тэргүүний инженер” цол медаль
  • Ардын хувьсгалын 30, 50, 60, 70 жилийн ойн медалиуд
  • Салбарын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг
  • Алтангадас одон шагналуудаар шагнагдаж байсан.

Хайрт аав минь хүний халамжит хань, үр хүүхдүүддээ сайн аав, ажилдаа чадварлаг мэргэжилтэн, салбартаа манлайлагч, шинийг санаачлагч, шилдэг инженер, бусдын төлөөх сэтгэлтэй сайхан эр хүн байлаа. Таныгаа бид зүрх сэтгэлдээ үүрд дурсан санах болно.

Та минь үр хүүхдүүд бидэндээ эргэн төрөх ерөөл өргөе! Таны минь эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай.

Ум сайн амгалан оршиг.

Цэнгэлт овогт Лувсанцэрэнгийн Чулуунбаатарын үр хүүхдүүд нь

2024 оны 5 сарын 8