Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

МҮБХ: Ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг сэргээгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. 

Тус мэдээлэл үнэн эсэх талаар Монгол Үндэсний Бөхийн Холбооноос тодруулахад "Ёс зүйн болон допингийн зөрчил гаргаад буй нэг ч бөхийн барилдах эрх сэргээгүй. Дүрэм, журмын хүрээнд ажиллаж байгаа" гэв. 

Үүнтэй холбогдуулан ёс зүйн болон допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд буй бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна. 

Ёс зүйн зөрчил гаргаж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд:

  • сумын заан Г.Ганбат нэг жил, (давсан бөхөө санаатай өвдөглөсөн),
  • улсын заан Б.Серик нэг жил,
  • аймгийн заан Т.Батсүрэн нэг жил, (барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан),
  • сумын заан Б.Мөнх-Эрдэнэ давтан зөрчлөөр хоёр жил, (хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч хоёр бөхийн нүүр рүү шанаадсан),
  • аймгийн начин М.Балжинням гурван жил, (Өрсөлдөгч бөхөө унасан дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон),
  • аймгийн арслан Т.Сүрэнжав 1,5 жил, (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан) тус бүр барилдах эрхээ хасуулаад байна. 

Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу зөрчил илэрч барилдах эрхээ хасуулсан бөхчүүд:

  • улсын харцага Ц.Мөнхбаяр дөрвөн жил, 
  • аймгийн арслан Б.Өсөхбаяр дөрвөн жил,
  • улсын арслан Э.Оюунболд найман жилээр эрхээ хасуулсан ажээ. 

Барилдах эрх нь түдгэлзсэн болон хариуцлагын хугацаа дууссан бөхчүүд: 

  • аймгийн начин Д.Урианхай өрсөлдөгч бөхөө барилдааны явцад цохисонд зургаан сараар эрхийг түдгэлзүүлсэн. Дахин хэлэлцэж илт санаатай биш үйлдэл гэж үзэн хоёр сар болгож бууруулсан,
  • сумын заан М.Баасан өрсөлдөгч бөхөө цохисон,
  • улсын харцага Ш.Уламбаяр барилдааныг зогсоосон үед  учраа бөхийг араас нь өргөж нидэрч дарсан,
  • аймгийн заан О.Баяржаргал өрсөлдөгч бөхөө цохисон зэрэг үйлдэлд авсан хариуцлагын арга хэмжээний хугацаа дууссан байна.